1900-1234 info@transdep.mn
2017.12.15

АВТОТЭЭВРИЙН САЛБАРТ ИННОВАЦИ НЭВТРҮҮЛНЭ

Автотээврийн салбарт инноваци шингэсэн дэвшилтэт тоног төхөөрөмж нэвтрүүлэх, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, иргэн аж ахуйн нэгжүүдийн шинэлэг санал, санаачилгыг дэмжих зорилго бүхий “Инноваци Автотээвэрт” өдөрлөг зохион байгуулагдлаа.

 

Монгол Улсад Инновацийн тухай хуулийг 2012 онд батлагдсан. Гэвч хуулийг дагалдан гарах 19 журмыг өнөөг хүртэл батлаагүй байгаагаас үүдэн инновацийн хөгжлийг дэмжих гол хууль хэрэгжихгүй өдийг хүрсэн байна. Тиймээс УИХ дахь Инновацийн үйл ажиллагааг дэмжих лобби бүлэг дээрх журам болон холбогдох бусад хуулийн төслийг боловсруулж батлуулахаар ажиллаж байгааг УИХ-ын гишүүн Н.Учрал өдөрлөгийн нээлтийн үеэр хэллээ. Тэрбээр, “Монгол Улсын эдийн засгийг хөгжүүлэхэд төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд, иргэд “эх оронч худалдан авалт” хийдэг байх ёстой. Өөрөөр хэлбэл, дотооддоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг хэрэглэх нь эдийн засгаа хөгжүүлэх, инновацийг дэмжих гол алхам юм” хэмээв.

 

Автотээврийн салбарт тулгамдаж буй олон асуудлыг шийдвэрлэхэд хувийн хэвшлийн байгууллагуудын инноваци шингэсэн дэвшилтэт технологи бүхий үйлдвэрлэл, үйл ажиллагаа чухал нөлөөтэй гэдгийг ЗТХ-ийн дэд сайд Б.Цогтгэрэл онцлов. Зам тээврийн салбарыг хөгжүүлэхийн төлөө инноваци шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдтэй нягт хамтран ажиллахаа илэрхийлсэн юм.

 

“Инноваци гэдэг бол аливаа салбарын тэргүүлэх чиг үүрэгтэй үйл ажиллагаа юм. Автотээврийн салбарт инноваци буюу шинэ бүтээл, оновчтой санал нь социализмын үед хүртэл зохион байгуулагддаг байсан . Хамгийн сүүлд 1988 онд зохион байгуулагдсан бөгөөд түүнээс 30 орчим жилийн дараа дахин автотээврийн салбарын инноваци зохион байгуулагдаж байна.  Бидний энэ өдөрлөгийн зорилго бол нийгэмд үүсээд байгаа автотээврийн салбарын инновцийн бүтээлүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах үр өгөөжийг дээшлүүлэх,  дотоодын зохион бүтээгч инженер, техникийн ажилчдын манлайлыг хангах мөн зам тээврийн аваар ослыг бууруулах чухал ач холбогдолтой” гэдгийг Автотээврийн үндсэний төвийн Судалгаа хөгжил, чанарын удирдлагын төвийн ахлах мэргэжилтэн А.Батчулуун онцоллоо.

 

Өдөрлөгт авто тээврийн салбарт үйл ажиллагаа эрхлэгч төрийн болон хувийн хэвшлийн 32 аж ахуйн нэгж оролцож, бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулж байна. Тухайлбал, “Алтан оршихуй” группын “Монгол эко дизель” бүтээгдэхүүнийг дурьдаж болох юм. Аюултай хог хаягдал буюу техникийн тосыг дахин боловсруулж гаргадаг энэхүү түлшийг “Алтан оршихуй” групп 2012 оноос евро-4 стандартад нийцүүлэн үйлдвэрлэж эхэлжээ. Өнгөрсөн хугацаанд нийт 4 сая литр техникийн тосыг дахин боловсруулсан байна. Энэ нь 280 сая ам дөрвөлжин талбайг аюултай хог хаягдлаар бохирдохоос хамгаалсантай тэнцэх үзүүлэлт юм. Нэг литр түлшийг 1500 төгрөгөөр борлуулдаг бөгөөд Багахангай дүүрэгт байрлах үйлдвэрээсээ шууд түгээлт хийдэг аж.

 

Мөн “Хас систем” компани автомашины их гэрлийг шилжүүлэх автомат төхөөрөмжөө танилцуулав. Улсын хэмжээнд гарч буй зам тээврийн ослын дийлэнх нь шөнийн цагаар буюу холын гэрлээ шилжүүлээгүйгээс үүдэн гардаг байна. Тиймээс ослын тоог бууруулах зорилгоор тус компани автомашины их гэрлийг автоматаар шилжүүлэх төхөөрөмж бүтээсэн бөгөөд худалдаанд гаргахад бэлэн болжээ. АТҮТ, ЗЦА зэрэг мэргэжлийн байгууллагуудаар шалгалт хийлгэж, оюуны өмчийн гэрчилгээгээ авсан бөгөөд 10 гаруй автомашинд туршилтаар суурилуулсан нь 2 жилийн турш тасралтгүй ажиллаж байгаа аж. Тиймээс бүтээгдэхүүнээ нэг жилийн баталгаатай, 45 мянган төгрөгөөр борлуулахаар төлөвлөсөн байна.

 

Түүнчлэн “Улаанбаатар смарт карт” компани нийтийн тээврийн үйлчилгээний төлбөр төлөх “U money” ухаалаг систем, “Эрдэм денвир оюун ухаан” компани хот, улс хоорондын зорчигч тээврийн үйлчилгээний тасалбар түгээх автомат машин, “Mongol Rubber” компани хаягдал дугуйг дахин боловсруулан үйлдвэрлэсэн явган хүний замын хавтан, “Механик тээврийн сургууль” бага оврын бүрэн цахилгаан машин, өргөгч хүчний гурван гадаргуйт нисгэгчгүй нисэх аппарат, “Монголын үндэсний их сургууль” цахилгаан автомашин гэх мэт бүтээгдэхүүнийг  танилцууллаа.

 

Тус өдөрлөг нь инновацийн төслүүдтэй танилцах болох семинарын үйл ажиллагаа гэсэн хоёр үндсэн хэсэгтэй бөгөөд семинарын үйл ажиллагааны хүрээнд БСШУЯ-аас “Төрөөс инновацийн талаар баримталж буй бодлого, хэрэгжүүлэлт”, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас “Патент, түүнийг эдийн засгийн эргэлтэд оруулах” мөн Канад улсын UNITERRA төслөөс “Инновацийг эдийн засгийн эргэлтэд оруулах” зэрэг сэдвээр илтгэл тавьж нийт оролцогч иргэд, ААНБ-уудад мэдээлэл, зөвлөгөө өгсөн юм.

                                                                                                                              

Дуудлага худалдаа эхлэхийг та
мэдсэн үү?

УЕА шинэ серийн 387 онцлог дугаарын дуудлага худалдаа 4 сарын 18-наас 5 сарын 12 хүртэл ажлын 19 хоногийн турш үргэлжилнэ.