1900-1234 info@transdep.mn
2017.12.20

Ш.Батсайхан: Гашуунсухайтын боомтод тээвэр төлөвлөлтийн программ нэвтрүүлнэ

Өнгөрсөн зунаас эхлэн Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтоор нүүрс тээвэрлэж буй автомашинуудын дараалал 120 километрт хүрч, нэг удаа хилээр гарахдаа арав гаруй хоног зарцуулдаг хүнд нөхцөл байдал үүссэн. Тиймээс үүссэн нөхцөл байдлыг арилгахаар холбогдох байгууллагууд нэлээд олон ажил хийжээ. Тухайлбал, өдөрт тээвэр хийх автомашины тоог гаргаж, цагийн хуваарийн дагуу хилээр гаргах шинэ программ нэвтрүүлэх гэж байгаа юм байна. Уг программ болон боомтын одоогийн нөхцөл байдлын талаар Автотээврийн үндэсний төвийн дэд захирал Ш.Батсайхантай ярилцлаа.

 

-Гашуунсухайтын боомтын одоогийн нөхцөл байдал ямар байгаа вэ?

-Хятад Улсын талаас нүүрс авах хэмжээ багассанаас хамаарч Гашуунсухайтын боомтод автомашины урт дараалал үүссэн. Үүссэн нөхцөл байдлыг арилгахын тулд Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар нар тухайн орон нутагт ажиллаад ирсэн. Үүний дараа Засгийн газрын хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэж, уурхайг түр хугацаанд зогсоож, тээвэр зохицуулалт хийх шийдвэр 320 дугаар тогтоолоор гарсан.

Уг тогтоолын хэрэгжилтийн хүрээнд Автотээврийн үндэсний төв тээвэр төлөвлөлтийн ажлуудыг хийж байгаа. Өнгөрсөн онд ч тээвэр төлөвлөлтийн нэлээд ажил хийсэн. Тухайлбал, энэ боомтод манай байгууллагатай албан ёсны гэрээ хийсэн 2,030 тээврийн хэрэгсэл байсан. Албан бусаар 5,700 тээврийн хэрэгсэл тээвэрт явж байсан. Тиймээс бид энэ асуудлыг цэгцэлж, бүгдтэй нь албан ёсны гэрээ байгуулсан. Одоо 7,800 тээврийн хэрэгсэл гэрээгээр ажиллаж байгаа. 

Бид өмнө нь уурхайн ажлыг зогсоож, нэгдсэн программаар тээвэр зохицуулалт хийх шаардлага байгааг холбогдох яаманд удаа дараа бичгээр хүргүүлсэн. Тэд тухайн үед асуудлыг шийдвэрлээгүй ч гэсэн одоо шийдэхээр бэлтгэл ажлаа хангаж байна. Одоо уурхайн ажил зогссон байгаа. Автомашины цуваа 120- 63 километр болж буурсан. Бидний тооцож байгаагаар тээврийн хэрэгслүүд гурав хоногт хилээр гарч дуусна.

Үүний дараа Засгийн газрын 320 дугаар тогтоолын дагуу уурхайгаас Цагаад хад, Цагаан хадаас гааль гэсэн шугамаар тээвэрлэлт хийнэ. Үүнийг урт, богино эргэлт гэж нэрлээд байгаа юм. Уртын урт буюу уурхайгаас шууд гааль руу гардаг шугамаар тээвэрлэлт хийхээ больсон.

-Өнгөрсөн долоодугаар сараас эхлэн автомашины дараалал үүсэж эхэлсэн. Энэ хугацаанд танай байгууллага ямар ажил хийсэн, цаашид юу хийхээр төлөвлөж байгаа вэ?

-Өнгөрсөн зургаадугаар сард хилээр өдөрт 1,300-1,600 тээврийн хэрэгсэл гардаг байсан учир түүнд тохируулж тээвэр зохицуулалтаа хийдэг байсан юм. Харин тээврийн хэрэгслийн тоо нэмэгдэж, Хятад Улсын талаас нүүрс авах хэмжээ багассан учир бид Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд тээвэр зохион байгуулалтын ажилд оролцож, туслахыг хүссэн албан тоотыг удаа дараа явуулсан. Бид албан бичгийг автомашины дараалал 50, 60, 80 километрт хүрч байхад явуулж байсан.

Дараалал бүр нэмэгдэж байсан учир уурхайн ажлаа бага болгохыг хүссэн. Гэвч энэ нь нэг талаас хамаарах ажил биш. Байгууллага хоорондын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах шаардлагатай байсан. Тиймээс Автотээврийн үндэсний төв төрийн байгууллагуудын хоорондын уялдаа холбоог сайжруулах зорилгоор Гаалийн хяналтын бүсүүд, Хил хамгаалах ерөнхий газар, тээврийн компаниудтай удаа дараа уулзаж, тээвэр зохион байгуулалтын ажлыг хийсэн.

Тухайлбал, гаалийнхан болон хил хамгаалах газрынхан мэдээлэл солилцдог нэгдсэн систем рүү шилжинэ. Хоёрдугаарт, тээвэр төлөвлөлтийн программ хийсэн. Энэ нь өдөрт нүүрс худалдан авах хэмжээг гаргаж, хэдэн тээврийн хэрэгсэл явахыг тооцож программд оруулснаар хаана, хаанаа ажил хөнгөрөх юм. Энэхүү программ шилжих ажил одоогоор хэрэгжээгүй байгаа. Яагаад гэхээр тээврийн компаниуд авто аж ахуйн системээр үйл ажиллагаа явуулахгүй байгаа юм.

Өөрөөр хэлбэл, тээврийн хэрэгсэл болон жолооч нараа хянаж, ажлыг нь зөв зохицуулж чадахгүй байна. Тиймээс тэнд манай байгууллагаас ажлын хэсэг ажиллуулж байгаа. Дотоодын хууль тогтоомжийг мөрдөөгүй, жолоочийнхоо нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал зэргийг төлөөгүй, цалин хөлсөө тогтмол өгөөгүй аж ахуйн нэгжүүдийг шалгаж байгаа.

-Гурав, дөрөв хоногийн дараа уурхайн ажил эхлэх юм байна. Тэгэхээр дахиад л урт дараалал үүсэхгүй юу?

-Нэгдүгээрт, тээвэр төлөвлөлтийн программ руу шилжинэ. Хоёрдугаарт, Цагаан хадны гаалийн хяналтын 14 бүс дээр нүүрсээ буулгана. Богинын шугамаас өдөрт 500 автомашин гарсан бол дараагийн өдөр 500-г нь гаргана. Хил дээр 20,30 автомашин үлдсэн бол автомашиныхаа тоог нэмэх бололцоо үүснэ. Тиймээс гаалийн хяналтын бүсүүд гадна талбайгаа засаж байгаа. Дээр нь Цагаан хадны хяналтын бүсэд нэг цэгийн үйлчилгээний байр барьж байна. Тэнд 14 хяналтын бүсээ дэлгэцээр хянадаг, лацаа авдаг, бүрдүүлэлтээ нэг дороос авдаг болгож байгаа юм. Тэр байрыг энэ долоо хоногт барьж дуусна.

-Тээвэр төлөвлөлтийн программаа нэмж тодруулахгүй юу. Тээврийн төлөвлөлт хийхээс гадна ямар ач холбогдолтой вэ?

-Энэ программыг уурхайгаас гадна Гаалийн хяналтын бүсүүд ашиглана. Уурхайгаас өдөрт ачих нүүрсний даацаа тодорхойлно. Үүний дараа нүүрс тээвэрлэдэг компаниуддаа хувааж, тээвэрлэлт хийлгүүлэх юм. Тухайн уурхайн өдөрт 1,000 автомашин нүүрс гаргах бол тээвэрлэлтийн компаниуддаа хуваарилж өгнө. Компаниуд нь тухайн өдөр тээвэрт гарах автомашины улсын дугаарыг программд оруулна. Ингэхдээ цаг бүрт нь жагсааж бичнэ. Цагийн хуваарийн дагуу автомашинууд явна.

Төлөвлөлтөд орсон ч саатал гарч очоогүй тээврийн хэрэгслийг солих эрх нь компаниудад байгаа. Гаалийн хяналтын бүсүүд тухайн өдөр тээвэрт явахаар бүртгүүлсэн автомашинуудыг хянаад л сууж байна гэсэн үг. Бид богино эргэлт дээрээ 1,500 тээврийн хэрэгсэл явуулахаар төлөвлөж байгаа. Зарим нь Цагаан хадны шалган нэвтрүүлэхээс нүүрсээ зөөж байхад, зарим нь уурхайгаасаа, хэсэг нь замдаа явж байхаар цагийн хуваарьтай зохицуулалт хийж байна. Программ ийм ач холбогдолтой.

Мөн Автотээврийн үндэсний төвөөс энэ жил автомашинуудад GPS суулгахыг гэрээндээ оруулж байгаа. Хот доторх тээврийн хэрэгслийг хянаж байгаа шиг тэнд тээвэрт явж байгаа автомашинуудыг хяная гэж байгаа юм. Үүний тусламжтай тээврийн компаниудад “Танай жолооч зогсчихлоо, саатчихлаа, осол гаргачихлаа” гэдэг мэдээллийг түргэн шуурхай мэдэгдэнэ. Энэ жил Шивээ хүрэнгийн аж ахуйн нэгжүүд тээврийн хэрэгслүүддээ GPS суулгаж эхэлсэн.

Одоо Гашуунсухайтын тээвэрлэлтийн компаниудыг шаардана. Аль болох эрсдэлийг бууруулж, тээврийн хэрэгсэл, жолооч нарыг харьяалах эзэнтэй болгож байгаа юм. Өмнө нь хувь жолооч олон байсан. Хятад эзнээсээ хувь лизингээр тээврийн хэрэгсэл авч, тээвэрлэлтэд явсаар төлбөрөө төлж, өөрийн болгодог байсан. Эдгээрийг аж ахуйн нэгжид хамааруулахаар тухайн компани тээврийн хөлснөөс багахан хувь авсан хэр нь өөрийн хүссэнээрээ бүрэн удирдаж чадахгүй байгаа юм.

Бид компаниудыг өөрийн харьяаны жолооч, тээврийн хэрэгслээ сайн удирдаж, хариуцлагаа үүрэхийг шаардаж байгаа. Харин аж ахуйн нэгж байгууллагууд юу гэдэг вэ гэхээр “Энэ хүн манай компанийн нэр дээр явдаг хувь жолооч” гэдэг. Тэгэхээр бид “Ийм ойлголт байхгүй. Энэ танай компанийн нэр дээр байдаг л бол танай жолооч, танай тээврийн хэрэгсэл. Тиймээс сайн удирдаж, нийгмийн баталгааг нь ханга. Хөдөлмөрийн хөлсийг нь өг. Тээврийн хэрэгсэл нь  хөдөлгөөнд оролцоход бүрэн бүтэн байдлыг хянаж, засвар үйлчилгээг нь хий. Танайх компани юм бол авто засварын газартай, жолоочийн амрах байртай, нийгмийн баталгаа нь бүрэн хангагдсан байх ёстой” гэсэн шаардлагыг тавьж байгаа. Одоо засаг төрөөс нэлээд анхаараад асуудал шийдэгдэж байна.

-Нөгөө талаас тээврийн хэрэгслийн тоог нэмсэн нь урт дараалал үүсэх нэг шалтгаан болсон гэж танай байгууллагыг буруутгах хандлага байна л даа?

-Тээврийн хэрэгслийг нэмэгдүүлж байгаа нь уурхайгаас дутуу судалгаа хийсэнтэй холбоотой. Бидэнд уурхайгаас тээврийн хэрэгсэл нэмж өгөөч гэсэн бичиг ирүүлдэг. Уурхай өөрийнхөө хүчин чадалд нийцүүлж, судалгаагаа гаргахгүйгээр хүчин чадлаасаа илүү тээврийн хэрэгсэлтэй болчихдог. Жишээлбэл, уурхайд 2,000 тээврийн хэрэгсэл шаардлагатай байхад 3,000 гэж тооцоод байдаг юм. Уг нь авто паркийн аж ахуйн системийн гол давуу тал нь парк ашиглалтын 80 хувь нь ажиллах ёстой.

Өөрөөр хэлбэл, 100 автомашинтай бол 80-ыг нь түрүүлж ажилд гаргадаг. Үлдсэнийг нь осол саад гарсан, нүүрсээ тээвэрлэх боломжгүй болсон үед л ашигладаг. Ингэхгүй уурхайнхан өөрсдөө хийсвэр тоотой судалгаа гаргачихаар зам дээр ачаалал үүсээд байгаа юм. Уурхай, тээврийн компани, гааль , хилийн цэрэг, мэргэжлийн хяналтынхан бүгд уялдаж ажиллаж байж тээвэрлэлт зөв зохистой явна. Ингэхгүйгээр уурхай нь борлуулчихсан нүүрс гээд л байвал монгол жолооч, тээврийн компаниуд хохироод байна.

Нэг автомашин арав гаруй хонож байж хилээр гарч байна шүү дээ. Энд монгол хүний л эрх ашиг хөндөгдөөд байгаа юм. Уг нь бол 240 километр газар замдаа нэг цаг амраад, 40 километр цагийн хурдтай явахад найман цаг болоод л хил дээр очдог. Өнгөрсөн зургаадугаар сард нэг өнжөөд л тээвэрт явдаг байсан. Үүнд төрийн байгууллагууд бүгд уялдаа холбоогоо хангаж ажиллаж байгаа.

Энэ асуудалд Автотээврийн үндэсний төв бүтэн жил орчмын хугацаанд анхаарч, олон ажил хийсэн. Тухайлбал, тээвэр төлөвлөлтийн программ, хоногийн нэгдсэн график гаргасан. Аж ахуйн нэгж байгууллагуудаа авто аж ахуйн системээр үйл ажиллагаагаар явуулахыг шаардсан. Олон автомашинтай компанийг жижиг болгож, нийгмийн хариуцлагаа үүрэхийг хэлж байгаа.

-Яагаад хяналт шалгалтаа чангаруулж, нүүрс авах хэмжээгээ багасгаж байгаа талаар Хятадын талаас мэдээлэл ирсэн үү?

-Бидэнд албан бус янз бүрийн мэдээлэл байна. Тэд “Хяналт шалгалтын шинэ программ туршиж байгаа. Хяналт шалгалтаа сайжруулж байна. Наадам болж байна. Манайх хилийн энэ бүсээс 18 сая тонн л нүүрс авна гэсэн квот тогтоосон” зэрэг мэдээллийг өгсөөр өдийг хүрсэн. Гэхдээ албан ёсоор огт мэдэгдээгүй. Тиймээс бид хилийн байгууллагуудын хоорондын үйл ажиллагааны уялдаа холбоог хангах зорилгоор хилийн тээвэрт оролцогч байгууллагуудын уулзалтыг дөрвөн удаа зохион байгуулсан.

Энэ уулзалтад мэдээллээ нэгтгэдэг, осол саадыг бүртгэдэг байх зэргийг ярилцсан. Хил хамгаалах ерөнхий газарт би албан бичиг явуулсан. Хариу нь ирсэн. Хил хамгаалах ерөнхий газрынхан Даргын зөвлөлийн хурлаараа ярилцаж, хил нэвтэрч буй жолооч нарын судалгаа, мэдээллийг манай байгууллагатай тулгаж байхаар тогтсон гэсэн. Тэндээс тогтсон хугацаанд мэдээлэл авч байхаар болсон. Энэ нь нэг тээврийн хэрэгслийн жолооч ямар улсын дугаартай, хэчнээн тээврийн хэрэгсэл жолоодож хилээр гарсан байна вэ гэдэг нь бүртгэгдэж, тодорхой болох юм.

Тэгэхээр бид нэг жолоочийг зөвхөн өөрийн харьяаны тээврийн хэрэгслээ л барихыг үүрэгжүүлж өгөх гэж байгаа. Мөн жолооч хүрэлцээгүй үүднээс нэг компани 50 автомашинтай байхад тухайн компанийн жолооч л тэднийг унах эрхтэй. Өөрөөр хэлбэл, жолооч нар өөрийнхөө компанийн л автомашиныг жолоодож болно. Тэртээ, тэргүй тухайн компани жолоочийн өмнөөс нийгэм, эрүүл мэндийн даатгалыг төлж байгаа учир ийм зохицуулалт хийж болно шүү дээ.

-Тээврийн компаниуд жолооч нарын нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал зэргийг төлөхгүй, цалин хөлсийг нь бүрэн өгөхгүй байх тохиолдол байдаг гэсэн. Энэ асуудлыг хэрхэн шийдэж байгаа вэ?

-Бид Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийнхнөөр ажиллах нөхцөлийн судалгаа хийлгэсэн. Гашуунсухайтын боомтоор 7-8 мянган жолооч тээвэр хийж байгаа. Тэдний эрх ашгийг хамгаалах, нийгмийн баталгааг бий болгохын тулд ажиллах нөхцөлийн судалгаа хийлгэсэн юм. Жолооч нарын ажлын байр нь хүнд нөхцөлд тооцогдсон учир Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам руу саналаа явуулах гэж байгаа. Жолооч нарын нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг төлөөгүй, цалин хөлсийг өгөөгүй тохиолдлууд байдаг.

Нөгөө талаас жолооч нар өөрсдөө даатгалаа төлөхгүй гэдэг. Хууль тогтоомжийн дагуу төлөх л ёстой шүү дээ. Тиймээс бид ийм байдлыг арилгахын тулд энэ жил бүх байгууллагатай гэрээ байгуулсан. Одоо шалгалт хийж, хууль тогтоомж зөрчсөн компаниудтай гэрээгээ цуцална. 7,800 автомашинаас хууль тогтоомж биелүүлээгүй аж ахуйн нэгжийн 3,500 гаруй тээврийн хэрэгсэл хасагдахаар болсон. Гэхдээ гэрээ, дүгнэлт дуусаагүй байна. Бид дотоодын хууль дүрмээ ягштал биелүүлдэг аж ахуйн нэгжүүдтэй цаашид гэрээ байгуулж ажиллана.

Би өнгөрсөн долоо хоногт тэнд ажиллаад ирлээ. Одоо ажлын хэсэг ажиллаж байгаа. Удахгүй тээвэр төлөвлөлтийн программд шилжүүлэхээр дахин явна. Өнгөрсөн онд л гэхэд авто тээврийн үндэсний төвийн зөвхөн Гашуун сухайт чиглэлийн томилолт 20 гаруй байна. Мөн энэ жил Автотээврийн үндэсний төв “Автотээврийн менежментийг сайжруулах” жил болгон зарласан. Энэ чиглэлээр олон шинэ зүйл хэрэгжүүлсэн.

Энэ сарын 15-нд холбогдох байгууллагуудтай хамтарч “Авто тээврийн инноваци” сэдэвт өдөрлөг зохион байгуулсан. Энэхүү өдөрлөгт монгол залуучуудын хийж, хэрэгжүүлсэн олон зүйлийг гаргаж тавьсан. Өнгөрсөн жилд л гэхэд гэрлийн тохиргоог хийсэн. Буруу талдаа жолооны хүрдтэй автомашины гэрэл зүүн тал руу гаа илүү тусдаг. Зүүн тал руугаа гэрэл нь тусч байгаа автомашин эсрэг урсгалд хөдөлгөөнд оролцож байгаа автомашинд их нөлөөлдөг. Харин манай инженерүүд санаачилж, гэрлийн градусыг 27 градус эргүүлсэн. Энэ нь замын хөдөлгөөний осол аваар гарах эрсдэлийг өндөр хувиар бууруулж байгаа юм.

-Тавантолгойн уурхайгаас Гашуунсухайт хүртэл шууд тээвэр хийхийг больж байгаа гэсэн. Цаашид нэгдсэн төлөвлөлтөөр тээвэр хийж, нөхцөл байдал сайжирсны дараа энэ чиглэлээр дахин тээвэр хийх үү. Өөрөөр хэлбэл, уурхайгаас шууд хил рүү тээвэр хийдэг болох уу?

-Он гараад өдөрт 1,200 гаруй автомашин нүүрс гардаг болно. Харин энэ үед уртын урт шугам буюу уурхайгаас шууд хил гарах ёстой гэж үзвэл одоогийнх шиг уурхайг зогсоож байгаад тээвэр төлөвлөлтийн программаа ашиглана. Бүтэн жил судалж байж бид энэ программыг хийсэн. Хоногийн нэгдсэн график гэж хуваарьтай цаас тарааж үзсэн.

Яг энэ цагийн хуваарийн дагуу явахыг даалгаж, бүртгэж үзсэн. Хот доторх автобусууд цаг цагаараа явдаг шүү дээ. Яг үүн шиг л зохион байгуулалтад оруулах гээд байгаа юм. Хамгийн энгийнээр хот доторх нийтийн тээврийг хянаж болж байгаа юм чинь ачаа тээврийг ч бас хянах ёстой юм.

Дуудлага худалдаа эхлэхийг та
мэдсэн үү?

УЕА шинэ серийн 387 онцлог дугаарын дуудлага худалдаа 4 сарын 18-наас 5 сарын 12 хүртэл ажлын 19 хоногийн турш үргэлжилнэ.