1900-1234 info@transdep.mn
2017.12.21

ГАШУУНСУХАЙТЫН НҮҮРС ТЭЭВЭРЛЭЛТИЙН ЗОХИЦУУЛАЛТЫГ ЗТХЯ, УУХҮЯ, АТҮТ -ӨӨС ХИЙЖ БАЙНА

Гашуунсухайтын нүүрс тээвэрлэлттэй холбоотой асуудлаар ЗТХЯ, АТҮТ-өөс өнөөдөр мэдээлэл хийлээ. Нүүрс тээвэрлэж буй тээврийн хэрэгслийг хоёр хэсэгт хувааж ачилт хийлгэхээр болсон ба 500 орчим тээврийн хэрэгсэлд гаалийн бүрдүүлэлт хийж, өнөөдөр, маргааш хувааж гарахаар зохицуулаад байна.

- Хувиараа тээвэрлэлт эрхэлж байсан 3000 гаруй жолоочийг гэрээжүүлж, аж ахуй нэгж байгууллагад хамааруулсан-

ЗТХЯ, АТҮТ хамтран Гашуунсухайтын нүүрс тээвэрлэлтэд тодорхой шат дараатай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна. ЗТХЯ, АТҮТ-ийн ажлын хэсэг нь “Эрдэнэс таван толгой” ХК, “Энержи ресурс” ХХК, жижиг “Таван толгой” ХК уурхайгаас, нүүрс тээвэрлэлт хийх гэрээт 124 аж ахуйн нэгж байгууллагын гэрээний хэрэгжилтэд хяналт тавьж, гэрээний үүргийг хангуулан, санал дүгнэлт гаргаж , тээвэр зохион байгуулалтыг газар дээр нь төлөвлөн ажилласан.

Нүүрс олборлож буй компанитай хийсэн гэрээг үндэслэн АТҮТ-өөс тээвэрлэгч компаниудад зөвшөөрөл олгодог бөгөөд энэ асуудалд зохицуулалт хийж, экспортод гаргаж буй нүүрсний хэмжээг, тээвэрлэлтийн хэмжээ, график төлөвлөгөөтэй уялдуулан тээврийн хэрэгслийн тоог түр хугацаанд шинэчлэн тогтоох, тээвэрлэлтийн зохих шаардлагыг хангаагүй, жолооч тээвэрчдийн эрүүл мэнд, нийгмийн даатгал төлдөггүй, тээврийн хэрэгслийн засвар үйлчилгээний ажлыг хэрэгжүүлдэггүй ААН-ийн тээврийн хэрэгслийг улс хоорондын тээвэрлэлтээс хасах арга хэмжээг хэрэгжүүлээд байгаа юм. Өнгөрсөн онд нийтдээ 5700 тээврийн хэрэгсэл нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцож байсан бөгөөд үүнээс гэрээгүй тээвэрлэлт эрхэлж байсан 3000 гаруй жолоочтой гэрээ байгуулан, аж ахуй нэгж байгууллагад хамааруулж, дотоодын хууль тогтоомжийг мөрдөж ажиллах нөхцөл боломжоор хангасан. Өнгөрсөн оны эхний хагас жилд нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагаа тогтмол өсөлттэй байх үед уурхайнуудаас ирсэн удаа дараагийн хүсэлтийг үндэслэн норм, дүрэм журам, стандартын хүрээнд тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлж 7800 гаруй болгосон. Оргил үедээ 1605, энгийн үедээ тогтмол 1200-1300 гарч байсан үед тээврийн хэрэгслийн илүүдэл болон ачаалал үүсэхээргүйгээр төлөвлөж байсан ч өнгөрсөн оны долдугаар сарын эхээр Хятадын тал татан авалтаа 2 дахин бууруулснаас хамаарч хүндрэл үүсч эхэлсэн.

Энэ үед АТҮТ-өөс УУХҮЯ-д уурхайн ачилтыг квотонд оруулж багасгах, уурхайг хаах хүртэл арга хэмжээ авч өгөх хүсэлтийг удаа дараа хүргүүлж байсан. Нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан ЗТХ-ийн сайд УУХҮ-ийн сайд нарын хамтарсан ажлын хэсэг ажилласан. Ажлын хэсгийн дүгнэлтээр ЗГ-ын хуралдааны 320 дугаар тогтоол гарч, холбогдох яамд болон орон нутагт чиглэл өгч үйл ажиллагаагаа уялдуулахаар ажиллаж байна.

 

Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын Дэд захирал Ш.Батсайхан “Нүүрсний хэмжээ нэмэгдэх тусам тээврийн хэрэгслийн тоо нэмэгдэж байгаа юм. Иймд Авто тээврийн үндэсний төвөөс тээврийн байгууллагатай худалдах, худалдан авалтын гэрээ, уурхайн хүсэлтыг үндэслэж гэрээ байгуулдаг.  Иймд шаардлага хангахгүй, эрүүл мэнд, нийгмийн даатгал төлдөггүй зэрэг тодорхой үндэслэлээр тээврийн хэрэгслүүдийг тээвэрлэлтэд явуулахгүй байх шийдвэр гарсан. Он гараад уурхайнуудын гаргах нүүрсний хэмжээнд тохируулан тээвэрлэгч нартай гэрээ байгуулан ажиллана. Хамгийн гол нь  их хэмжээний нүүрс гаргахдаа биш, тээвэрлэлтийн аюулгүй байдлыг хангах, жолооч нарын нийгмийн асуудлыг анхаарах үүднээс эрүүл мэнд, нийгмийн даатгалд хамруулах асуудлыг чухалчилж байна” гэж ярилаа. 

 

-Нүүрс ачилтыг түр зогсоох шаардлагатай байлаа-

Ажлын хэсэг  2017.12.12-ны өдөр Гашуунсухайт боомтод очсон даруйдаа нүүрс ачилтыг түр зогсоох хэрэгтэй байгаа талаар санал гаргасан. Ачилт 2017.12.12-ны шөнийн 01.00 цагт түр зогссоноор өнөөдрийн байдлаар /2017.12.20/ машины түгжрэл 118 км байснаас 24 км болсон. Цуваа бүрэн гарч дуусмагц тээвэр төлөвлөлтийн программаа гаалийн хяналтын бүсийн үйл ажиллагаатай уялдуулан, нэгдсэн зохион байгуулалтаар хангахаар төлөвлөж байна. Энэ хүрээнд гаалийн хяналтын бүсүүдийн гадна талбайг тохижуулж, нөөцийн талбай бий болгох юм. Ингэснээр аж ахуй нэгжүүд тээврийн хэрэгслийнхээ тооцоог гаргаж, цагийн хуваарийн дагуу ачилт хийж, тээвэр төлөвлөлтийн программын дагуу тээвэрлэлт хийгдэнэ. Үүнд УУХҮЯ онцгой анхаарч, дэмжлэг үзүүлж ажиллах хэрэгтэй байгаа юм. Мөн ЗТХЯ, АТҮТ машины бүртгэлийг сайжруулах, тээвэрлэлтийн стандарт мөрдөх ажлуудыг давхар цаг алдалгүй хийж байна.

Энэ талаар Зам, тээвэр хөгжлийн яамны Авто тээврийн бодлогын хэрэгжилтыг зохицуулах газрын дарга С.Батболд хэлэхдээ “Уурхайнууд зөвхөн аман дээрээсээ нүүрсээ зарж байгаа учраас аман дээрээсээ аль болох их ачилт хийхийг хүсч байгаа. Аман дээрээс гарсан нүүрсийг зарсанд тооцдог. Гэтэл аман дээрээс гарсан нүүрс хилээр гарахгүй байгаа юм. Ийм учраас уурхайтай хамтарч ажиллах шаардлагатай болсон. Мөн хилээр өдөрт 500-600 машин гарч байхад гаалийн бүрдүүлэлт хийсэн 1000 гаруй гарч явдаг. Ингэхээр гаальтай хамтарч, зохицуулалт хийх шаардлагатай болсон. Ийм байдлаар байгууллагуудыг уялдаа холбоотойгоор ажиллах шаардлага үүссэн. Ингээд холбогдох байгууллагууд хамтарч ажилласны үндсэн дээр оочир дарааллыг багасгахын тулд тээвэр зохион байгуулалтыг хоёр хэсэгт хуваах тогтоол Засгийн газраас гарсан.  Энэ зохицуулалтыг хийхийн тулд эхлээд хил дээр үүссэн оочерыг байхгүй болгох юм. Иймд уурхайн ачилтыг түр хугацаагаар зогсоосон байсан. Харин өнөөдөр өглөө уурхайгаас Цагаан хадны чиглэлд ачилт хийж эхэлсэн. Харин богинонын ачилтыг тээвэр төлөвлөлтийн программаар зохион байгуулна” гэв. 

 

-Худалдагч, худалдан авагч талууд тээврийн асуудлаа шийдэж байх ёстой-

Тавантолгой –Гашуунсухайтын  нүүрс тээвэрлэлтийн хариуцлагыг худалдагч тал болон уурхайнууд /Энержи ресурс, Эрдэнэс таван толгой, Жижиг таван толгой/ худалдан авагч тал хилээр цөөн машин нэвтэрч байгаа энэ үед их хэмжээний нүүрс ачилт хийсэн нь замд ачаалал бий болгох нөхцлийг бүрдүүлсэн. Үүнээс болж машины бөөгнөрөл бий болж, хэдэн мянган жолооч нар хохирч эцэст нь хариуцагч нь төр болж хувирсан. АТҮТ-өөс зөвхөн машин цөөлж бүртгэлд оруулснаар асуудал шийдэгдэхгүй тул улс хоорондын ачаа тээвэрлэлтэд оролцож байгаа бүх байгууллагууд хамтран энэ асуудлыг шийдэх ёстой.

 

 

 

АВТОТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ

Дуудлага худалдаа эхлэхийг та
мэдсэн үү?

УЕА шинэ серийн 387 онцлог дугаарын дуудлага худалдаа 4 сарын 18-наас 5 сарын 12 хүртэл ажлын 19 хоногийн турш үргэлжилнэ.