1900-1234 info@transdep.mn
2016.08.25

Гурван улсыг холбосон эдийн засгийн гүүр нээгдлээ

Узбекстан улсын нийслэл Ташкент хотноо 2016 оны зургадугаар сарын 23, 24-ний өдрүүдэд зохион байгуулагдсан Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн 16 дугаар хуралдааны үеэр Монгол-Орос-Хятадын хооронд Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрт гурван улсын Төрийн тэргүүн нар гарын үсэг зурсан.

Энэхүү хөтөлбөрт тусгагдсаны дагуу “Азийн авто замын сүлжээгээр олон улсын автотээвэр гүйцэтгэх тухай” Монгол, Орос, Хятад гурван улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах ажлын хүрээнд гурван улсын тээврийн асуудал хариуцсан яамд хамтран “БНХАУ-ын Тяньжин боомт – Монгол Улсын Улаанбаатар хот – ОХУ-ын Улаан-Үд хот” чиглэлд туршилтын ачаа тээвэрлэлтийг 2016 оны 8 дугаар сарын 13-25-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Тус хэлэлцээр нь хөрш зэргэлдээ болон гуравдагч орнуудын худалдаа, тээвэр, эдийн засгийн харилцааг хөгжүүлэх, худалдаа тээврийг хөнгөвчлөх, тээврийн төрлүүдийн харилцан уялдааг хангах, автотээврийн салбарын хамтын ажиллагааг дэмжих, тус салбарын үйл ажиллагаанд хамааралтай олон улсын байгууллагын стандарт, зөвлөмжийг хоёр тал нэгдсэн зохицуулалттай хэрэгжүүлэх эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлэх харилцан ашигтэй хэлэлцээр болсон бөгөөд Монгол Улсын тээвэрчид, гуравдагч улс орнууд руу тээвэрлэлт хийх, дэлхийн зах зээлд өрсөлдөх, дамжин өнгөрөх тээвэрлэлтийн шинэ гарц нээгдэх боломжийг олгож буй юм.

Монгол болон гуравдагч орнуудын хооронд TИP конвенцийн хүрээнд ачаа тээвэрлэлтийг зохион байгуулснаар Монгол Улсын гадаад худалдаа өргөжиж, эдийн засагт эерэгээр нөлөөлөх, Ази Европыг хамарсан худалдаа, тээвэр, гааль, татвар, даатгалын асуудлууд хөнгөвчлөгдөх зэрэг олон талын ач холбогдолтой. Мөн зам дагуух сум орон нутгийн хөгжилд дэмжлэг болж замын арчлалт хамгаалалт, тэмдэг тэмдэглэгээний чанар нэмэгдэх давуу талтай.

ЗАМЫН МАРШРУТ:

• АН-3 – (Улаан Үд-Хиагт – Алтанбулаг-Дархан-Улаанбаатар-Сайншанд-Замын Үүд – Эрээн-Бээжингийн гаднах тойрог-Тяньжин)
• АН-4 – (Новосибирьск-Барнаул-Горно Алтайск-Ташанта – Улаан байшинт-Ховд-Ярантай – Такашикэн-Өрөмч-Каши-Хонкираф)
• Автозамын зүүн коридор – (Борзя-Соловьевск-Эрээнцав-Чойбалсан-Баруун Урт-Бичигт-Зүүн хатавч-Си-Уджимчин-Ци-Улаанхад – Шилийн гол-Чаоянь – Чэндэ-Жиньжоу-Паньзинь-Тяньжин)

Туршилтын тээврийн үеэр газар орон, замын нөхцөл байдал, үйлчилгээний газар, автомашины засвар,бензин шатахуун түгээх газрын байршил зэргийг нэг бүрчлэн тогтоох тул Монгол Улс, ОХУ, БНХАУ гурван улсын авто тээврийн салбарын холбогдох шатны албан тушаалтнууд, Замын цагдаагийн газар, эмнэлгийн анхан шатны тусламж, авто машинд засвар үйлчилгээ үзүүлэх баг зэрэг өргөн бүрэлдэхүүнтэйгээр оролцож байна.

Транзит тээврийн үед хил, гаалиар нэвтрэхэд хөн¬гөн шуурхай ажиллагаа шаардлагатай бөгөөд Монгол, ОХУ олон улсын Тээврийн конвенцод нэгдсэн бөгөөд энэхүү Тээврийн конвенцид нэгдсэнээр тухайн улс, орон өөрийн хил, гаалиараа түргэн шуурхай нэвтрүүлэх үүрэг хүлээдэг билээ. БНХАУ-ын хувьд энэхүү баримт бичигт нэгдэхээр хүлээгдэж байгаа билээ.

АЧ ХОЛБОГДОЛ:

Ази, Европын хоорондын чингэлэг тээврийн 90 гаруй хувь нь далайн тээврээр, хоёр дахин урт замыг 2-3 дахин их хугацаанд тээвэрлэдэг.
Зүүн Ази, Европыг холбосон хуурай газрын тээврийн дөрвөн гол замнал байдгаас хамгийн дөт нь Монгол улсаар дайран өнгөрдөг тул эдийн засгийн хэмнэлт бүхий тээвэрлэлт бөгөөд өнөөдрийн байдлаар Ази, Европын хоорондын чингэлэг тээврийн 90 гаруй хувь нь далайн тээврээр 45 хоногийн хугацаанд тээвэрлэдгээс цаг хугацааны хувьд алдагдалтай байдаг.

Харин Ази, Европ хооронд төмөр замаар ачаа тээвэрлэхэд 10 хоногийн хугацаа зарцуулагддаг бөгөөд авто замаар тээвэрлэлт хийхэд эл хугацааг 7 өдрийн дотор туулах бүрэн боломжтой юм.
Зүүн Ази-Европыг холбосон тээврийг хөгжүүлснээр зөвхөн БНХАУ-д экспортлохоос гадна Солонгос, ОХУ, Казахстан улсад ч нийлүүлэх боломж бүрэн бий болох юм.

АВТОТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ

Дуудлага худалдаа эхлэхийг та
мэдсэн үү?

УЕА шинэ серийн 387 онцлог дугаарын дуудлага худалдаа 4 сарын 18-наас 5 сарын 12 хүртэл ажлын 19 хоногийн турш үргэлжилнэ.