1900-1234 info@transdep.mn
2018.03.07

“АВТО ҮЙЛЧИЛГЭЭНИЙ МЭДЭЭЛЛИЙН НЭГДСЭН САН”-ГААС АВТОМАШИНЫ АШИГЛАЛТЫН ТҮҮХИЙГ ХАРАХ БОЛОМЖТОЙ

Зам, тээврийн хөгжлийн яам болон Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас тээврийн хэрэгслийн ашиглалтын талаарх түүхийг нэг дороос харах боломж бүхий “АВТО ҮЙЛЧИЛГЭЭНИЙ МЭДЭЭЛЛИЙН НЭГДСЭН САН”-г өнөөдөр танилцууллаа.

Энэхүү нэгдсэн сан бий болсноор Зам, тээврийн осолд холбогдсон болон түүний эвдрэл, гэмтэл, зөрчлийн мэдээлэл, даатгал, татварын мэдээлэл,авто үйлчилгээний байгууллагад санал гомдол гаргах, тээврийн хэрэгслийн сэлбэг хэрэгсэлд хийгдсэн засвар, үйлчилгээ болон худалдан авсан сэлбэг хэрэгсэлдээ баталгаа гаргуулах гэх мэт тээврийн хэрэгслийн ашиглалтын талаар дэлгэрэнгүй түүхийг харах боломж бүрдэж байгаа юм.

“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-аас аймаг орон нутагт авто үйлчилгээний байгууллагад ангилал тогтоох үйл ажиллагааг 2017.03.13-наас орон даяар эхлүүлж, одоогоор 115 аж ахуйн нэгжид 122 ангиллын гэрчилгээ олгоод байна. Авто үйлчилгээ эрхлэгчид эрх бүхий байгууллагаар ангиллаа тогтоолгосноор авто үйлчилгээний мэдээллийн нэгдсэн сан буюу ASIS системд нэвтрэх эрхээ авч хийсэн засвар үйлчилгээний мэдээллээ оруулснаар нэгж тээврийн хэрэгсэл бүрт засварын түүх үүсэх боломжтой болж байна. Ингэснээр авто үйлчилгээний чиглэлийн үйл ажиллагааг анх удаа төрөөс иргэдэд хүндрэл чирэгдэлгүй, түргэн шуурхай үзүүлэх боломж бий болж буй юм.

Энэхүү мэдээллийн сан нь “Үндэсний дата төв” дахь серверт байршиж төрийн цахим мэдээлэл солилцооны системээр дамжуулан “Цагдаагийн ерөнхий газар”, “Татварын ерөнхий газар”, “Онцгой байдлын ерөнхий газар” зэрэг эрх бүхий байгууллагуудын мэдээллийн сангуудтэй холбогдоод байна.

Цахим орчинд гар утас, таблет, компьютер зэрэг ухаалаг төхөөрөмжийн тусламжтайгаар Autobox.mn сайтад нэвтрэн тээврийн хэрэгслийн услын дугаарыг арлын дугаарын хамт ашиглан хаанаас ч хэдийд ч тухайн тээврийн хэрэгслийнхээ мэдээллийг авч болох бөгөөд дараах боломжууд бий болж байна.

Автотээврийн салбарт шинээр нэвтрүүлж байгаа энэхүү ажил нь  Автотээврийн тухай хууль, Замын хөдөлгөөний тухай хуульд мэдээллийн нэгдсэн сантай байх тухай заасан байдаг нь өнөөдрөөс ийнхүү хэрэгжиж эхэллээ.  

Энэхүү мэдээллийн санд зам тээврийн осол зөрчил, байгалийн гамшиг, татвар, даатгал, техникийн үзлэгт хамрагдсан мэдээлэл, засварын үйлчилгээний бүхий л мэдээллүүдийг нэгтгэгдэн тухайн автомашин хэдэн эзэмшигчтэй байсан, хэдэн онд орж ирсэн, ямар засвар үйлчилгээ хийсэн гэх мэт мэдээллүүд байх юм.

Энэхүү мэдээллийн сангийн гол зорилго нь бүрэн бус тээврийн хэрэгслээс болж гарч буй зам тээврийн ослыг бууруулах, жолооч нарын хариуцлагыг өндөржүүлэх зорилготой бөгөөд төрийн болон төрийн бус байгууллагаас нэмэлт хөрөнгө мөнгө гарахгүй, иргэдэд дарамтгүй ажил гэдгийг Зам, тээврийн хөгжлийн яамны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Батболд мэдээлэл хийх үеэрээ хэллээ.

Мөн энэхүү ажлын хүрээнд засвар үйлчилгээний байгууллагууд тохирлын үнэлгээнд хамрагдаж ангилал тогтоолгох ажил явагдаж байгаа талаар мэдээллээ. Энэ нь авто үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа иргэд, аж ахуй нэгжүүд өөрсдийн ажил үйлчилгээний хүрээгээр ангилалаа тогтоолгох үйл ажиллагаа юм. Ингэснээр техникийн бүрэн бус байдлыг бууруулахаас гадна даатгалаас нөхөн олговор олгодог тогтолцоо руу шилжиж байгаа аж.

Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах хуулинд зааснаар ангилал тогтоолгосон байгууллагад засвар үйлчилгээ хийлгэснээр тухайн үйлчлүүлэгч баталгаат хугацааг авах боломжтой болох юм.

Дуудлага худалдаа эхлэхийг та
мэдсэн үү?

УЕА шинэ серийн 387 онцлог дугаарын дуудлага худалдаа 4 сарын 18-наас 5 сарын 12 хүртэл ажлын 19 хоногийн турш үргэлжилнэ.