1900-1234 info@transdep.mn
2018.03.16

Ж.Бат-Эрдэнэ: Авто замын сүлжээг хөгжүүлэхэд дөрвөн зорилт тавин ажиллаж байна

Автозамын салбарын өмнө тулгамдсан асуудал, түүнийг шийдвэрлэх гарц, гаргалгааг тодорхойлж шийдвэр гаргагчдад зөвлөмж хүргүүлэх бүхий Зам, тээврийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн өнөөдөр "Авто замын чанар-үр ашиг" сэдвийн дор болж байна.

Зөвлөгөөнийг нээж, Зам тээвэр хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ үг хэллээ. Тэрбээр "Авто замын салбарын удирдах ажилтны зөвлөгөөнийг 2012 оноос хойш буюу зургаан жилийн дараа зохион байгуулж байна. Энэхүү зөвлөгөөнөөр салбарын өмнө тулгамдаж буй асуудал, авто замыг төлөвлөхөөс ашиглах хүртэлх бүх үе шатны ажлын хариуцлагыг дээшлүүлэх, чанарыг сайжруулах асуудалд онцгой анхаарч хэлэлцэх нь зүйтэй гэж үзэж байна. Монгол Улсын авто замын сүлжээг хөгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийг үр дүнтэй хэрэгжүүлэж, хэрэглэгчдийн  хэрэгцээ шаардлагад нийцсэн, аюулгүй, тав тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлсэн, ашиглалтын бэлэн байдлыг хангасан авто замаар үйлчлэх үүргээ биелүүлэхийн тулд авто зам, замын байгууламжийн барилга, засварын ажлын чанарт онцгой анхаарч ажиллах асуудал зүй ёсоор тавигдаж байна. Иймд төрөөс авто замын салбарыг тогтвортой хөгжүүлэх бодлогыг боловсруулж хэрэгжүүлэх, хууль, эрхзүйн орчин болон норм нормативын баримт бичгийг боловсронгүй болгох, төлөвлөлтийг оновчтой хийх, авто зам, замын байгууламжийн засвар, арчлалтын батлагдсан норм, нормативын дагуу санхүүжүүлэх зэрэг асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байна.

Мөн авто замын салбарт оруулж байгаа хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэх, гэрээний хариуцлага болон хяналтыг сайжруулах, замын барилга, засварын ажлыг стандартын дагуу, технологийг баримтлан хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэхэд онцгой анхаарах хэрэгтэй байна" гэв. 

Долоон аймгийн төвийг нийслэл хоттой хатуу хучилттай замаар холбожээ

Монгол Улс өнгөрсөн зургаан жилийн хугацаанд 4277.34 км хатуу хучилттай зам, 4349.2 У/М төмөр бетон гүүрийн барилга, их засварын ажлыг хийж гүйцэтгэсэн байна. Ингэснээр Хөвсгөл, Дундговь, Дорноговь, Өмнөговь, Сүхбаатар, Баянхонгор, Дорнод зэрэг долоон аймгийн төвийг нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбожээ. 

Мөн Монгол Улсын анхны хурдны зам болох Улаанбаатар-Хөшигийн хөндийн Олон Улсын шинэ нисэх буудал чиглэлийн 32.2 км авто замын барилгыг ажлыг 2016 онд эхлүүлсэн байна. Уг ажил өдгөө 60 хувьтай байгаа аж. 

Түүнчлэн авто зам, замын байгууламжийн тооллого, бүртгэлийг 206-2017 онд хийж, Монгол Улсын Үндэсний авто замын сүлжээний нэгдсэн цахим санг бий болгожээ. 

Харин цаашдаа чанартай, үр ашигтай, тогтвортой, хүртээмжтэй, хариуцлагатай байх зарчмыг баримтлан, Авто замын сүлжээг хөгжүүлэх, авто замын бэлэн байдлыг хангах, салбарын эрх зүйн орчин болон удирдлага, зохион байгуулалтын тогтолцоог боловсронгүй болгох дөрвөн бодлого, чиглэлийн хүрээнд авто замын салбарыг хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байгааг салбарын сайд Ж.Бат-Эрдэнэ онцоллоо. 

Мөн тэрбээр "Өнөөгийн байдлаар улсын чанартай хатуу хучилттай авто замын 29 хувьд нь ээлжит засвар, 20 хувьд нь их засвар, шинэчлэлийн ажил хийх хугацаа болсон байна. Авто зам, гүүрийн арчлалт, засварын ажлын зардлын суурь норм, нормативын дагуу одоо байгаа улс, улсын чанартай авто замын сүлжээний ашиглалтын түвшинг бууруулахгүйгээр байнгын бэлэн байдлыг хангаж ажиллахад жилд урсгал засвар, арчлалтад 55 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай гэсэн тооцоо гарч байгаа боловч УИХ-аас 2018 онд 20 тэрбум төгрөг баталсан нь нийт шаардлагатай засвар, арчлалтын ажлын дөнгөж 36 хувийг л хангаж байна" гэсэн юм. 

Тэмдэглэгээжүүлэх аян зохион байгуулна

Зөвлөгөөнөөр цаашид хийж хэрэгжүүлэх ажлынхаа талаар товч дурдлаа. Зам тээвэр хөгжлийн яамнаас улсын чанартай авто замд хяналтыг сайжруулах, ялангуяа хүний оролцоо бага хяналтын болон төлбөр тооцооны цахим нэгдсэн системийг үе шаттайгаар бий болгохоор төлөвлөжээ. Мөн олон улс, улсын чанартай авто замуудын тэмдэг, тэмдэглэгээ, тоноглол нь стандарын шаардлагыг хангуулах үүднээс 2018 онд тэмдэглэгээжүүлэх аяныг зохион байгуулах аж. 

Түүнчлэн авто замын салбарын үйл ажиллагаа эрхлэж буй үндэсний ААН байгууллагуудын үйл ажиллагааг дэмжих үүднээс гадаадын зам барилгын компаниудын оролцоог бууруулах эрх зүйн зохиуцуулалт хийнэ гэв. 

Авто замын салбарт 2018 онд улсын төсөв, гадаадын зээл, тусламж, хувийн хэвшлийн хөрөнгөөр 9 чиглэлийн 556.2 км авто замын барилга, засварын ажлыг шинээр эхлүүлэх юм байна. Мөн 11 чиглэлийн 863.9 км авто замын барилгын ажлыг он дамжин хэрэгжүүлж, нийт 15 байршилд төмөр бетон болон модон гүүрийн барилга, их засварын ажил, 2 байршилд нүхэн гарцын барилгын ажлыг шинээр эхлүүлэхээр төлөвлөжээ. 

Дуудлага худалдаа эхлэхийг та
мэдсэн үү?

УЕА шинэ серийн 387 онцлог дугаарын дуудлага худалдаа 4 сарын 18-наас 5 сарын 12 хүртэл ажлын 19 хоногийн турш үргэлжилнэ.