1900-1234 info@transdep.mn
2016.09.13

ЖИРИ КРАТОЧВИЛ: АЧАА ТЭЭВРИЙН НЭГДСЭН БҮРТГЭЛТЭЙ БОЛОХ НЬ ЭДИЙН ЗАСГИЙН ХУВЬД ӨНДӨР АЧ ХОЛБОГДОЛТОЙ

“Монгол Улсын автотээврийн зохицуулалтын үйл ажиллагааг БНЧУ-ын арга туршлагыг үндэслэн сайжруулах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний хяналтыг нэмэгдүүлэх” төслийг хамтран хэрэгжүүлэхээр БНЧУ-аас автотээврийн салбарын төлөөлөгчид 2016 оны 9 дүгээр сарын 05-11-ний өдрүүдэд Монгол Улсад хүрэлцэн ирсэн билээ. Тус төслийг хэрэгжүүлэгч "Арго Богемиа" компанийн Ерөнхий захирал Жири Краточвилтай уулзаж ярилцлаа.

- Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе. Юуны өмнө БНЧУ болон Монгол Улс хооронд хэрэгжүүлж буй энэхүү төслийн талаар танилцуулахгүй юу?

-Та бүхэнд мөн энэ өдрийн мэнд хүргэе. “Монгол улсын автотээврийн зохицуулалтын үйл ажиллагааг БНЧУ-ын арга, туршлагыг үндэслэн сайжруулах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний хяналтыг нэмэгдүүлэх” нэртэй энэхүү төсөл нь Монгол Улсын автозамын тээвэрлэлт, автозамын сүлжээ, транзит буюу дамжин өнгөрөх тээвэрлэлтийн үйл ажиллагааг боловсронгуй болгохын тулд орчин үеийн техник технологи ашиглан чанар, хүртээмж, хяналт зохицуулалтын механизмыг олон улсын жишигт нийцүүлэхэд БНЧУ-ын туршлага судлах, нэвтрүүлэх зорилготой төсөл юм.

- Төслийн хүрээнд яг ямар ажил хийгдэх вэ?

- Бид бүхэн цаашид олон чиглэлээр хамтран ажиллахаар төлөвлөж байна. Үүнд, Монгол Улсын автозамын тээвэрлэлтийн зохицуулалт, зохион байгуулалтын үйл ажиллагааг сайжруулах, ялангуяа жолоочийн ажил амралтын горимыг хянахад зориулагдсан дижитал тахографийг Монгол Улсын автотээврийн хөдөлгөөнийг хянах үйл ажиллагаанд нэвтрүүлэх, үүнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газар, БНЧУ-ын Засгийн газар хоорондын Автотээврийн хэлэлцээр байгуулах талаар хамтарсан ажлын хэсэг байгуулах нөхцлийг судлахаар ажиллаж байна.

Мөн Хоёр улсын Элчин сайдын яамдаар дамжуулан Чех улсын ачаа тээврийн салбарт дутагдалтай байгаа хүнд даацын тээврийн хэрэгслийн жолооч нийлүүлэх асуудлыг судлах, цаашлаад Монгол Улсын улс, хот хоорондын зорчигч тээвэрлэлтийн үйлчилгээ эрхлэгч компаниудын парк шинэчлэлтэд зориулан Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр БНЧУ-аас Euro IV стандартын автобус олгох боломж, нөхцлийг судлахаар харилцан тохиролцлоо.

- БНЧУ-ын хувьд яагаад Монгол Улсыг онцлон энэхүү төслийг хэрэгжүүлэх болсон бэ?

- Монгол Улс нь өргөн уудам нутагтай, Чех улстай адил далайд гарцгүй орон юм. Үүнтэй уялдаад тээврийн төрлүүдээс автозамын, төмөр замын, агаарын замын тээвэрлэлт зонхилдог бөгөөд нийт тээврийн 95 хувийг автозамаар тээвэрлэж байгаа юм. Энэ бүхнээс харахад Чех улс Монгол Улсад туршлага судлуулах, хамтран ажиллаж, автотээврийн салбарт дэмжлэг үзүүлэхэд илүү ойр байгаа юм л даа.

- Монгол Улсын автотээврийн салбарт тулгамдаж буй асуудал нь таны нүдээр харахад юу байна вэ?

- Монгол улсын хэмжээнд ачаа, тээвэрлэлтийн үйл ажиллагааг зохицуулах, дамжин өнгөрч буй олон улсын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд тавих бүртгэл, хяналтын нэгдсэн систем, технологийн туршлага байхгүй нь үнэхээр тодорхой харагдаж байна. Ачаа тээврийн үйл ажиллагаа нь бүрэн зохицуулалттай, бүртгэл хяналтын системтэй болсноор ачааны нэр төрөл, тээврийн талаар үнэн зөв статистик мэдээлэлтэй болно. Энэ нь эдийн засгийн хувьд маш өндөр ач холбогдолтой шүү дээ. Мөн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд тавих хяналтыг олон улсын жишигт нийцүүлснээр хөдөлгөөний аюулгүй байдал хангагдах нөхцөл бүрэн бүрдэх юм.

- Ярилцсанд баярлалаа.

Дуудлага худалдаа эхлэхийг та
мэдсэн үү?

УЕА шинэ серийн 387 онцлог дугаарын дуудлага худалдаа 4 сарын 18-наас 5 сарын 12 хүртэл ажлын 19 хоногийн турш үргэлжилнэ.