1900-1234 info@transdep.mn
2016.09.26

Монгол Улсын автотээврийн төлөөлөгчид, БНХАУ-ын ӨМӨЗО-ны автотээврийн төлөөлөгчдийн 2016 оны ээлжит уулзалт зохион байгуулагдаж байна

Монгол Улсын Сэлэнгэ аймагт 2016 оны 09 дүгээр сарын 24-28-ны өдрүүдэд Монгол Улсын автотээврйн төлөөлөгчид, БНХАУ-ын ӨМӨЗО-ны автотээврийн төлөөлөгчдийн 2016 оны ээлжит уулзалт амжилттай зохион байгуулагдаж байна.

Тус уулзалтад БНХАУ-ын талаас ӨМӨЗО-ны Зам, харилцаа тээврийн танхимын орлогч дарга Ли Хэ Дин- ээр ахлуулсан Шилийн гол аймгийн Тээврийн удирдах газрын дарга Жиан Лан, Баяннуур аймгийн Тээврийн удирдах газрын дарга Ян Шюэ Жунь, Эрээн хотын Автозамын тээврийн товчооны орлогч дарга Юунь Шунь зэрэг 9 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид хүрэлцэн ирж оролцож байна. Монголын талаас Зам, тээврийн хөгжлийн яам болон Автотээврийн үндэсний төвийн холбогдох мэргэжилтнүүд оролцож байгаа бөгөөд дараах асуудлуудыг хэлэлцэхээр тохироод байна. Үүнд:

  1. Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын автотээврийн хэлэлцээр, түүнийг хэрэгжүүлэх яамд хоорондын протокол болон 2015 оны ээлжит уулзалтаар тохирсон асуудлуудын хэрэгжилт, улс хоорондын ачаа, зорчигч тээвэрлэлтийн тоо хэмжээ, зөвшөөрлийн бичгийн ашиглалтын талаар харилцан мэдээлэл хийх;
  2. Хоёр талын автотээврийн төлөөлөгчдийн 29 дэх удаагийн уулзалтын протоколын 2 дахь заалтад дурдсан дагуу Монгол Улсын Дорнод аймгийн төв Хэрлэн сумаас Хавирга-Ар хашаатын боомтоор ӨМӨЗО-ны Манжуур хот хүртэл зорчигчдын тогтмол тээврийн маршрутыг нээх хугацааг эцэслэн тохирох;
  3. Хоёр улсын хооронд автотээврийн хэрэгслээр аюултай ачаа тээвэрлэх онцгой зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичгийн жагсаалтыг хэлэлцэж харилцан тохирох;
  4. Монгол Улсын Дорнод аймгийн Матад сумын Тамсагийн газрын тосны ордоос Баянхошуу-Өвдөгийн боомтоор ӨМӨЗО-ны Хөлөнбуйр аймгийн Шинэ барга зүүн Сучу газрын тосны өртөө хүртэл, мөн Сүхбаатар аймгийн Бичигт–Зүүн хатавч боомтоор Шилийн гол аймгийн Шилийн хотын Рашаан газрын тосны өртөө хүртэл газрын тосны тээвэрлэлтийн үйл ажиллагаанд Монголын талын тээвэрлэгчийн эзлэх хувийг нэмэгдүүлэх талаар хэлэлцэн шийдвэрлэх;
  5. Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын автотээврийн хэлэлцээрийг хэрэгжүүлэх яамд хоорондын протоколын 3 дугаар зүйлийн 3 дахь заалтын хэрэгжилтийг хангаж ажиллах талаар хэлэлцэх;
  6. 2017 онд хоёр улсын хооронд ачаа, зорчигчийн тээвэрлэлт гүйцэтгэхэд ашиглах зорчих зөвшөөрлийн болон онцгой зөвшөөрлийн бичгийн тоог тохирох;
  7. Зөвшөөрлийн бичиг солилцох уулзалт болон 2017 оны ээлжит уулзалтын тов, уулзалт зохион байгуулах газрыг урьдчилсан байдлаар тохирох.

 

 

АВТОТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ

Дуудлага худалдаа эхлэхийг та
мэдсэн үү?

УЕА шинэ серийн 387 онцлог дугаарын дуудлага худалдаа 4 сарын 18-наас 5 сарын 12 хүртэл ажлын 19 хоногийн турш үргэлжилнэ.