Автомашины шилжилт хөдөлгөөнийг хийлгэхдээ заавал өөрийн биеэр очиж шилжүүлэхийг Авто тээврийн Үндэсний төвөөс /АТҮТ/ анхаарууллаа. Учир нь иргэд, ААН-үүд ихэнхдээ автомашины шилжилт хөдөлгөөнийг нотариатаар итгэмжлэх хийлгэх, худалдах, худалдан авах гэрээг үндэслэн шилжүүлдэг байна. Ингэж шилжүүлснээр иргэдэд татвар төлөөгүй, оношлогоонд ороогүй, торгуулийн хуудас их ирдэг байна. Тиймээс Авто тээврийн үндэсний төвийн Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн Архив лавлагааны тасгийн дарга Б.Батбаяраас тодрууллаа.
-Иргэд автомашины шилжүүлгийг өөрийн биеэр очиж хийлгээгүйгээс болж асуудалд их ордог гэнэ. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Иргэд автомашины өмчлөлтэй холбоотойгоор цагдаагийн байгууллагад их дуудагдаж байна. Учир нь автомашинаа худалдахдаа нотариатаар итгэмжлэл хийлгэж, эсвэл худалдах худалдан авах гэрээ хийснээр нэр шилжсэн гэж үздэг. Гэтэл энэ нь ардаа маш том эрсдэлийг дагуулж байдаг. Худалдаж авч байгаа хүн нь өөрийн биеэр манай байгууллага дээр ирж шилжүүлэг хийлгэдэггүй. Машинаа зарж байгаа хүмүүс ч үүнийг шаарддаггүй. Энэ нь цаанаа ямар нэгэн зорилго агуулж байгаа юм биш биз гэж бид хардаж байгаа. Шилжүүлэг хийлгээгүйн улмаас татвараас бичиг, цагдаагаас торгуулийн хуудас их ирнэ. Хэдий тухайн иргэн автомашинаа зарсан байсан ч шилжилт хөдөлгөөн хийлгээгүй бол нэр дээр нь торгуулийн хуудас ирнэ. Түүнийг нь ашиглаад янз бүрийн гэмт хэрэг үйлдэгдэх, цааш нь худалдах, ББСБ-д тавьж ашиг хонжоо хөөх зэрэг хууль бус хэрэг гарч байна. Мэдээж цагдаагийн байгууллагаас эзэмшигчийг нь тодруулан шалгаж эхэлдэг. Тэгэхийн тулд манайхаас эзэмшигчийнх нь хаяг мэдээллийг авдаг. Ингээд эзэмшигчийн хаягаар цагдаагийн байгууллага очно гэсэн үг. Ийм олон эрсдэлийг дагуулж байгаа учир иргэд автомашинаа худалдсан бол өөрийн биеэр ирж бичиг баримтаа шилжүүлж өгөх хэрэгтэй. Тэгэх юм бол энэ бүх эрсдэлээс өөрийгөө хамгаалж, гэмт хэрэг зөрчлөөс сэргийлнэ.
-Улсын хэмжээнд нийт хэдэн тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдаг вэ. Тэдний хэд нь оношлогоонд орсон бэ?
-МУ-ын хэмжээнд 851179 автомашин бүртгэлтэй байдгаас нийслэлд 600 мянган нь бий. Тэрнээс 450 мянга орчим нь татвараа төлж, оношлогоонд идэвхитэй оролцдог.
-Цагдаагийн байгууллагаас тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнтэй холбоотой лавлагаа өгөхийг хүссэн хүсэлт их ирдэг үү?
-Манайд цагдаагийн 10-аад нэгжээс тээврийн хэрэгслийн эзэмшигчтэй холбоотой, шилжилт хөдөлгөөнтэй холбоотой лавлагаа мэдээлэл өгөх хүсэлт их ирдэг. Сүүлийн жилүүдэд бүр ч нэмэгдсэн. 160 сая төгрөгийн үнэтэй Ланд 200 маркын автомашиныг хуурамч бичиг баримт үйлдэн шилжүүлсэн байна гэх хэрэг гарсан байна. Тухайн бүрдүүлсэн бичиг баримтын хуулбарыг авахыг хүсэн цагдаагийнхан бидэнд ханддаг. Тэгэхээр хүн болгон өөрийн эзэмшиж байгаа эд хөрөнгөдөө хариуцлагатай хандах ёстой. Тийм учраас шилжилт хөдөлгөөнийг өөрийн биеэр ирж хийж байх хэрэгтэй байна.
-Танай байгууллагаар дамжин өдөрт хичнээн шилжилт хөдөлгөөн хийгдэж байна вэ?
-Бид энэ талаар өдөр бүр мэдээ авдаг байгаа. Манайхаар өдөрт 300 гаруй автомашин шинээр бүртгэгдэж, 800 гаруй автомашины шилжилт хөдөлгөөн хийгдэж байдаг. Мөн итгэмжлэхээр дамжсан, худалдах, худалдан авах гэрээ хийж шилжүүлсэн тохиолдол зөндөө байгаа байх.
-Танайх хичнээн цэгт шилжилт хөдөлгөөн хийж байна вэ? Шилжилт хөдөлгөөн хийхэд оочёр дараалал их байдгаас иргэд нотариатаар итгэмжлэл хийлгээд байна уу?
-Улаанбаатар хотод найман цэгт тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн, бүртгэлийн үйл ажиллагаа явуулдаг. Иргэд нотариат руу явах, бүртгэлийн газар руу явах хоёр яг адилхан хугацаа зарцуулна. Өөрт аль ойр байрлах бүртгэлийн газарлуугаа очоод л шилжилт хийлгэчихвэл дээрх эрсдлээс өөрийгөө хамгаалж байгаа юм. Ингэснээр худалдсан гэх автомашин дээр торгуулийн суудас бичигдэж тухайн иргэнд очихгүй, татварын нэхэмжлэл ирэхгүй, гэмт хэрэгтэй холбоотой цагдаагийн байгууллагаас дуудагдахгүй, ББСБ-аас өртэй гэж нэхэгдэхгүй байх юм. Эдгээр эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн тулд бид заавал шилжилт хөдөлгөөн хийхдээ биечлэн очиж хэвшихийг уриалж байна.
Эх сурвалж: www.zaluu.com