1900-1234 info@transdep.mn
2022.07.08

2022 оны эхний хагас жилийн тайлан

"Автотээврийн үндэсний төв” нь үйлдвэрийн газрын 2022 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө хэрэгжүүлэх хүрээнд 2022 оны эхний хагас жилд дараах ажлуудыг хийж гүйцэтгэсэн болно.

- Автотээврийн үндэсний төв нь 2022 оны эхний хагас жилд нийт 15.0 тэрбум төгрөгийн орлогын төлөвлөгөөтэй ажиллахаар төлөвлөснөөс хүлээгдэж буй гүйцэтгэлээр 16.2 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлж 108%-ийн биелэлттэй ажиллалаа.
- Үйлдвэрийн газрын 2021 оны санхүүгийн тайлангийн аудитын дүгнэлтээр зөрчилгүй санал дүгнэлт авч ажилласан.
- Хөрөнгө оруулалтын нийт 14 нэр төрлийн 22 багц 2,746.9 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий худалдан авах ажиллагаа төлөвлөгдсөн.
- 2022 оны эхний хагас жилийн байдлаар бүрэн хэрэгжсэн 3 ажил, гүйцэтгэлийн шатандаа явж байгаа 7 ажил, сонгон шалгаруулалтын шатандаа явж байгаа 4 ажил, шууд худалдан авсан 3 ажил, Зам, тээврийн салбарын үйлчилгээ, үйл ажиллагааг цахимжуулах дунд хугацааны дэд хөтөлбөрт тусгагдсан зорилтот арга хэмжээг хөгжүүлж хэрэгжүүлэхтэй холбоотой эрх шилжүүлсэн 5 ажил байна.
- 2022.06.11-ний өдрөөс эхлэн Иргэд аж ахуйн нэгж байгууллагаас гаргасан гомдол, санал хүсэлтийн 70071234 дугаар утсанд дуудлага авч эхэлсэн. Тухайн хугацаанд нийт-48 гомдол ирснийг холбогдох хэлтэс нэгж, салбарт шилжүүлэн гомдол гаргасан иргэнтэй холбогдон хариуг тухай бүр өгч шийдвэрлэн ажиллаж байна.
- Мэдээллийн ил тод байдлыг хангаж Үйлдвэрийн газрын хэмжээнд 1683 мэдээллийг шилэн дасанд болон tender.gov.mn цахим хуудсанд байршуулж ажилласан.

2022 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛД ХЭРЭГЖҮҮЛСЭН ТОМООХОН АЖЛУУДААС ДУРДВАЛ

1. Цахим монгол хөтөлбөрийн хүрээнд ЗТХЯ, Нотариатчидын танхим хамтран ажиллах гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээний хүрээнд нотариатын серверийг бүртгэлийн програмтай холбон үйл ажиллагаанд нэвтрүүлсэн.

2. Тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дуудлага худалдааг тасралтгүй амжилттай зохион байгуулан явуулсан бөгөөд 2022 оны эхний хагас жилд Хүүхдийн төлөө санд 1,5 тэрбум төгрөг төвлөрүүлсэн бөгөөд дуудлага худалдаа зохион байгуулж эхэлснээс хойш Хүүхдийн төлөө санд нийт 5 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна.

3. Төрийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй хүргэх, нийслэл хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах зорилгоор тайлант хугацаанд Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт Яармаг, Зайсан салбарыг шинээр нээн ажиллуулж байгаа бөгөөд Да хүрээ, Олон улсын авто худалдааны цогцолборт байрлах салбарын ажлын цагийг уртасган Хөдөлмөрийн хууль, байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын хүрээнд зохицуулалт хийн ажиллаж байна.

4. Жуулчин тээврийн үйлчилгээг Төрийн үйлчилгээний нэгдсэн портал /www.е-mongolia.mn/-аар дамжуулан, тус үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагатай тээвэрлэлтийн гэрээ байгуулах хүсэлтийг цахимаар хүлээн авч шийдвэрлэн /TOURIST/ таних тэмдэгтүүдийг олгон ажиллаж байна.

5. Дотоодын ачаа тээврийн https://logistic.transdep.mn сайтны мобайл гар утасны аппликейшнийг 2022 оны 1 дүгээр улиралд багтаан бэлэн болгож, 2022.03.31-ны өдөр андройд гар утсанд зориулагдсан хувилбарыг Playstore-д байршуулсан.

6. Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны А/200 дугаар тушаалын хэрэгжилтийг хангуулах, тээвэрлэлтийн ажил үйлчилгээг сайжруулах, зорчигч тээврийн автобуудлаар тав тухтай, соёлтой үйлчлүүлэх боломжийг хангах, сайжруулах зорилгоор ачаа тээшийг “Бүртгэлжүүлэх, түр хадгалах” үйлчилгээг олон нийтэд хүргэх зорилт тавин Баянхонгор, Увс, Завхан, Өвөрхангай, Дорноговь, Дархан-Уул аймгууд автобуудлаар дамжуулан илгээмжийн ачааг бүртгэлжүүлэх ажлыг зохион байгуулж байна.

7. Автотээврийн салбарын стандартчиллын техникийн хороо /ТХ-15/-ны хуралдаанаар дараах 3 -н стандартыг шинээр батлуусан. Үүнд:

MNS 6969:2022Тээврийн хэрэгслийн резин дугуй засварын үйлчилгээ. Ерөнхий шаардлага.
MNS 6970:2022 Автотээврийн хэрэгслийн их биеийн засвар, үйлчилгээ. Ерөнхий шаардлага
MNS 6971:2022 Автотээврийн хэрэгслийг тос, тосолгооны болон ашиглалтын материалаар цэнэглэх үйлчилгээ. Ерөнхий шаардлага.

8. Тус үйлдвэрийн газрын Автотээврийн хяналтын улсын байцаагч нар 2022 оны эхний хагас жилийн байдлаар Зорчигч тээврийн 7361, ачаа тээврийн 3587, тээвэрлэлтийн гэрээгүй зорчигч тээврийн 165 тээврийн хэрэгслүүдийг шалгаж, нийт 776 зөрчилд 85.750.000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ оногдуулж 9054 иргэнд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж ажилласан байна.

9. Үйлдвэрийн газрын архивт байнга хадгалах хугацаа дууссан 2009-2013 оны 83 хадгаламжийн нэгжийг батлагдсан данс бүртгэлийн дагуу Үндэсний төв архивт шилжүүлэн өгч байнга хадгалах баримтыг төв архивт шилжүүлэн өгдөг хөмрөг үүсгэгч байгууллагаар бүртгүүлсэн.

10. Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, агаарын бохирдлыг бууруулах, ойн нөөцийг хамгаалж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэж, үйлдвэрийн газрын захирлын 2022.05.05-ны өдөр баталсан хөтөлбөрийн дагуу 1 ажилтан 1 мод уриалгыг дэвшүүлэн 800 мод тариад байна.

11. Өнгөрсөн хугацаанд манай байгууллагын нийт 515 ажилтан COVID-19 шинэ төрлийн коронавирусын халдвар авч эдгэрсэн байна. Гэвч бусад амьсгалын замын халдварт өвчнүүдтэй харьцуулбал коронавирусын эрүүл мэндэд үзүүлэх урт хугацааны хор нөлөө илүү ноцтой болохыг эрдэмтэд онцолсоор байгаа билээ. Үйлдвэрийн газраас нийт ажилчдынхаа эрүүл мэнд, хөдөлмөрийн бүтээмжид анхаарч “Эрүүл чийрэг ажилтан” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ хүрээнд явган аялал, ууланд алхах, уулын дугуйн аялал зэрэг олон талт арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлж байна.

Тус хурлаар үйлдвэрийн газрын нэр бүхий албан хаагчдыг Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн хүндэт тэмдэг, тэргүүний ажилтан, хүндэт өргөмжлөл, хүндэт жуух бичгээр шагнав.

Та бүхний алтан шар зам тань өлзийтэй байх болтугай.

Дуудлага худалдаа эхлэхийг та
мэдсэн үү?

УЕА шинэ серийн 387 онцлог дугаарын дуудлага худалдаа 4 сарын 18-наас 5 сарын 12 хүртэл ажлын 19 хоногийн турш үргэлжилнэ.