1900-1234 info@transdep.mn
2017.07.20

МЭНДЧИЛГЭЭ

Монголчуудын уламжлалт тээвэр тэмээн жин, морин өртөөнөөс эхлээд механикжсан тээврийн хэрэгсэлд шилжсэнээс хойш 100 шахам жил болох гэж байна. Тэртээ 1925 онд авто тээврийн хөгжлийн түүх эхэлж, Монгол Улсын хөгжилд түүхэн үүргээ гүйцэтгэх бахдам сайхан хөгжлийн замын эхлэл тавигдсан билээ.

Өдгөө 92 жилийн түүхийг бичилцсэн тээвэрчдийн алдрыг мөнхөлж, өнөө болон ирээдүй цагийн автотээврийн салбарын түүхийг бичилцэж байгаа тээвэрчид Та бүхэндээ Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа автотээврийн салбар үүсч хөгжсөний ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье.

Эх орноо батлан хамгаалахаас эхлээд хот, аймаг сумдын бүтээн байгуулалт, эрүүл мэнд, боловсролын салбарын хөгжил, нийгэм эдийн засгийн бүхий л үйл хэрэгт тээвэрлэлтийн хэрэгцээг хангахад өөрсдийн сэтгэл зүрхээ зориулж ирснийг бахархан тэмдэглэж байна.

Өргөн уудам газар нутагтай, далайд гарцгүй, төмөр зам болон агаарын тээврийн сүлжээ хязгаарлагдмал манай орны нөхцөлд автотээвэр нь ачаа, зорчигчийг “хаалганаас хаалга”-нд хүргэдэг, хамгийн түгээмэл, хүртээмжтэй тээврийн төрөл юм.

Иймээс автотээврийн үйлчилгээг олон улсын жишигт хүргэх, угтах он жилүүдэд улсынхаа хөгжилд бодит хувь нэмрээ оруулах хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргийг тээвэрчид Та бид хүлээж байна.

Автотээврийн салбарын хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох, орчин үеийн дэвшилтэд технологийг ашиглах, дэд бүтцийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хөгжүүлэх зорилтыг тавин ажиллаж байна.

Бүс нутгийн эдийн засгийн хөгжлийг дэмжих, хөгжлийн бодлогыг уялдуулах болон дэд бүтцийг хөгжүүлэх, худалдаа-тээврийг хөнгөвчлөх, автотээврийн салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор хөрш орнуудтай “Азийн авто замын сүлжээгээр олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр” байгуулан ажиллаж байна.

Зам, тээврийн хөгжлийн яам 2017 оныг “Бүтээн байгуулалтын жил” болгон зарлаж, энэ зорилтынхоо хүрээнд Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээл болон улсын төсвийн хөрөнгөөр 21 аймаг, нийслэлд техникийн хяналтын үзлэгийн төв, Хөвсгөл, Булган, Орхон, Дархан-Уул, Өмнөговь, Увс аймагт зорчигч тээврийн автобуудал барьж ашиглалтад орууллаа.

Түүнчлэн Архангай аймгийн Эрдэнэбулган сум, Хэнтий аймгийн Хэрлэн сум, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын төвд зорчигч тээврийн автобуудлыг концессын гэрээгээр барьж ашиглалтад оруулахаар ажлаа эхлүүлээд байна.

Тээвэрчдийнхээ нөр их хүчин зүтгэлээр түүхэнд шинэ хуудас нэмсэн олон ажлын эхлэл тавигдаж, улс орныхоо хөгжлийн төлөө нэгэн хүсэл зорилгоор ажиллаж, өнөөдрөөс илүү өндөрт хүрнэ гэдэгт итгэлтэй байна.

Та бүхний алтан шар зам өлзийтэй байж, ажил үйлс тань өөдрөг бүтэмжтэй байхын ерөөл өргөе.

 

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙД Д.ГАНБАТ

 

 

Дуудлага худалдаа эхлэхийг та
мэдсэн үү?

УЕА шинэ серийн 387 онцлог дугаарын дуудлага худалдаа 4 сарын 18-наас 5 сарын 12 хүртэл ажлын 19 хоногийн турш үргэлжилнэ.