1900-1234 info@transdep.mn
2017.09.04

МОНГОЛ-ОРОСЫН ТЭЭВРИЙН САЛБАР ДАХЬ ХАМТЫН АЖИЛЛАГАА ӨРГӨЖИН ХӨГЖИЖ БАЙНА

ОХУ-ын Улаан-Үүд хотноо Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Тээврийн сайд нар зөвлөлдөж, "Азийн авто замын сүлжээгээр олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр"-ийн хэрэгжилт болон бэлтгэл ажлын талаар зөвлөлдсөн билээ. Тус уулзалтанд Монголын талаас Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл, ОХУ-ын талаас Тээврийн сайд М.Ю.Соколов, БНХАУ-ын талаас Тээврийн дэд сайд Лью Шяомин тэргүүтэй албаны төлөөлөгчид оролцсон юм.

Энэхүү зөвлөлдөх уулзалтын үеэр Монголын талаас ОХУ-ын талтай хоёр талын уулзалт хийж, Монгол, Оросын хооронд зам, тээврийн салбарт хэрэгжүүлж буй хамтын ажиллагааг өргөжүүлэх, бэхжүүлэх хүрээнд хэд хэдэн асуудлаар санал солилцлоо.

Өнгөрсөн оны 12 дугаар сард Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат Москва хотноо “Азийн авто замын сүлжээгээр автотээвэрлэлт гүйцэтгэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг байгуулж байсан бол хэдхэн сарын дараа энэхүү хэлэлцээрийг хэрэгжүүлэх, дамжин өнгөрөх тээвэрлэлтийг зохион байгуулах, бодит ажил хэрэг болгохоор гурван улсын Тээврийн сайд нарын хурал ийнхүү зохион байгуулагдаж байгаа нь ихээхэн ач холбогдолтойг талууд уулзалтын эхэнд онцоллоо.

Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын Тээврийн ажлын хэсгийн 12 дугаар хуралдаанаар талууд Монгол Улсын Сэлэнгэ аймгийн Сүхбаатар– ОХУ-ын Улаан-Үүд хотын чиглэлд зорчигчдын байнгын тээврийн чиглэлийг шинээр нээхээр тохирсон байдаг. Монголын тал “Сүхбаатар-Улаан-Үүд” чиглэлд зорчигчдын байнгын тээврийн үйлчилгээг эхлүүлэх хугацаа, үнэ тариф, давтамжийн талаарх саналаа ОХУ-ын Тээврийн яаманд албан бичгээр хүргүүлээд байгаа тул тээвэрлэлтийн үйл ажиллагааг ойрын хугацаанд эхлүүлэх хүсэлтэй байгаагаа дэд сайд Б.Цогтгэрэл танилцуулав.

Түүнчлэн “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн жагсаалтад орсон төмөр замын төслийн нэг болох Зүүн коридор буюу Борзя-Соловьевск-Эрээнцав- Чойбалсан-Хөөт-Бичигт-Шилийн гол- Зиньжоу чиглэлийн төмөр замын төслийг хэрэгжүүлснээр Ази-Европыг холбосон транзит тээврийн шинэ гарц бий болно гэдгийг уулзалтын үеэр онцоллоо.

Улаанбаатар-Улаан- Үүд хотын хооронд тогтмол, шууд нислэг энэ оны зургаадугаар сараас гүйцэтгэж эхэлсэн бөгөөд хоёр улсын хил орчмын хамтын ажиллагаа, нийгэм, соёл, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ. Цаашид энэ чиглэлийн агаарын тээврийн үйлчилгээг жигдрүүлэх, тогтмолжуулахын тулд зорчигчдод үнийн хямд нөхцөл санал болгох нь чухал байгаа тул агаарын зам ашигласны хураамж, нисэх буудлын буулт хөөрөлтийн хураамж, зорчигчийн такс, бүртгэх цэгийн хураамж зэрэг төлбөрөөс хөнгөлөх, чөлөөлөх асуудал дээр ОХУ-ын талаас дэмжлэг үзүүлэхийг хүсэв.

ОХУ-ын талаас Тээврийн сайд М.Ю.Соколов “Тээврийн салбарын хамтын ажиллагаа амжилттай өргөжин хөгжиж, худалдаа, эдийн засаг гээд бүхий л чиглэлд үр өгөөжөө өгч байна. Тухайлбал, УБТЗ ХНН-ийн дизель түлшний онцгой албан татварыг Монголын талаас хөнгөлснөөр УБТЗ-ын эдийн засгийн тогтвортой ажиллагаа хангагдсан бөгөөд энэхүү ажилд хүчин чармайлт гаргасан та бүхэнд гүн талархал илэрхийлье” гэв. Тэрээр дээр дурдсан төмөр замын томоохон төсөл, хөтөлбөрүүдийг бүрэн дэмжиж байгаа бөгөөд Кызыл-Курагино чиглэлийн төмөр зам Монгол Улсын Овоот –Эрдэнэт чиглэлийн төмөр замтай холбогдсоноор Олон Улсын тээврийн гарц бий болох ач холбогдолтой хэмээн онцлов. Монголын талаас хөндөж тавьсан асуудлыг зөвхөн хоёр талын бус олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэхэд анхаарч, бүхий л боломжоор дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийллээ.

Дуудлага худалдаа эхлэхийг та
мэдсэн үү?

УЕА шинэ серийн 387 онцлог дугаарын дуудлага худалдаа 4 сарын 18-наас 5 сарын 12 хүртэл ажлын 19 хоногийн турш үргэлжилнэ.