1900-1234 info@transdep.mn
2017.11.07

ЗТХ-ИЙН САЙД Ж.БАТ-ЭРДЭНЭ ОРОН НУТГИЙН ЗАМЫН НӨХЦӨЛТЭЙ ТАНИЛЦАЖ ШУУРХАЙ УДИРДЛАГААР ХАНГАН АЖИЛЛАЖ БАЙНА

Ихэнх нутгаар их хэмжээний цас орсноос орон нутгийн чиглэлийн замын зарим хэсэгт үзэгдэх орчин хязгаарлагдах, гулгаа үүсэх зэрэг нөхцөл байдал үүсээд байгаа.Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ цаг үеийн мэдээллийг шуурхай авч холбогдох удирдлагуудад үүрэг өгч байгаа бөгөөд орон нутгийн АЗЗА компаниуд 24 цагийн турш  бэлэн байдалд ажилласнаар хаагдсан зам даваа байхгүй, хөдөлгөөн саадгүй нэвтэрч байна.   Өнгөрсөн шөнө Зам тээврийн сайд Ж.Бат-Эрдэнээр ахлуулсан баг  Улаанбаатар-Өвөрхангайн чиглэлд гулгаа үүссэн, цас ихтэй байгаа зам даваануудтай биечлэн танилцаж тухайн чиглэлд ажиллаж байгаа АЗЗА компаний удирдлага, ажилтнуудтай уулзан газар дээр нь чиглэл өглөө 

 

  Ж.Бат-Эрдэнэ:  Гулгаатай зам даваанд 160 гаруй ажилтан 24 цагаар  ажиллаж байна

-Яг одоо шөнийн  1:40 минут болж байна. Таны хувьд Улаанбаатар Өвөрхангай чиглэлийн  цас их орсон, гулгаатай зам даваануудыг үзэж газар дээр нь үүрэг өгч байна. Одоогийн байдлаар улсын хэмжээнд замын нөхцөл байдал ямар байна вэ? 

Ихэнх нутгаар цас орж, зарим газар шуурч байгаатай холбогдуулан Зам тээврийн яам, Авто тээврийн Үндэсний төв мэдээллийг цаг бүр авч шуурхай удирдлагаар хангаж ажиллаж байна. Улсын хэмжээнд 47 зам засвар арчлалтын шуурхай ажлын хэсэг ажилдагаас өнөөдөр 22 ажлын хэсэгт 160 гаруй ажилтан 24 цагаар засвар арчлалтыг хийж байна. Говийн аймгуудын ажлын хэсгүүд бэлэн байдалд байна.

Одоогийн байдлаар зүүн талруугаа Чойр, Налайх, Хоолтын даваа орчим, хойшоо 52-ын даваа, баруун тийш Шарт, Бумбатын даваа, Архангайн Цагаан даваа, Багануурын замд гулгаа үүссэн. Гэхдээ  газар дээрээ бөглөрөл үүсээд машинууд овоорсон юм алга. АЗЗА-нууд маань өнөөдрийн байгаа хүчин чадлаар  техник хэрэгсэлтэйгээ 7-10 хүн нэг цэг дээр ажиллаж байна.  Гулгаа үүссэн хэсгүүд дээр элс хайрга, бодис цацаж машинуудаа нэвтрүүлж байгаа гэсэн мэдээллийг аваад байна.

-Зам тээврийн яамны хувьд 11 сарын эхний цас өвөлжилтийн бэлтгэлд анхааруулга өгчих шиг боллоо. Ер нь салбарын хувьд өвлийн бэлтгэл хэр хангагдсан бэ. Техник тоног төхөөрөмж, элс давс бодисын нөөц ямар байна?

-Өвөлжилтийн бэлтгэл 90-ээд хувьтай хангагдсан. Энэ жилийн цаг уурын урьдчилсан мэдээгээр цас их орох төлөвтэй байгаа.  Хэрэв үргэлжилсэн их цас орвол эдийн засгийн хувьд хүндэрнэ. Нийт авто замын сүлжээний засвар ашиглалтыг хийхэд 50 гаруй тэрбум төгрөг шаардлагатай байдаг. Гэтэл энэ жил дөнгөж 12 тэрбум тавигдсан. Өнөөдөр  эхний цаснаар гэхэд нэг АЗЗА-аас хэдэн инженерүүд 2-3 техник хэрэгсэлтэй л ажиллаж байна.  Гол нь тавьсан замаа арчлахгүй бол хэдэн зуун км зам бариад ямар ч үр дүнгүй.

 Нөхцөл байдал боломжийн гэж хэлж чадахгүй ч замчид маань бүх хүчин чадлаараа ажиллаж байна. 

АЗБХЗГ-ын дарга Д.Доржханд: Шуурхай ажилласны үр дүнд хаагдсан зам даваа байхгүй

-Энэ жил ер нь өвөлжилтийн бэлтгэл хэр байна танай замынхны хувьд?

Энэ жилийн хувьд маш хүнд жил болж байна. Зун нь маш их үер бууж далан сэтэрсэн, хиймэл байгууламжууд нурсан. Үнэхээр ажлын бэлэн байдлыг шалгасан зун боллоо. Гэтэл өвөл нь хүндрэх төлөвтэй байна.

Зам тээврийн хөгжлийн яамны харьяа 47 шуурхай ажлын хэсэг хүндрэлтэй зам дагуу бөглөрдөг, шуурдаг, гулгаатай газруудад гарсан ажиллаж байна. Хаагдсан зам даваа байхгүй.  Бидний замд явж шалгасан байдлаар Баянчандманий ажлын хэсэг зам дагуу арчлалтаа хийгээд бэлэн байдлыг хангаад явж байгаатай таарч уулзлаа. Үнэндээ байгаа бололцоо,  нөөцөөрөө бид 24 цаг ажиллаж  байна.  Гэвч хөрөнгө зардал энэ жил маш бага тавигдсан, хүнд байна. Өвөлжилт хүндэрвэл бараа материал, шатахуунаа зээл аваад ч бол засвар арчлалтаа бүгдийг хийнэ.  Бидний гол үүрэг бол ард иргэд, тээврийн хэрэгслийнхээ аваар осолгүй ая тухтай зорчих нөхцлийг бүрэн биелүүлэх явдал юм. Өнөө шөнө сайдын явсан шалгалтаар харьяа газрууд маань сайн ажиллаж сайн үнэлгээ авч байна. Эд нар маань шөнөжин ажиллаад замын нөхцөл хэвийн болтол шаардлагатай бүх арга хэмжээг авна.

-Тоног төхөөрөмж бодисын нөөц хангалттай биш гэсэн асуудал сая яригдлаа. Ер нь яаж тооцдог вэ?

-Бодисын хэмжээг хатуу хучилттай авто замын урт буюу км-ээр нь  тухайн аж ахуйн нэгжийн нийт нөөц бэлдэх хэмжээг тогтоодог. Одоогийн байдлаар Баянчандмань АЗЗА 30-аад тонныг нөөцлөхөөс 11 тонныг нөөцөлсөн байна. 12 сар гаргаад ахиад хэдий хэмжээний нөөц бэлтгэхээр байна гэдгийг тооцоод нөөц базаана.

Дуудлага худалдаа эхлэхийг та
мэдсэн үү?

УЕА шинэ серийн 387 онцлог дугаарын дуудлага худалдаа 4 сарын 18-наас 5 сарын 12 хүртэл ажлын 19 хоногийн турш үргэлжилнэ.