П.Дэлгэрнаран: Салбарын ажилтан, албан хаагчдын хөдөлмөр хамгааллын асуудал бол салбарын хэмжээнд нэн чухал асуудал
“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ нь 2017 оныг “Автотээврийн менежментийг сайжруулах жил” болгон зарлаж, тээврийн салбарын төрийн бус байгууллагууд, аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран олон системт ажлыг хийж хэрэгжүүлсэн юм.
Хамтын ажиллагааны хүрээнд хууль бус тээвэрлэлттэй тэмцэх, орон нутгийн замын хяналт шалгалтыг эрчимжүүлэх, жолооч тээвэрчдийг ажилд зуучилж, ажлын байраар хангах, техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, тээвэрчид, жолооч нарын үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, мэдлэг, мэдээллээр хангах гэх мэт ажлыг зохион байгуулснаар нийтийн тээврийн зорчигч урсгалын тоо улам бүр нэмэгдэж, тээвэрлэлтэд гарсан зөрчил өмнөх оныхтой харьцуулахад 23,7 хувиар буураад байна.
- Төрийн бус байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж санал солилцлоо -
“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ –аас хамтран ажиллагч төрийн бус байгууллагуудын төлөөлөлтэй уулзалт зохион байгуулж санал солилцлоо. Тус уулзалтын хүрээнд тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцэж, хамтран шийдвэрлэх ажил, цаашдын хөгжлийн гарцын талаар санал солилцсон юм.
Уулзалтад Зорчигч тээврийн төвүүд, Хот хоорондын тээвэр эрхлэгчдийн холбоо /ХХТЭХ/, Монголын Автотээвэрчдийн Нэгдсэн холбоо, Логистикийн холбоо, Ачаа тээврийн үйлчилгээ эрхлэгчдийн холбоо, Аялал жуулчлалын холбоо, Такси үйлчилгээ эрхлэгчдийн холбоо, Аюулгүй тээврийн хөгжил, шинэчлэл НҮТББ, Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо, Монголын Авто үйлчилгээ эрхлэгчдийн холбоо, Автотээврийн мэргэжлийн холбоо, Монголын Авто инженерүүдийн холбоо, Монголын автомашины дистрибьюторуудын ассоциаци /МАДА ТББ/, Монголын төмөрлөг машин үйлдвэрлэлийн үндэсний холбоо, Монголын Авто сургууль курсуудын нэгдсэн холбоо, “Алтан боломж” хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээний төв зэрэг байгууллагуудын төлөөлөл оролцлоо.
Уулзалтын үеэр тус үйлдвэрийн газрын захирал П.Дэлгэрнаран “2017 оныг бид Автотээврийн менежментийг сайжруулах жил болгон зарлаад багагүй ажлыг хэрэгжүүлж ажиллалаа. АТҮТ –ийн систем тогтворжиж, олон ажлыг хийж хэрэгжүүлээд байна. Зарим нэг ажлыг системтэйгээр хийх шаардлагатай тул бэлтгэл ажлыг хангаж, үндэс суурийг тавиад байна. ТББ-ууд бидэнд чухал санал санаачлагыг гаргаж, хамтран ажиллаж байгаа нь тээврийн салбарын хөгжилд томоохон хувь нэмэр оруулж байгаа гэдгийг энд онцлох нь зүйтэй. Ирэх жилийн хувьд ТББ-уудаас ирүүлсэн төсөл хөтөлбөрийг дэмжин ажиллахаас гадна орон нутаг болон бусад газруудаар туршлага судлах, асуудал шийдвэрлэх боломжууд бий гэж харж байна. Мөн салбарын ажилтан, ажиллагсдын хөдөлмөр хамгааллын асуудал нэн чухал асуудал тул бид бүхэн хууль, стандартын дагуу зохион байгуулж, ажилтан албан хаагчид, тээвэрчдийнхээ нийгмийн асуудалыг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна” хэмээн онцоллоо.
Тэд уулзалтын хүрээнд аж ахуй нэгжүүдтэй хамтран ажиллаж, хяналт шалгалтыг зохион байгуулах, хот хоорондын нийтийн тээвэрт тулгамдаж байгаа асуудлыг нийтийн сонсгол хэлбэрээр зохион байгуулж, цагийн давтамж нэмэгдүүлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, осол аваар бууруулах, чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо.