Улс, хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээнд дэмжлэг үзүүлнэ
Эдийн засгийн хамтын ажиллагааны сангаас 2011-2015 онд авах зээлийн
тухай Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээрийн
хүрээнд “Улс, Хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээнд дэмжлэг үзүүлэх төсөл”-ийн
дагуу БНСУ-аас хөнгөлөлттэй зээлээр том оврын автобус нийлүүлэх болсон.
Төслийн хүрээнд эхний ээлжийн 45 хүний суудал бүхий 43 том оврын автобусыг Автотээврийн
үндэсний төв “Hyundai Motors” компаниас хүлээн авлаа. Тус автобуснууд нь зорчигчийн
ая тухтай, аюулгүй байдлыг хангасан, тээшний хонгил бүхий, монгол орны тээвэрлэлтийн
байдал, цаг агаар, замын нөхцөлд бүрэн нийцсэн аж.
Энэхүү төсөл нь 30 жилийн хугацаатай үргэлжлэх бөгөөд тус том оврын автобусыг улс,
хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн парк шинэчлэлтэд
зориулан хөнгөлөлттэй зээлээр олгох юм.
Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан тус автобусыг Ази, Европын
дээд хэмжээний уулзалтын үеэр олон улсын зочид, төлөөлөгчдийн үйлчилгээнд ашиглахаар
Автотээврийн үндэсний төвөөс GPS суурилуулан нэгдсэн байдлаар хяналт тавьж ажиллахаар
бэлтгэл ажлыг бүрэн хангаад байна.
Мөн ЗЦГ-аас Ази, Европын дээд хэмжээний уулзалттай холбогдуулж албан хэрэгцээнд
ашиглагдах “PRIUS 30” маркийн 52 автомашинд мөн хяналтын систем суурилуулж, хөдөлгөөний
аюулгүй байдлыг бүрэн хангасан.
Тус уулзалтын үеэр үйлчилгээнд ажиллах жолооч нарыг Автотээврийн үндэсний төвөөс
сонгон шалгаруулж Хот хоорондын нийтийн зорчигч тээврийн аж ахуйн нэгж, байгууллагууд
болон “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГазар, хувиараа хөдөлмөр эрхлэгч зэрэг нийт
50 жолооч шалгаруулж, харилцааны ёс зүй, гадаад хэл, аюулгүй жолоодлого, аюулгүй
ажиллагааны олон улсын жишиг сургалтанд хамруулан сертификат гардуулсан юм.
АВТОТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ