Автотээврийн хэрэгслийг бүртгэлээс хасуулах тухай
Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 11 сарын 18-ны өдрийн А/ 222 тушаалаар баталсан “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-ын 7 дугаар бүлэгт автотээврийн хэрэгслийг бүртгэлээс хасах, бүртгэлийг сэргээх талаарх зохицуулалтыг танилцуулж байна.
Долоо. Автотээврийн хэрэгслийн бүртгэлээс
хасах, бүртгэлийг сэргээх
7.1. Автотээврийн хэрэгслийг бүртгэлээс хасахад дараах тээврийн хэрэгсэл хамрагдана. Үүнд:
7.1.1. ашиглалтаас хасагдсан тээврийн хэрэгсэл;
7.1.2. Монгол Улсад ашиглагдаж байгаад экспортод гарсан автотээврийн хэрэгсэл;
7.2. Дараах тохиолдолд бүртгэлийн байгууллага автотээврийн хэрэгслийг бүртгэлээс хасна. Үүнд:
7.2.1. эрх бүхий хуулийн байгууллагын шийдвэр гарсан байх;
7.2.2. тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч тогтоогдохгүй байх;
7.2.3. сүүлийн 5 жил техникийн хяналтын үзлэгт хамрагдаагүй
7.3. Автотээврийн хэрэгслийг бүртгэлээс хасуулахад иргэн дараах баримт бичгийг бүрдүүлнэ. Үүнд:
7.3.1. энэ журмын 3.3.1, 3.3.2, 4.2.3, 4.2.4-т заасан баримт бичиг;( бүртгэлийн мэдүүлэг, иргэний үнэмлэх, автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар төлсөн баримт, хуулиар оногдуулсан торгууль төлсөн баримт)
7.3.2. үйлчилгээний хөлс төлсөн баримт;
7.3.3. автотээврийн хэрэгслийн гэрчилгээ, улсын дугаарын тэмдэг үрэгдүүлсэн бол хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлуулсан баримт;
7.3.4. автотээврийн хэрэгслийг дахин боловсруулах үйлдвэрт тушаасан бол тухайн үйлдвэрийн тодорхойлолт;
7.3.5. хэрэв автотээврийн хэрэгслийг улсын хилээр гаргасан бол гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг
7.4. Автотээврийн хэрэгслийг бүртгэлээс хасахад хуулийн этгээд дараах баримт бичгийг бүрдүүлнэ. Үүнд:
7.4.1. хүсэлт;
7.4.2. хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ;
7.4.3. энэхүү журмын 3.3.1, 4.2.3, 4.2.4(бүртгэлийн мэдүүлэг, автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар төлсөн баримт, хуулиар оногдуулсан торгууль төлсөн баримт) болон 7.3.2-7.3.5-д заасан баримт бичиг
7.5. Дипломат байгууллага автотээврийн хэрэгслийн бүртгэлээс хасахад дараах баримт бичгийг бүрдүүлнэ.Үүнд:
7.5.1.гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын хүсэлт;
7.5.2. энэхүү журмын 3.3.1, 3.4.2, 4.2.3, 4.2.4 (бүртгэлийн мэдүүлэг, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар төлсөн баримт, хуулиар оногдуулсан торгууль төлсөн баримт ) болон 7.3.2-7.3.5-д заасан баримт бичиг;
7.6. Төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газар, төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж байгууллага нь автотээврийн хэрэгслийг бүртгэлээс хасахад дараах баримт бичгийг бүрдүүлнэ.
7.6.1. төрийн өмчийн асуудал эрхэлсэн байгууллагын шийдвэр;
7.6.2. энэхүү журмын 3.3.1, 3.4.2, 4.2.3, 4.2.4 (бүртгэлийн мэдүүлэг, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар төлсөн баримт, хуулиар оногдуулсан торгууль төлсөн баримт) болон 7.3.2-7.3.5-д заасан баримт бичиг;
7.7. Монгол Улсад байнга болон түр оршин суугч гадаад улсын иргэн, харьяалалгүй хүний автотээврийн хэрэгслийг бүртгэлээс хасахад дараах баримт бичгийг бүрдүүлнэ.
7.7.1. оршин суух үнэмлэх;
7.7.2. энэхүү журмын 3.3.1, 4.2.3, 4.2.4 (бүртгэлийн мэдүүлэг, автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар төлсөн баримт, хуулиар оногдуулсан торгууль төлсөн баримт) болон 7.3.2-7.3.5-д заасан баримт бичиг;
7.8. Бүртгэгч нь бүртгэлийн мэдүүлэг, баримт бичгийг үндэслэн бүртгэлээс хасагдсан авто тээврийн хэрэгслийн гэрчилгээ, улсын бүртгэлийн дугаарын тэмдгийг хураан авч, мэдээллийн санд бүртгэн, тодорхойлолтыг өмчлөгчид олгоно.
7.9. Энэхүү журмын 7.2.2, 7.2.3-т заасан үндэслэлээр хассан тохиолдолд тээврийн хэрэгслийн бүртгэлийг сэргээнэ.
7.10. Хасагдсан тээврийн хэрэгслийн бүртгэлийг сэргээхэд дараах дараах баримт бичгийг бүрдүүлнэ.
7.10.1. бүртгэлийн мэдүүлэг;
7.10.2. иргэний үнэмлэх;
7.10.3. тээврийн хэрэгсэл нь стандартын шаардлага хангасан тухай техникийн хяналтын үзлэгийн дүгнэлт;
7.10.4. энэ журмын 3.3.7, 4.2.3, 4.2.4 (улсын тэмдэгтийн хураамж, автотээврийн хэрэгслийн гэрчилгээний үнэ, үйлчилгээний хөлс төлсөн баримт, автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар төлсөн баримт, хуулиар оногдуулсан торгууль төлсөн баримт) заасан баримт бичиг
7.11. Улсын бүртгэлээс хасагдсан тээврийн хэрэгсэлд энэхүү журмын 4 дүгээр хавсралтад дурдсан тодорхойлолтыг олгоно.