Автотээврийн үндэсний төв 2017 оны ажлын үр дүнгээ дүгнэлээ
Автотээврийн үндэсний төв нь Автотээврийн тухай хууль, Засгийн газрын тогтоол, албан даалгавар, хуралдааны тэмдэглэл, Салбарын сайд, төрийн нарийн бичгийн даргын тушаал, үйлдвэрийн газрын дүрэм, Захирлын Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газартай байгуулсан Контрактын гэрээ, Зам, тээврийн хөгжлийн сайдтай байгуулсан Ажил, үйлчилгээг хариуцуулан гүйцэтгүүлэх гэрээ, байгууллагын 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хүрээнд 2017 онд тодорхой ажлуудыг зохион байгуулж, хэрэгжүүлжээ.
Дээрх ажлуудаа дүгнэн өнөөдөр үр дүнгийн хурлаа хийж, нийт ажилтан албан хаагчиддаа танилцуулж, шинэ оныхоо зорилтыг тодорхойлов.Хурлын үеэр орон нутгийн шилдэг 3 автотээврийн төвийн нэрсийг тодруулан хэлсэн бөгөөд Сүхбаатар, Дорнод, Дундговь аймгийн автотээврийн төвүүд шалгараад байна.
Тус үйлдвэрийн газар нь 8 хэлтэс, 1 алба, 1 төв, Улаанбаатар хотын 5 төв, орон нутгийн 24 салбар, төвд нийт 799 ажилтан, албан хаагчтайгаар үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд нийт ажилтан албан хаагчдынхаа ажлын тайланг нэгтгэн дүгнэж, нийт дүнгээр 91,6 хувийн гүйцэтгэлтэйгээр шинэ оноо угтаж байна.
Цаашид тус үйлдвэрийн газар нь 2018 онд Автотээврийн талаар төрөөс баримтлах бодлого, зорилтын хүрээнд хэрэглэгчийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, эдийн засгийн үр ашигтай, ая тухтай тээврийн цогц үйлчилгээг үзүүлэх үндсэн зорилгоо хэрэгжүүлж ажиллахаар төлөвлөөд байна.
Энэхүү зорилтын хүрээнд 2018-2022 онд авч хэрэгжүүлэх хөгжлийн бодлогын хөтөлбөрийг үр ашигтай хэрэгжүүлэх, 2018 онд ухаалаг тээврийн системийг нэвтрүүлэх ажлыг тууштай хэрэгжүүлж, тээвэрлэлтийн нэгдсэн системийг шинэчилж боловсронгуй болгоно гэдгийг тус үйлдвэрийн газрын захирал П.Дэлгэрнаран хэллээ. Тэрээр “Тээвэр төлөвлөлт, нэгдсэн зохицуулалтыг үр ашигтай, шуурхай зохион байгуулан ажиллах том зорилт бидний өмнө байна. 2017 онд төлөвлөгөөний дагуу хийгдсэн цаашид хийж гүйцэтгэх ажлуудын уялдаа холбоо, төлөвлөлтийг нарийн тооцож, жилийн туршид үр дүнтэй оновчтой зохион байгуулж, нийт ажилтан албан хаагчдынхаа нийгмийн асуудалд анхаарна” хэмээн онцлон хэллээ.
Улс хоорондын байнгын зорчигч тээвэрлэлтийг 3 улсын 10 чиглэлд 13 аж ахуйн нэгж байгууллагын 91 тээврийн хэрэгсэл, 112 мэргэшсэн жолоочтойгоор гүйцэтгэж, 175,900 зорчигч тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 8,0 %-иар өссөн үзүүлэлттэй байгааг тус хурлын үеэр Тэргүүн дэд захирал Ж.Эрдэнэбаатар онцоллоо. Мөн хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг 50 аж ахуйн нэгж байгууллагатай гэрээ байгуулан 80 чиглэлд 971 тээврийн хэрэгсэл, 1215 мэргэшсэн жолоочтойгоор тээвэрлэлтийг гүйцэтгэж 2,376.200 зорчигч тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 8.7 %-иар өссөн үзүүлэлттэй байгаа аж.
Улс хоорондын байнгын ачаа тээвэрлэлт гүйцэтгүүлэх гэрээг 241 аж ахуй нэгж байгууллагатай тээвэрлэлтийн гэрээ байгуулан, 10 чиглэлд 11125 хүнд даацын автомашин, 9004 мэргэшсэн жолоочтойгоор тээвэрлэлтийг гүйцэтгэж байна. Улс хооронд нийт 32,5 сая.тн ачаа тээвэрлэгдсэн бөгөөд энэ нь өмнөх оны мөн үеэс 35,4 %-иар өссөн үзүүлэлттэй байгааг энэ үеэр дуулгалаа. Тавантолгой ухаа худгийн уурхайгаас Гашуун сухайт-Ганц мод боомт чиглэлийн улс хоорондын байнгын ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагааг хоногийн нэгдсэн графикд оруулж, 2018 онд хилийн боомттой аймгуудад тээвэр төлөвлөлтийг хийж эхлэхээр бэлтгэл ажлыг хангасан байна.
Хот хоорондын нийтийн тээвэрлэлтийн 84 чиглэлийг Зам тээврийн хөгжлийн сайдын 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 190 дүгээр тушаалаар баталгаажуулсан нь чиглэл бүрд хувийн хэрэг үүсэх, мэдээллийн нэгдсэн сантай болсон бөгөөд цаашид зорчих тасалбарыг аялалын дугаараар захиалах бүрэн боломжтой болжээ.
Тээвэр зохион байгуулалтыг сайжруулах талаар зохион байгуулалтын арга хэмжээ авч ОХУ, БНХАУ, Монгол улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу улс хоорондын байнгын зорчигч тээвэрлэлтийн дараах чиглэлүүдийг шинээр нээж, үйл ажиллагааг эхлүүлсэн. Үүнд:
- Дорнод аймгийн төв Хэрлэн сумаас Хавирга-Ар хашаат боомтоор БНХАУ-ын ӨМӨЗО-ны Манжуур хот хүртэлх зорчигчдын тогтмол тээвэрлэлтийн үйлчилгээг 2017 оны 03 дугаар сарын 27-ний өдрөөс эхлүүлсэн.
- Баян-Өлгий аймгийн төв Өлгий сумаас БНКазУ-ын Караганда хотын чиглэлд улс хоорондын зорчигчийн тогтмол тээвэрлэлтийг 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс эхлүүлсэн.
- Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумаас ОХУ-ын Улаан-Үд хотын чиглэлд зорчигчдын тогтмол тээвэрлэлтийн үйлчилгээг 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс эхлүүлсэн.
Мэргэшсэн жолоочийн эрхийн болон тээврийн хэрэгслийн эзэмшигчийн лавлагааг төрийн үйлчилгээний цахим машинд нэвтрүүллээ. Энэ нь Авто тээврийн үндэсний төвийн мэдээллийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, чирэгдэлгүй, үйлчлэх боломжийг бүрдүүлж байна. Мөн Цагдаагийн шалгагч төхөөрөмжид мэргэшсэн жолоочийн мэдээллийг холбож өгснөөр мэргэшсэн жолоочийн хүчингүй болон хуурамч үнэмлэх ашиглах байдлыг таслан зогсоосон. Сонгинохайрхан зорчигч тээврийн төв дээр Монгол шуудан ХХК-тай хамтран Зорчигчийн ачаа тээшийг хүлээн авах, хадгалах, хянах илгээх цэгийг байгуулж, нэгдсэн зохион байгуулалтад оруулан үйл ажиллагааг тогтмолжуулаад байгаа нь олон нийтийн талархлыг хүлээгээд байна.
Техникийн хяналтын үзлэгийн чиглэлээр:
- Нийслэлийн техникийн хяналтын үзлэгийн төвүүдийн үйл ажиллагаанд олон улсын стандарт "MNS ISO/IEC 17020"-д тусгагдсан шаардлагуудыг нэвтрүүлж, үйл ажиллагааны чадавхыг нотлон харуулах, олон улсад хүлээн зөвшөөрүүлж, итгэмжлүүлэх ажлыг эхлүүлээд байна.
- “Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага” MNS4598:2011 стандартад нэмэлт өөрчлөлт оруулж, буруу талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн их гэрлийн ойрын тусгалыг өөрчлөх ажлыг амжилттай хэрэгжүүлж байна.
- Техникийн хяналтын үзлэгийн төвүүдийн тоног төхөөрөмжийг шинэчлэх ажлын хүрээнд Үйлдвэрийн газрын 2017 оны зорилтот түвшинд утаа зайлуулах систем, сувгийн өргүүр, техникийн хяналтын үзлэгийн тоног төхөөрөмжүүдэд их засвар хийх сэлбэг хэрэгсэл худалдан авах 399 сая төгрөгийг тусгаж, батлуулсан. Энэ ажлын хүрээнд худалдан авах ажиллагааг холбогдох хууль дүрмийн дагуу зохион байгуулж, 27 нэр төрлийн 397,645,000 төгрөгийн тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг Улаанбаатар хотын техникийн хяналтын үзлэгийн төвүүд болон Өвөрхангай, Архангай аймгийн Автотээврийн төвүүдэд тус тус суурилуулсан.
Судалгаа, хөгжил, чанарын удирдлагын чиглэлээр хийгдсэн томоохон ажлууд:
- Дэлхийн 50 гаруй орны 120 байгууллагын гишүүнчлэлтэй НҮБ-ын Европын эдийн засгийн хороо болон Европын холбооны хорооны 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн хурлаар CITA буюу Техникийн хяналтын олон улсын хороонд бүрэн эрхт гишүүнээр элсэн олон улсын түвшинд ажиллах боломж нээгдсэн.
- Автотээврийн салбарт Чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх зорилгоор олон улсын стандартын шаардлага хангасан Хэмжил зүйн лабораторийг байгуулж, Стандартчилал хэмжил зүйн газрын даргын 2017 оны 05 сарын 17-ны 17/141 дугаар тушаалаар итгэмжлүүлсэн ба автотээврийн салбарт ашиглагдаж байгаа хэмжих хэрэгсэл, тоног төхөөрөмжид шалгалт тохируулга хийж, гэрчилгээ олгож байна. Үүнд: Улаанбаатар хот болон орон нутгийн автотээврийн төвүүдийн одоо ашиглаж байгаа 11 нэр төрлийн 328 ширхэг техникийн хяналтын үзлэгийн тоног төхөөрөмжид шалгалт, тохируулгыг хийсэн.
Тээврийн хэрэгслийн бүртгэлийн чиглэлээр хийгдсэн томоохон ажлууд:
- Тээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэлийн ажлын хүрээнд сүүлийн 4-5 жилийн хугацаанд техникийн хяналтын үзлэгт хамрагдаагүй, шилжилт хөдөлгөөн хийгдээгүй, татвар төлөөгүй Монгол Улсын хилээр гараад орж ирээгүй олон жил болж байгаа тээврийн хэрэгслийн судалгааг шинэчлэн гаргаж, иргэдийн хүсэлтийн дагуу 12515 тээврийн хэрэгслийг бүртгэлийн сангаас хассан.
Авто үйлчилгээний чиглэлээр хийгдсэн томоохон ажлууд:
- Авто үйлчилгээний мэдээллийн сангийн программ хангамжийн ажлыг гүйцэтгэж дууссан ба “Үндэсний дата төв”-ийн серверт байршуулж, mn домайн хаягаар дамжуулан авто үйлчилгээний байгууллагуудаас ангилал тогтоолгох хүсэлтийг цахимаар хүлээн авч байна. Авто үйлчилгээ эрхлэгч 94 аж ахуй нэгж байгууллага, иргэдээс ангилал тогтоолгох хүсэлт ирүүлсэн бөгөөд 83 аж ахуй нэгж байгууллага, иргэнд 89 ангиллын гэрчилгээг олгож мэдээллийг нь авто үйлчилгээний мэдээллийн санд байршуулсан.
- Тээврийн хэрэгслээс үлдэх хог хаягдлыг дахин боловсруулах ажлын хүрээнд ЗТХЯ, БХБЯ, БОАЖЯ, ХХААХҮЯ, ЭХЯ, ОБЕГ, НТГ, Хот тохижуулах газар, Монголын автомашины Recycle нийгэмлэг ТББ, Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо болон авто үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй компаниудтай хамтран хэлэлцүүлэг, уулзалт, зөвлөгөөнийг тогтмол зохион байгуулж, явуулсан.
Хөдөлгөөний аюулгүй байдлыг хянах чиглэлээр хийгдсэн томоохон ажлууд:
- 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар байршил тогтоох төхөөрөмж суурилуулсан 157105 /давхардсан тоогоор/ тээврийн хэрэгслийг хянан ажиллаж байна. мөн тайлант хугацаанд доорх ажлуудыг зохион байгуулсан. Үүнд:
- “Аюултай ачаа тээвэр”-ийн болон “Улс, хот хоорондын зорчигч тээвэр”-ийн үйлчилгээ эрхлэгч 81 ААНБ-ын 230 тээврийн хэрэгсэлд АТХУБ-ын дүгнэлт гаргасан.
- тайлант хугацаанд хяналт, шалгалтын хүрээнд Улаанбаатар хот болон орон нутгийн хэмжээнд төлөвлөгөөт 98, төлөвлөгөөт бус 101 удаагийн шугам замын шалгалт хийж гүйцэтгэсэн. Хяналт шалгалтын үед нийт 103547 тээврийн хэрэгсэл шалгаснаас Автотээврийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль болон бусад холбогдох дүрэм, журам, стандартыг зөрчсөн 16311 зөрчил илрүүлж, 11835 зөрчлийг газар дээр нь арилгуулж, 4475 тээврийн хэрэгслийн зөрчлийг арилгуулан 140.488.000 төгрөгийн шийтгэврийн арга хэмжээ авч улсын төсөвт төвлөрүүлэн ажилласан.
- “Автотээврийн нэгдсэн лавлах” 1900-1234 тусгай дугаарын үйлчилгээ нь тайлан хугацаанд нийт 434 удаагийн дуудлага хүлээн авч иргэдэд хариулт өгч ажилласан ба өмнөх оны мөн үеэс 230,2 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа олон нийтийн талархлыг хүртээд байна.
Мэдээллийн технологи, программ хангамжийн чиглэлээр хийгдсэн томоохон ажлууд:
- Ачаа тээврийн төлөвлөлтийн шийдлийг боловсруулж, програм хангамж, өгөгдлийн сангийн зохион байгуулалт, бусад мэдээлэл цуглуулах тоног төхөөрөмжүүдтэй уялдан ажиллах системийг үүсгэх ,нүүрс тээврийн урсгалыг зөв зохион байгуулах, бүртгэл статистикийг нарийвчлан гаргах бололцоо бүрдүүлэх зорилгоор Нүүрс тээврийн хоногийн нэгдсэн график төлөвлөлтийн программ шинээр хийж гүйцэтгэн ашиглалтад оруулахад бэлэн болсон.
- “Авто үйлчилгээний мэдээллийн сан”-ын програм хангамжийг хийж гүйцэтгэсэн.
- Cube ERP системийн хөгжүүлэлтийн ажлууд хийгдсэн. Мөн Автотээврийн үндэсний төв нь 2015 оноос эхлэн иргэдэд үйлчилгээгээ ойртуулах үүднээс онлайнаар тасалбар борлуулж эхэлсэн бөгөөд 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн байдлаар 1,0 тэрбум төгрөгийн борлуулалт хийжээ.