Ж.ЭРДЭНЭБААТАР: 2017 ОН ИХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ЖИЛ БАЙЛАА
“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Тэргүүн дэд захирал Ж.Эрдэнэбаатартай ярилцлаа.
-АТҮТ 2017 оныхоо үр дүнгийн хурлыг оны өмнөхөн хийжээ. Оны төгсгөлд бүтэн жилийнхээ ажлын ололт, амжилтыг дэнсэлж, алдаа оноог цэгнэвэл ямар амжилттай ажилласан байна вэ?
-2017 онд манай төв бүтээн байгуулалтын ажлуудыг өрнүүлсэн, автотээврийн менежментийг сайжруулсан, ажилтан, мэргэжилтнүүдийнхээ нийгмийн асуудлыг шийдвэрлэсэн, шинэ бүтээл санаачилсан гээд тоочвол их амжилт гаргажээ. Товчхондоо, их бүтээн байгуулалтын жил байлаа. Бид 2017 оныг Автотээврийн менежментийг сайжруулах жил болгон зарласан. Энэ ажлын хүрээнд төлөвлөсөн бүхий л ажлаа биелүүлж, зорилтодоо зуун хувь хүрлээ. Манайх аж ахуйн тооцоон дээр ажилладаг төрийн өмчит үйлчилгээний газар шүү дээ. Төрийн өмчит бодлого зохицуулалтын газартай гэрээ байгуулан ажилладаг. Энэ хүрээндээ бид нэлээд ажлыг хийлээ. Оны жилийн эцсийн дүнгээс харахад 3.5-4 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ. Энэ бол манай нийт инженер техникийн ажилтнууд, мэргэжилтнүүдийн ажил хөдөлмөрийн үр шим юм. Тиймээс эдийн засгийн агуулгаар нь авч үзвэл бид дэвшүүлсэн зорилтоо бүрэн хэрэгжүүлсэн гэсэн үг. Бүх салбар маань 2017 оныхоо орлогын төлөвлөгөөг бүрэн биелүүлсэн. Энэ нь менежментийг зөв зохион байгуулсных.
-Танай төвийн хувьд томоохон бүтээн байгуулалтууд өрнөсөн жил байсан гэж бодож байна. Тухайлбал...?
-Бид 2017 онд бүтээн байгуулалтын ажлуудаа үе шаттайгаар хийхээр төлөвлөж, түүнийхээ дагуу хэрэгжүүлсэн. Тухайлбал, 2.2 тэрбум төгрөгийн өртөгтэй техникийн хяналтын үзлэгийн төв бүхий авто вокзал барьж ашиглалтад орууллаа. Ингэснээр бид ялангуяа баруун аймгууд руу хол замыг туулж байгаа нийтийн зорчигч тээвэрт богино эргэлтийг хийх, тэнд тээврийн бүрэн үзлэг үйлчилгээ үзүүлэх, авто вокзалын үйлчилгээг 24 цагаар явуулах гэхчлэн олон асуудлыг шийдвэрлэсэн. Энэ нь нэлээд үр дүнтэй хөрөнгө оруулалт болсон. Мөн 2017 онд Зам, тээврийн хөгжлийн сайдын өгсөн үүрэг чиглэлийн дагуу нэлээд бүтээлч ажил хийхийг зорилоо. Өөрөөр хэлбэл, ажилчдынхаа идэвхийг сайжруулъя, тэдний бүтээж буй ажлыг дэмжихээр 64 ажил төлөвлөснөө бүгдийг нь хийж чадсан. Үүнээс нэг том ажил нь 2018-2022 он хүртэл автотээврийн салбартаа хэрэгжүүлэх хөгжлийн хөтөлбөрийг боловсрууллаа. Энэ хөтөлбөртөө таван жил хийх ажлуудаа нарийн төлөвлөсөн. Мөн бид тээвэр төлөвлөлтийг нэгдсэн зохион байгуулалтад оруулсан нь их шинэлэг ажил боллоо. Тухайлбал, 2017 оны нэгдүгээр улиралд Гашуунсухайтын нүүрс тээвэрлэлтийг нэгдсэн зохион байгуулалтад оруулсан. Өнгөрсөн жилүүдэд энэ боомтоор хоногт 150-250 тээврийн хэрэгслийг нэвтрүүлж байсан шүү дээ. Харин бид нэгдсэн зохион байгуулалтад оруулж, хяналт шалгалтыг сайжруулснаар хоногт 1500-1600 тээврийн хэрэгсэл гаргах боломж бүрдсэн. Энэ ажлын үр дүнгээр оны эхний улиралд Монгол Улсын Засгийн газар БНХАУ-ын “Чалко” компанийн өрийг дарж барагдуулсан гэж хэлж болно. Дараагийн нэг чухал ажил нь юу вэ? гэвэл бид хот хоорондын зорчигч тээврийг замналын дугаартай болгож, мэдээллийн сан үүсгэсэн. Тээвэр зохион байгуулалтыг өргөжүүлэх хүрээнд гурван шинэ чиглэлийг бий болгосон. Тухайлбал, Дорнод аймгийн Хэрлэн сумаас Манжуур, Баян-Өлгий аймгаас Казахстан, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумаас Улаан-Үд хүртэлх тээвэрлэлтийг нээсэн нь шинэлэг ажил болсон. Мөн Монгол Улсын хэмжээнд өртөөлсөн тээвэрлэлтийг яаж бий болгох, замнал дагуух байгууламжийг яаж хийх гэхчлэн судалгаа хийсэн байгаа. Үүнээс гадна баруун гар талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн гэрлийн тусгалыг өөрчилж эхэлсэн. Энэ нь иргэдийн аюулгүй байдалд хандсан томоохон ажил боллоо.
-Өнгөрсөн онд улс хоорондын ачаа тээвэрлэлтийн түвшин ямар байв?
-Статистик үзүүлэлтийн хувьд улс болон хот хоорондын ачаа тээвэрлэлт өссөн. Жишээ нь, арванхоёрдугаар сарын 20-ны байдлаар 2.3 сая зорчигч тээвэрлэсэн нь өмнөх оноосоо 8.7 хувиар өссөн үзүүлэлт юм. Улс хоорондын ачаа тээвэрлэлт манай ажлын нэлээд хувийг эзэлж байгаа. Бид 10 чиглэлд 241 аж ахуйгаар нийт 32.5 сая тонн ачаа тээвэрлэсэн байна.
-Цаашид салбарынхаа хөгжлийг та хэрхэн харж байна вэ?
-Авто тээврийн салбарынхаа хөгжлийг бид дэлхийн жишигт ойртуулах зорилго тавьж байгаа. Дэлхийн 50 гаруй орны 120 гаруй байгууллагын гишүүнчлэлтэй Европын эдийн засгийн хорооны техникийн хяналтын олон улсын байгууллага гэж байдаг. Зөвхөн өнгөрсөн жилийн хугацаанд энэ байгууллагын туршлагыг судалж, хамтран ажилласны үндсэн дээр бүрэн эрхт гишүүнээр нь элслээ. Мөн чанарын удирдлагын тогтолцоог олон улсын стандартыг хангасан хэмжээгээр нэвтрүүлэх зорилт тавьж ажилласан. Ингэснээр манай салбарын хэмжээнд хэрэглэж байгаа хэмжих тоног төхөөрөмжид шалгалт тохируулга хийдэг, гэрчилгээ олгодог бүрэн эрхийг авсан. Ер нь, цаашид дэлхийн жишигт нийцсэн шалгалт тохируулга хийдэг, гэрчилгээ олгодог чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлнэ. Манай автотээврийн салбар зөвхөн дотооддоо гэхээсээ илүү 2018 онд гурван улсын хэлэлцээрийн дагуу тээвэрлэлт хийнэ. Олон улсын жишигт нийцсэн тээвэрлэлтийг зохион байгуулахад манайх технологийн болон хүний нөөцийн хувьд бэлэн гэж болно.
-Түрүүн та хөгжлийн хөтөлбөр боловсруулсан, мөн шинэ бүтээлийг дэмжиж ажиллана гэж хэллээ. Саяхан “Инноваци автотээврийн салбарт” сэдэвт өдөрлөг зохион байгуулсан. Автотээврийн салбарт хамаарах инновацийн үйл ажиллагаа хэрэгжүүлэгч болон шинэ мэдлэг, бүтээгдэхүүн эзэмшигч иргэн аж, ахуйн нэгж манайд хэр олон байна вэ?
-Шинэ бүтээл бий болгох талд өмнө нь мэргэжлийн инженер техникийн албад санал санаачлага гаргаж, танилцуулж, зарим тохиолдолд дэмжигдсэн. 2017 оны хувьд Зам, тээврийн хөгжлийн сайдаас өгсөн чиглэл ч, мөн бидний бодлого ч шинэ санал санаачлагыг дэмжих байлаа. Гол нь иргэдийн тээвэрлэлтийн аюулгүй байдлыг хангасан, соёлтой үйлчилгээг хангах чиглэлийн бүх саналыг дэмжиж ажилласан. Тиймээс арванхоёрдугаар сарын 15-нд “Инноваци Автотээврийн салбарт” сэдэвт өдөрлөгийг зохион байгуулахад 12 бүтээл оролцсон. Эдгээр бүтээл бүгд манай инженер техникийн ажилтнуудынх. Амьдралд хэрэгжиж хараахан амжаагүйг нь энэ ондоо ажил хэрэг болгож нэвтрүүлнэ. Цаашид бүтээл санаачлахыг үргэлж дэмжиж ажиллана. Автотээврийн салбарт тээврийн үйлчилгээг сайжруулах чиглэлээр иргэд, аж ахуйн нэгжүүдээс гарсан санал санаачлага олон байдаг. Энэ бүгдийг нэгтгэж, судална. 2017 онд бид Чанарын удирдлага, судалгаа хөгжлийн төвийг байгууллаа. Хөгжлийн хөтөлбөрийн хувьд автотээврийн салбарыг дэлхийн жишигт хүртэл хөгжүүлэхэд түлхэц болох юм. Энэ хөтөлбөрийг бүтэн жилийн туршид судалгааны байгууллагуудтай, эрдэмтэд, инженер техникийн ажилтнуудтай хамтарч гаргасан.
-Танай үйлчилгээ бүх л аймаг, суманд хүрдэг. Ер нь, Автотээврийн салбар хэчнээн ажилтантай вэ?
-Манай салбар 700 гаруй ажилтантай. Тээвэрчид маань Монгол Улсын эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэдэг. Автотээвэрчдийн нуруун дээр маш том ачаа явж байгаад нь би баярладаг. Нөгөө талаар бидний түүх 90 жилээр хэмжигдэнэ. Тиймээс бид өмнөх үеийнхээ тээвэрчдийн Монгол Улсынхаа хөгжилд оруулсан хувь нэмрээр бахархдаг. Бид өмнө нь үнэт зүйлээ тодорхойлж чаддаггүй байсан бол энэ удаагийн хөтөлбөртөө үнэт зүйлээ бүрэн тодорхойлсон.
-Шинэ оны зорилтоо та бүхэн хэрхэн тодорхойлж байна вэ?
-Яам бол энэ онд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр ажиллах бололтой. Тэгэхээр бид Аюулгүй, соёлтой орчин үеийн тээврийн үйлчилгээг иргэдэд ойртуулах жил болгон зарлахаар төлөвлөж байна.
-Зав гарган ярилцсанд баярлалаа. Танд болон танай салбарын хамт олонд ажлын өндөр амжилт хүсье!