АВТОТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН УДИРДАХ АЖИЛТНУУД ЗӨВЛӨЛДӨЖ БАЙНА
Автотээврийн үндэсний төв ТӨҮГ нь 2018 оныг "Үйлчилгээний чанарыг сайжруулах жил" болгон зарласантай холбогдуулан Улаанбаатар хотын зорчигч тээвэр, техникийн хяналтын үзлэгийн төвүүд болон орон нутгийн автотээврийн төвийн удирдах албан тушаалтнууд цаашид хийж гүйцэтгэх ажлуудаа зөвлөлдөн хэлэлцэж байна.
Энэхүү “Мэргэжил арга зүй-2018” зөвлөгөөнд Улаанбаатар хотын зорчигч тээвэр болон техникийн хяналтын төвүүд, орон нутгийн автотээврийн төвийн дарга, нягтлан бодогч, менежерүүд оролцож байна.
Тус зөвлөгөөнд Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ, ЗТХЯ-ны Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Г.Гантулга нар автотээврийн салбарын бодлого, чиглэлийг хэрэгжүүлэх зорилт, тээвэрлэлтийн эрэлт хэрэгцээг хангасан тээврийн үйлчилгээг бий болгох чиглэлээр уулзалт, танилцуулга хийсэн юм.
Ж.БАТ-ЭРДЭНЭ: ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ЦОГЦ АРГА ХЭМЖЭЭГ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА
Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ Автотээврийн үндэсний төвийн удирдах ажилтны зөвлөгөөний үеэр “Сүүлийн жилүүдэд автотээврийн хэрэгслээр тээвэрлэсэн ачаа, зорчигчийн хэмжээ жилээс жилд нэмэгдэж байгаа тул тээвэрлэлтийн эрэлт хэрэгцээг хангасан тээврийн үйлчилгээг бий болгох, хөрш орнууд төдийгүй гуравдагч орнуудтай автотээврийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх боломж, шаардлага тулгарч байна. Иймээс Зам, тээврийн хөгжлийн яамнаас автотээврийн салбарын хууль эрх зүйн орчинг сайжруулах, тээврийн үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгж, байгууллагуудыг тээврийн зах зээлд тэгш эрхтэйгээр чөлөөтэй өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх, хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцэхүйц тээврийн үйлчилгээг бий болгох, эрх ашигт нийцүүлэн өөрчлөн шинэчлэх чиглэлээр бодлогын чанартай олон арга хэмжээ авч хэрэгжүүлж байна” хэмээн хэллээ. Тэрээр Автотээврийн салбарын олон улсын харилцааг өргөжүүлэх, дотоодын тээвэрлэгч аж ахуйн нэгжийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх үүднээс “Азийн авто замын сүлжээгээр олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг байгуулан, 2018 оны сүүлээр дамжин өнгөрөх тээвэрлэлтийг эхлүүлэхээр төлөвлөж байгааг дуулгав. Үүнтэй холбогдуулан бэлтгэл ажлыг хангах үүднээс авто зам болон замын дагуух үйлчилгээний цогцолборыг барьж байгуулах, дамжин өнгөрөх тээвэрлэлтэд хяналт тавих албан хаагчид болон дамжин өнгөрөх тээвэрлэлт гүйцэтгэх жолооч тээвэрчдийг сургаж, дадлагажуулах ажилд тээврийн салбарын ажилтан албан хаагчид ихээхэн анхаарал хандуулан ажиллах шаардлагатай байгааг ч хэллээ.
Зам, тээврйн хөгжлийн яамнаас Автотээврийн салбарын чухал үзүүлэлт болох замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн ослыг бууруулах чиглэлээр цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа аж. Тухайлбал, Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндэсний стратегийг шинэчлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдалд аудит хийх тогтолцоог бүрдүүлэх, Монгол Улсын замын хөдөлгөөний аюулгүй байдлын цагаан ном гаргах зэрэг ажлуудыг хэрэгжүүлж, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангах үүднээс техникийн хяналтын үзлэгийг чанартай хийж, хариуцлагыг өндөржүүлж ажиллах шаардлагатайг хэлэв.
ТЭЭВРИЙН НЭГДСЭН ЗОХИЦУУЛАЛТЫГ ҮР АШИГТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТОМ ЗОРИЛТ БИЙ
Мөн энэхүү зөвлөгөөний үеэр үйлдвэрийн газрын 2017 оны бизнес төлөвлөгөөний дагуу бодлого, үйл ажиллагаа, үйлчилгээний чанар, үр ашгийг дээшлүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлсний үр дүнд 2017 онд нийт орлогын төлөвлөгөөг 116 хувиар давуулан биелүүлсэн амжилттай ажилласан талаар тус үйлдвэрийн газрын Тэргүүн дэд захирал Ж.Эрдэнэбаатар онцоллоо. Түүнчлэн улс хоорондын байнгын зорчигч тээвэрлэлтийг 3 улсын 10 чиглэлд 13 аж ахуйн нэгж байгууллагын 91 тээврийн хэрэгсэл, 112 мэргэшсэн жолоочтойгоор гүйцэтгэж байгаа бөгөөд өнгөрсөн онд 175,900 зорчигч тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 8,0 %-иар өссөн үзүүлэлттэй байгааг дурдлаа. Хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг 50 аж ахуйн нэгж байгууллагатай гэрээ байгуулан 80 чиглэлд 971 тээврийн хэрэгсэл, 1215 мэргэшсэн жолоочтойгоор тээвэрлэлт гүйцэтгэж 2,376.200 зорчигч тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 8.7 %-иар өссөн үзүүлэлттэй байгаа аж. Улс хооронд 32,5 сая.тн ачаа тээвэрлэгдсэн бөгөөд энэ нь өмнөх оны мөн үеэс 35,4 %-иар өсчээ. Тавантолгой ухаа худгийн уурхайгаас Гашуун сухайт-Ганц мод боомт чиглэлийн улс хоорондын байнгын ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагааг 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн хоногийн нэгдсэн графикд оруулж, 2017 оны I улиралд Монгол Улсаас БНХАУ-ын Чалко компанид төлөх өрийг бүрэн төлж барагдуулахад томоохон үүрэг гүйцэтгэсэн талаараа танилцуулж, цаашид 2018 онд хилийн боомттой аймгуудад тээвэр төлөвлөлтийг хийж эхлэхээр бэлтгэл ажлыг хангажээ.
Тээвэр зохион байгуулалтыг сайжруулах чиглэлээр улс хоорондын байнгын зорчигч тээвэрлэлтийн дараах чиглэлүүдийг шинээр нээж, үйл ажиллагааг эхлүүлээд байгаа аж. Үүнд.
- Дорнод аймгийн төв Хэрлэн сумаас Хавирга-Ар хашаат боомтоор БНХАУ-ын ӨМӨЗО-ны Манжуур хот хүртэлх зорчигчдын тогтмол тээвэрлэлтийн үйлчилгээг 2017 оны 03 дугаар сарын 27-ний өдрөөс эхлүүлсэн.
- Баян-Өлгий аймгийн төв Өлгий сумаас БНКазУ-ын Караганда хотын чиглэлд улс хоорондын зорчигчийн тогтмол тээвэрлэлтийг 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс эхлүүлсэн.
- Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумаас ОХУ-ын Улаан-Үд хотын чиглэлд зорчигчдын тогтмол тээвэрлэлтийн үйлчилгээг 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс эхлүүлсэн.
Түүнчлэн Монгол Улсын хэмжээнд өртөөчилсөн тээврийг нэвтрүүлэх судалгааг явуулсан бөгөөд мөн зам дагуух байгууламжийн талаар судалгааг урьдчилсан байдлаар боловсруулсан байна. Мэргэшсэн жолоочийн эрхийн болон тээврийн хэрэгслийн эзэмшигчийн лавлагааг төрийн үйлчилгээний цахим машинд нэвтрүүлсэн нь Авто тээврийн үндэсний төвийн мэдээллийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, чирэгдэлгүй, үйлчлэх боломжийг бүрдүүлээд байна. Мөн Цагдаагийн шалгагч төхөөрөмжид мэргэшсэн жолоочийн мэдээллийг холбож өгснөөр мэргэшсэн жолоочийн хүчингүй болон хуурамч үнэмлэх ашиглах байдлыг таслан зогсоосон байна.
Сонгинохайрхан зорчигч тээврийн төвд Монгол шуудан ХХК-тай хамтран Зорчигчийн ачаа тээшийг хүлээн авах, хадгалах, хянах илгээх цэгийг байгуулж, нэгдсэн зохион байгуулалтад оруулан үйл ажиллагааг эхлүүлсэн байна.
Тээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэлийн ажлын хүрээнд сүүлийн 4-5 жилийн хугацаанд техникийн хяналтын үзлэгт хамрагдаагүй, шилжилт хөдөлгөөн хийгдээгүй, татвар төлөөгүй Монгол Улсын хилээр гараад орж ирээгүй олон жил болж байгаа тээврийн хэрэгслийн судалгааг шинэчлэн гаргаж, иргэдийн хүсэлтийн дагуу 12515 тээврийн хэрэгслийг бүртгэлийн сангаас хассан.
Үүнээс гадна Авто үйлчилгээний мэдээллийн сангийн программ хангамжийн ажлыг гүйцэтгэж дууссан ба “Үндэсний дата төв”-ийн серверт байршуулж, Autobox.mn домайн хаягаар дамжуулан авто үйлчилгээний байгууллагуудаас ангилал тогтоолгох хүсэлтийг цахимаар хүлээн авч байна. Авто үйлчилгээ эрхлэгч 94 аж ахуй нэгж байгууллага, иргэдээс ангилал тогтоолгох хүсэлт ирүүлсэн бөгөөд 83 аж ахуй нэгж байгууллага, иргэнд 89 ангиллын гэрчилгээг олгож мэдээллийг нь авто үйлчилгээний мэдээллийн санд байршуулсан талаар удирдах ажилтнууд танилцуулав.
Тээврийн хэрэгслээс үлдэх хог хаягдлыг дахин боловсруулах ажлын хүрээнд ЗТХЯ, БХБЯ, БОАЖЯ, ХХААХҮЯ, ЭХЯ, ОБЕГ, НТГ, Хот тохижуулах газар, Монголын автомашины Recycle нийгэмлэг ТББ, Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо болон авто үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй компаниудтай хамтран ажиллаж байна.
Цаашид 2018-2022 онд авч хэрэгжүүлэх хөгжлийн бодлогын хөтөлбөрийг үр ашигтай хэрэгжүүлж, ухаалаг тээврийн системийг нэвтрүүлэх ажлыг тууштай зохион байгуулж, тээвэрлэлтийн нэгдсэн системийг шинэчилж боловсронгуй болгох чиглэлд анхаарч ажиллах бөгөөд тээвэр төлөвлөлт, нэгдсэн зохицуулалтыг үр ашигтай, шуурхай зохион байгуулан ажиллах том зорилт байгааг нийт удирдах ажилтнууд хэлж байв.
Тээврийн салбарын эрэлт хэрэгцээ өсөн нэмэгдэж байгаа өнөө үед иргэдэд хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэх нь чухал тул зорчигчийн тийз бичих, тээврийн хэрэгслийн дугаар олгох, техникийн хяналтын үзлэгт хамрагдах, мэдээлэл авах өргөн боломжийг нэмэгдүүлэх шаардлагатай бөгөөд үүнд, техник, технологийг түлхүү ашиглах замаар шийдвэрлэх нь зүйтэй гэдэгт нийт удирдах ажилтнууд санал нэгдэв.