“БНХАУ-ЫН ТЯНЬЖИН БООМТ – МОНГОЛ УЛСЫН УЛААНБААТАР ХОТ – ОХУ-ЫН УЛААН-ҮД ХОТ” ЧИГЛЭЛИЙН ТРАНЗИТ ТЭЭВРИЙН ТУРШИЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭХЭЛЛЭЭ
Монгол, Орос, Хятад гурван улсын Эдийн засгийн коридорын анхны
ачаа тээврийн цуваа 2016 оны 8 дугаар сарын 13-ны өглөө Алтанбулаг боомтоор орж
ирлээ.
Энэхүү туршилтын тээвэр нь Азийн авто замын сүлжээгээр олон улсын авто тээвэр гүйцэтгэх
тухай Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу хийгдэж
буй ажлын нэг бөгөөд (Улаан Үд-Хиагт – Алтанбулаг-Дархан- Улаанбаатар-Сайншанд-
Замын Үүд – Эрээн-Бээжингийн гаднах тойрог-Тяньжин) маршрутаар тээвэрлэлт гүйцэтгэх
юм.
Энэхүү коридор нь 1580 км урт зам туулах тул туршилтын тээвэр нь 2016 оны 8 дугаар
сарын 13-ны өдрөөс 25-ны өдрүүдэд үргэлжилнэ.
Туршилтын транзит тээврийн явцад газар орон, замын нөхцөл байдал, үйлчилгээний газар,
автомашины засвар,бензин шатахуун түгээх газрын байршил зэргийг нэг бүрчлэн тогтоох
тул Монгол Улс, ОХУ, БНХАУ гурван улсын авто тээврийн салбарын холбогдох шатны албан
тушаалтнууд, Замын цагдаагийн газар, эмнэлгийн анхан шатны тусламж, авто машинд
засвар үйлчилгээ үзүүлэх баг зэрэг өргөн бүрэлдэхүүнтэйгээр оролцож байна.
Ази, Европ хоорондын чингэлэг тээврийн 90 гаруй хувь нь далайн тээврээр, хоёр дахин
урт замыг 2-3 дахин их хугацаанд тээвэрлэдэг аж. Зүүн Ази, Европыг холбосон хуурай
газрын тээврийн дөрвөн гол замнал байдгаас хамгийн дөт нь Монгол улсаар дайран өнгөрдөг
тул эдийн засгийн хэмнэлт бүхий тээвэрлэлт бөгөөд өнөөдрийн байдлаар Ази, Европын
хоорондын чингэлэг тээврийн 90 гаруй хувь нь далайн тээврээр 45 хоногийн хугацаанд
тээвэрлэдгээс цаг хугацааны хувьд алдагдалтай байдаг.
Харин Ази, Европ хооронд төмөр замаар ачаа тээвэрлэхэд 10 хоногийн хугацаа зарцуулагддаг
бөгөөд авто замаар тээвэрлэлт хийхэд эл хугацааг 7 өдрийн дотор туулах бүрэн боломжтой
юм.
Зүүн Ази-Европыг холбосон энэхүү ачаа тээврийг хөгжүүлснээр зөвхөн БНХАУ-д экспортлохоос
гадна Солонгос, ОХУ, Казахстан улсад ч нийлүүлэх боломж бүрэн бий болох юм.