Д.ГАНБАТ: ТЭЭВРИЙН САЛБАРТ ЭРС ШИНЭЧЛЭЛТ ХИЙНЭ
Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбаттай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Ажлаа аваад багагүй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд хэр их ажил амжуулав. Ер нь шинэ сайд маань ямар салбар хүлээн авсан бэ. Төсөв хөрөнгийн тухайд түлхүү хариулаасай гэж хүсч байна?
-Томилогдоод сар гаруй хугацаанд салбарын ажлуудтайгаа ерөнхийд нь танилцлаа. Энэ хугацаанд ирэх 4 жилд зам, тээврийн салбарт ямар бүтээн байгуулалт хийх талаарх төсөл, төлөвлөгөө боловсруулах, хөрөнгө мөнгө босгох, Монгол Улсын эдийн засагт дорвитой хувь нэмэр болох томоохон төсөл хөтөлбөрүүдийг хөдөлгөх зэрэг ажлуудад түлхүү анхаарал хандуулж ирлээ. Тухайлбал, өнгөрсөн жилүүдэд авто замын салбарт ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийгдсэн ч учир дутагдалтай зүйлүүд бас байна. Бүх аймгийн төвийг хатуу хучилттай авто замаар холбох ажил эхэлсэн ч одоогийн байдлаар 6 аймаг холбогдож амжаагүй байна. Бид ирэх 4 жилд багтааж үлдсэн 6 аймгаа хатуу хучилттай авто замаар холбох зорилт тавин ач холбогдлоор нь ангилж, нэн тэргүүнд хэрэгжүүлэх шаардлагатай авто замын бүтээн байгуулалтын ажлыг үргэлжлүүлэх юм. Тухайлбал авто тээврийн салбарт Монгол, Хятад, Орос гурван улсын хамтарсан дамжин өнгөрөх транзит тээврийн гэрээг байгуулахаар ажиллаж байна. Замын-Үүд-Алтанбулаг чиглэлийн замыг Азийн автозамын сүлжээнд оруулахаас гадна баруун босоо тэнхлэгийн авто зам болон Бичигт-Эрээнцавын чиглэлийн замыг барьж байгуулахаар төлөвлөсөн. Эдгээр зам баригдсанаар гурван улсын хоорондох ачаа тээврийн урсгал нэмэгдэж, ачаа тээврийг хөнгөвчлөх боломж бүрдэж байгаа юм.
Төсөв хөрөнгийн тухайд улс орны эдийн засаг, төсөв хөрөнгө маш хүнд байгааг та бүхэн мэдэж байгаа. Сангийн сайд, Ерөнхий сайд, УИХ-ын түвшинд яригдаж байгаа учраас төсөв хөрөнгийн хомсдолтой байгааг хаана хаанаа ойлгож байгаа болов уу. Төсөв мөнгөний хомсдолтой байна гээд зүгээр зогсох нь эдийн засагт бүр ч их хортой. Тиймээс аль болохоор томоохон төслүүдээ хөдөлгөөнд оруулж, бүтээн байгуулалтаараа дамжуулан ачаа эргэлтийн урсгалыг нэмэгдүүлж, уул уурхайн бүтээгдэхүүний эргэлтийг сайжруулах чиглэл дээр манай яам анхаарч ажиллаж байна. Тиймээс Монгол Улсыг 2016-2020 онд хөгжүүлэх мөрийн хөтөлбөрт төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг илүү түлхүү тусгасан байгаа.
-Тэгэхээр олон жил яригдаж, хүлээгдэж ирсэн төмөр замын ажил урагшлах нь ээ?
-Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг барьж байгуулах ажлыг бид энэ сардаа багтаан эхлүүлэхээр ажиллаж байна. Гадны хөрөнгө оруулагч, хөгжлийн зээл тусламжийн хүрээнд бүтээн байгуулалтыг хөрөнгө оруулагч компаниудтай хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Мөн Бичигт-Хөөт чиглэлийн төмөр замын ажлын ТЭЗҮ, зураг төсөл 11 сард эцэслэн дуусна. Үүний дараа хөрөнгө оруулалтаа босгох, хамтран ажиллах аж ахуй нэгжүүдээ сонгох ажил руу ханцуй шамлаж орох юм. Дараагийн чиглэл бол Шивээхүрэн-Сэхэгийн боомтын төмөр замын ажил. Энэхүү боомтын орчимд үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниудын түүхий эдийг тээвэрлэх, зах зээлд хүргэхэд төмөр зам чухал ач холбогдолтой байна гэж харж байгаа. Үүнээс гадна Оюутолгойн салаа төмөр замын ажлыг эхлүүлэх гээд олон олон ажлууд биднийг хүлээж байна. Ирэх 4 жилд Монгол Улсын төмөр замын салбарт томоохон бүтээн байгуулалтын он жилүүд байхаас гадна уул уурхайд түшиглэсэн бүтээгдэхүүнүүдийг дэлхийн зах зээлд гаргахад ихээхэн тус дөхөм болохуйц төсөл хөтөлбөрүүд хэрэгжинэ гэж ойлгож болно. Мөн Эрдэнэт-Овоотын чиглэлийн ТЭЗҮ-г Австралийн “Aspire mining” компани оны сүүлээр хийж дуусгаснаар ирэх зунаас газар шорооны ажлаа эхлүүлэхээр төлөвлөөд байна. Ер нь Монгол Улсын эдийн засагт ач холбогдол бүхий төмөр замын дотоодын сүлжээг барьж, ашиглах асуудал чухал байна. Хөөт-бичигт, Шивээхүрэн-Сэхэгийн боомтын төмөр зам, Богдхан төмөр зам, Эрдэнэт-Овоотийн гээд Монгол Улсын эдийн засагт өндөр ач холбогдолтой төмөр замуудыг ээлж дараагаар барьж эхэлнэ.
-Төсвийн тодотголын хүрээнд танай яамны хувьд ямар хасалт таналт орж ирэв. Ер нь төсвийн тодотголын төслийг та Засгийн газрын гишүүний хувьд хэр хүлээж авч байгаа вэ?
-Төсвийн тодотголыг Засгийн газар, УИХ, бүлэг дээр байнга ярьж байна. Мэдээж тодотгол нь улсын эдийн засгийн боломжоос шалтгаалан танаж, хасах чиглэлтэй байдаг учраас одоо байгаа санхүүжилтэд нь аль болох бүтээн байгуулалтын ажлаа зогсоохгүй, урагшлуулахад анхаарч байна. Ер нь дэд бүтцийн салбарт хасалт, таналт муу үр дагавартай байдаг. Нөгөө талаас дэд бүтцийн бүтээн байгуулалтад оролцсон компаниудын гүйцэтгэлээр санхүүжигдэх асуудал хүндрэлтэй юм. Тиймээс бид хасаж, танах хэсгийг ач холбогдлоор нь эрэмбэлж, цаг хугацаагаар нь ангилаад, ямар төсөвт өртгөөр, хэзээ, юуг барьж байгуулах вэ гэдэгт анхаарал хандуулж төсвөө төлөвлөсөн. Зам, тээврийн салбараас олох орлого гэж бий. Үүнд иргэний нисэх, далайн тээвэр, Автотээврийн үндэсний төвөөс улсын төсөвт орлого цуглуулдаг. Орлогын хувьд ч 15 орчим тэрбум төгрөгөөр тасрах дүр зураг байна. Гэсэн ч бид бүтээн байгуулалтын ажлаа зогсоолгүй, цаг алдахгүй байх тал дээр бүтээн байгуулалтын ажлуудаа үргэлжлүүлж байна.
-Зам засварын ажлууд жигдэрч байгаа юу. Шаардлагатай төсөв хөрөнгөө улсын төсөвт суулгаж чадахаар байна уу?
-2016 оны улсын төсөвт хамгийн багаар суугдсан төсөв бол зам арчлалтын төсөв. Энэ онд зам засварын ажилд 55 тэрбум төгрөгийн санал хүргүүлснээс 8 тэрбум төгрөг л батлагдах гэж байна. Жил болгон авто замын бүтээн байгуулалт 1000 орчим км-ээр нэмэгдэж, түүнтэй холбоотойгоор арчлалтын зардал дагаад нэмэгдэж байгаа. Тиймээс энэ хэсэгт 12 тэрбум төгрөгийг нэмэх саналаа хүргүүлсэн. Энэхүү тодотголоор тогтоосон хугацаандаа бидний хийсэн ажлууд тавигдсан санхүүжилттэйгээ байх юм бол цаг хугацааны хувьд хоцрохгүйгээр төлөвлөсөн хугацаандаа графикийн дагуу бүтээн байгуулалтын ажлаа хийх бүрэн боломжтой. Энэ зун их хур бороо орсноос болоод 27 цэгт зам, даваанууд хаагдаж эвдрэл гэмтэл үүслээ. Дээрх цэгүүдэд зам эвдэрч, далан урсаж, замын хөвөө, хучилтууд эвдэрсэн. Тэгэхээр үүнийг шийдвэрлэхийн тулд бүхий л нөөц бололцоогоо ашиглаад 27 цэгийн эвдрэл гэмтлийг хэвийн байдалд нь оруулаад байна.
-Эдийн засгийн хүндрэл даамжрахын эхлэл суурийг өмнөх Засгийн газар тавьсан гэж үздэг. Тухайлбал, танай салбарын хувьд энэ байдал хэр байна вэ. Улсад ажил хийж өгчихөөд төсөв хөрөнгөө авч чадаагүй компани, аж ахуйн нэгжүүдийн тоо замбараагүй их болсон гэдэг. Концессын гэрээний төлбөр танай яамны хувьд хэчнээн төгрөгт хүрчихээд байна вэ?
-Өнөөдрийн байдлаар манай улсын эдийн засаг маш хүнд байгаа нь үнэн. Эдийн засаг хүндэрсэн хэд хэдэн шалтгаан бий. Үүний нэг нь Хөгжлийн банкны өндөр хувийн хүүтэй зээлийн хөрөнгөөр буюу 570 тэрбум төгрөгөөр зам барьсан асуудал байна. Ер нь бол автозам, дэд бүтцийг маш бага хүүтэй, хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж зэрэг санхүүжилтийг босгож байж барьдаг зүйл л дээ. Өндөр хүүтэй зээлээр автозам барьчихаар түүнийгээ буцааж төлөхөд улсын эдийн засагт асар их ачаалал болдог. Өөрөөр хэлбэл хувь хүн банкнаас өндөр хүүтэй зээл авч байшиндаа их засвар хийж, тавилгаа шинэчилсэнтэй яг адил асуудал. Ер нь 21 аймгийн төвийг нийслэл хоттой хатуу хучилттай замаар холбох асуудал бол энэ Засгийн газрын мөрийн хөтөлбөрт байгаа хийх ёстой ажил мөнөөс мөн. Харин ямар хөрөнгө, эх үүсвэрээр зам барих шаардлагатай гэдэгт гол учир бий. Эдийн засаг хүндэрсэн шалтгаан бол автозамын асуудалтай яах аргагүй холбогдоно. Мөн өнгөрсөн жилүүдэд гүйцэтгэгч компаниуд гүйцэтгэсэн ажлынхаа хөрөнгө мөнгийг авч чадаагүй асуудал ч бий. Сангийн яаманд нийт 20 төсөл арга хэмжээний 30,4 тэрбум төгрөгийн хүсэлт хүргүүлсэн боловч 26,3 тэрбум төгрөгийн санхүүжилт хүлээгдэж байна. Үүний цаана олон компани хийсэн ажлынхаа мөнгийг авч чадахгүй маш их хүндрэлтэй байдал үүсээд байна. Тухайлбал Дорнод аймгийг холбох гэхээр санхүүжилтээ аваагүй ч зээл, бусад санхүүгийн эх үүсвэр эрэлхийлж ашиглалтад оруулахаар явж байна. Нийт 143 км-ээс 35 км нь үлдээд байна. Одоо 9 сардаа багтаан хатуу хучилттай замаа хийчих юм бол үндсэндээ Дорнод аймаг холбогдлоо. Замчид маань өөрсдийнхөө нуруун дээр маш хүнд ачаа авч явж байгаа. Энэ салбарыг төсөв мөнгөгүй байсан ч нийт иргэдийнхээ осол аюулгүй замаар зорчуулах зорилтоо хэрэгжүүлэхийн тулд зээл авч ажиллаж байгаа дүр зураг бий.
-Аливаа ажлыг хийхэд төсөв хөрөнгийн асуудал нэгдүгээрт тавигддаг. Гэтэл улсын эдийн засаг маш хүнд байдалд орчихсон, төсөв хоёр их наядаар тасрах тооцоо гарчихаад байгаа энэ үед ажил хийх боломж хэр байх юм. Цаашдаа төсөв хөрөнгийн тухайд Зам, тээврийн хөгжлийн яам ямар бодлого барьж ажиллах вэ?
-Эдийн засаг, төсөв хөрөнгийн асуудал хүндрэлтэй байгаа өнөөгийн нөхцөлд томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд нэн бэрхшээлтэй нь ойлгомжтой. Гэхдээ нэгэнт эхэлсэн, олон улсын болон гадны санхүүгийн байгууллагын санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа төслүүдийг цаг хугацаанд нь хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж байна. Тухайлбал, АХБ-ны санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа Замын-Үүдийн олон улсын ложистикийн төвийн барилгын ажлын хоёрдох үе шатны ажлыг саяхан эхлүүллээ. Төсөв хөрөнгийн тухайд аль болох хэмнэлттэй, үр ашигтай зарцуулах, тухайлбал арилжааны өндөр хүүтэй зээлээр авто зам барихыг зогсоох, харин нэгэнт барьсан зам, дэд бүтцээ арчилж тордоход анхаарах бодлого барих болно. Ер нь аливаа төсөл хөтөлбөрийг эдийн засгийн үр ашиг, нийгмийн ач холбогдол, анхны хөрөнгө оруулалтаа нөхөн төлөх байдал, байгаль орчинд ээлтэй байх болон ашиглалтын зардал багатай байх зэрэг шалгуураар нарийн шүүж байж хэрэгжүүлэх бодлого барина.
-Төрийн өндөр албан тушаалтнуудын цалин хасч танах тухай асуудал багагүй маргаан дагуулаад байна. Таны хувьд энэ шийдлийг хэр зөв гэж харж байна вэ. Ер нь эдийн засаг хүнд байгаа үед цалин хасах, татвар нэмэх асуудал ярих нь буруу гэх шүүмжлэл өрнөсний дүнд татвар нэмэх төслүүдийг буцааж татлаа шүү дээ?
- Энэ асуудал мэдээж төсвийн дутагдалтай холбоотой байсан, гэвч намын бүлэг дээр хэлэлцээд татвар болон цалинтай холбоотой асуудлыг татаж аваад байна. Хувь хүний байр суурь гэхээсээ илүү өнөөгийн санхүүгийн нөхцөл байдалтайгаа уялдуулж ойлгох нь зөв болов уу. Мэдээж төрийн албан хаагчдын цалинг хасч ажиллуулна гэдэг зохимжтой зүйл биш ч гэлээ улс орны өнөөгийн санхүүгийн нөхцөл байдлыг тооцоод үзвэл хохиролтой ч гэсэн ийм арга хэмжээ авах зайлшгүй шаардлага байгаа юм. Харин албан тушаалтныхаа хувьд аливаа хүнийг ажиллуулна гэдэг цалин хөлстэйгөө шууд холбоотой байдаг. Тйимээс цалин хөлс багасгахыг дэмжих бус харин ийм хүндрэлтэй тулгарсан байгааг илтгэж харуулах дохио гэж харж байна. Энэ цаг үедээ таалагдахгүй байгаа шийдвэр алсдаа зөв байх ч тохиолдол байдаг.
-Зам, тээврийн хөгжлийн яам өвөлд бэлэн үү. Зам, даваа хаагдахаас авахуулаад бэлтгэл ажил ид өрнөж байгаа байх?
-Сайдын тушаалаар 46 цэгт шуурхай ажлын хэсэг гарган ажиллаж байна. Эдгээр цэгүүдийн өвлийн бэлтгэл ажлыг хангаад байна. Ер нь Завхан аймгийн Загастайн даваа, Солонготын даваа, Ганцын даваа гээд маш хүндрэлтэй даваанууд байдаг. Өвөлдөө дандаа хаагддаг даваанууд бий. Цас маш их хунгарладаг хүндрэлтэй ч тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаалгүйгээр ажиллахаар төлөвлөөд байна. Бичин жилийн зуд гэж хүмүүс ярьдаг. Биднийг өвөлд маш хариуцлагатай бэлд гэсэн дохиог байгалиас өгч байгаа гэж ойлгож байгаа. Тиймээс ямар ч нөхцөлд бэлэн байх үүднээс өвөлжилтийн бэлтгэлийг сайтар хангаж байна.
-Таны хувьд мэргэжлийн хүн гэсэн тодотголтойгоор орж ирсэн сайд нарын нэг. Энэ салбарын жаргал зовлонг илүү мэдэх хүн гэдэг утгаар нь асууж байна л даа. Яг өнөөдрийн байдлаар Монгол Улсын тээврийн салбарын хөгжил ямар шатандаа явна вэ. Бид дэлхийгээс хэр хоцорчихоод байна вэ?
-Өнөөгийн байдлаар зам, тээврийн салбар хөгжлийн шатандаа байна. Зам, тээврийн сүлжээгээ өргөтгөх, тээвэрлэлтийн шинэ дэвшилтэт арга технологи нэвтрүүлэх, үйлчилгээний хүрээгээ өргөтгөх, нэн ялангуяа, улс орны эдийн засгийн өсөлтийг хангах, гадаад худалдааг дэмжих, транзит тээврийн хэмжээг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой ажлуудыг хийхээр төлөвлөж байна. Дэлхийгээс хэр хоцорчихоод байна вэ? гэж асуулаа. Энэ бол харьцангуй ойлголт. Хамгийн гол нь бүс нутгийн тээврийн сүлжээндээ холбогдож, түүний хөгжлөөс хоцрохгүй байхын төлөө анхаарах ёстой. Ер нь тээврийн салбарт эрс шинэчлэлт хийхээр төлөвлөж байна.
Энэ жил Ташкент хотноо болсон хөрш гурван орны Төрийн тэргүүн нарын уулзалтаар бүс нутгийн хамтын ажиллагааг тодорхойлон, улс төрийн шийдэл гаргаж “Эдийн засгийн коридор” байгуулах хэлэлцээрт гарын үсэг зурсан ба энэ хэлэлцээрийн хүрээнд 32 төслийг сонгож хэрэгжүүлэхээр тохиролцсон нь Зүүн хойд Азийн төмөр замын шугам сүлжээ өргөжин тэлэх, хуурай замын тээвэрлэлтийг нэмэгдүүлэхэд түлхэц болно гэж бид харж байна. Мэдээжийн хэрэг тээврийн таван төрөл болох авто тээвэр, төмөр зам, агаарын тээвэр, усан замын тээвэр, хоолойн тээврийн талаар хийх ажил их байна. Тухайлбал, агаарын тээврийн нислэгийн аюулгүй ажиллагааг дээшлүүлэх, олон улсын болон бүс нутгийн, орон нутгийн нислэгийн тоог нэмэгдүүлэх, манай улсын агаарын орон зайгаар дайран өнгөрөх онгоцны тоог нэмэгдүүлэх, хямд үнээр онгоцны түлшийг хангах шаардлага гарч байгаа. Мөн Авто тээврийн салбарт тээвэр экспердизийн үйлчилгээг жинхэнэ утгаар хөгжүүлж хэрэгжүүлэх шаардлага байна.
Орон нутгийн тээврийн хөгжил ч бас нэлээд хоцрогдчихоод байгаа шүү дээ?
Өнөөдөр орон нутгийн иргэд хот руу ачаа явуулах, хотоос орон нутаг руу ачаа явуулахад ямар ч зохицуулалттгүйгээр урсгалаараа л явж байна. Үүнээс болоод тээврийн зардлыг хямдруулж, ачаа барааг түргэн шуурхай хүргэж чадахгүйд хүрээд байна. Бид 21-р зуунд амьдарч байж энэ асуудлыг цэгцлэх нь зүйн хэрэг. Тэгэхээр энэ салбарт тээврийн үйлчилгээ ор тас орхигдсон гэж хэлж болно. Ард иргэд их хэмжээний бараа бүтээгдэхүүнийг орон нутаг руу явуулахдаа Нарантуул захаас машин хайж, гуйгаад явах жишээтэй. Үүний тулд ачааны терминал байгуулж, бүх ачааг хүлээн авч ангилан, хаягжуулаад чиглэл бүрт багц болгон тээвэрлэж хэрэглэгчдэд хүргэх үйлчилгээ үгүйлэгдэж байгаа. Мөн улс орон даяар тээврийн нэгдсэн бүртгэл хяналт маш хоцрогдсон. Тиймээс бид үүнийг цахимжуулах, нэгдсэн онлайн сүлжээнд холбох шаардлага байна. Одоогоор улсын хэмжээнд 16 хяналтын цэг байдаг ч зарим нь байнгын бус ажиллагаатай байгаа. ЗЦГ болон АТҮТ-өөс улсын хэмжээнд 58 цэгт хяналтын цэг байгуулах шаардлагатай тооцоог гаргасны дагуу эдгээрийг нэн түрүүнд байгуулж авто машинуудаа хянах зүй ёсны шаардлага гарч байна. Ингэснээр зорчигч тээврийн үйлчилгээнд явж буй автомашины техникийн хурдыг хянах, аюул осолгүй тээвэрлэлт гүйцэтгэх ажиллагааг хянах юм. Мөн цаашид тээврийн хэрэгслийн дугаар давхардах байдлыг бүрэн арилгаж, гэрчилгээг шинэчилж, дугаарыг лацдах эн ажлыг үе шаттайгаар хийж дуусгахаар төлөвлөөд байна.
Түүнчлэн усан зам, далайн тээврийг хөгжүүлэх, стандартын шаардлага хангасан найдвартай техник хэрэгслээр хангах асуудалд анхаарал хандуулах шаардлагатай байгаа. Хөвсгөл далай болон бусад томоохон нуур, гол мөрнийг тээвэр, аялал жуулчалын чиглэлээр хөгжүүлэх бодлого барьж ажиллана. Хятадын Засгийн газраас 2009 онд Тяньжин хотын Дуньзяны чөлөөт боомт бүсэд 10 га газрыг хөнгөлөлттэй нөхцлөөр 50 жилийн хугацаатайгаар Монголын талд олгосон байдаг. Үүнийг Монгол Улс 7 жил ашиглаж чадалгүй өдийг хүрлээ. Тиймээс манай Засгийн газраас үр ашигтай, тээвэр ложистикийн төв байгуулж ашиглах асуудлыг даруй шийдэхээр болсон. Ингэснээр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулж, экспортын бараа бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэх, импортын бараа бүтээгдэхүүний үнийг багасгах өргөн боломж нээгдэх юм. Энэ хүрээнд бид хувийн хэвшлүүдтэйгээ хамтраад Тяньжинд ложистик төв байгуулна.
Зам, тээврийн салбарт хоолойн тээврийн салбарыг хөгжүүлэх судалгаа шинжилгээний ажил хийгдэж байна. Өндөр хөгжилтэй зарим орнуудад хоолойн тээврээр ихэвчлэн байгалийн хий, нефт бүтээгдэхүүн, үр тариа, нүүрс зэргийг тээвэрлэж байгаа. Манай яамны зүгээс энэхүү тээврийг эхний ээлжинд томоохон гол мөрний усыг татах чиглэлээр хөгжүүлэхээр төлөвлөж байна.