АВТОТЭЭВРИЙН ЧИГЛЭЛЭЭР ЦОГЦ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЖ БАЙНА
Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан төрийн өмчийн ашиглалт, хяналтыг сайжруулах, үр ашгийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд "Төрийн өмчийн менежмент ба нийгмийн хариуцлага-2018" өдөрлөг өнөөдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулагдаж байна.
Энэхүү өдөрлөгөөр төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниудын үйлчилгээг нэг цэгээс иргэдэд хүргэх, үйл ажиллагаа, нийгмийн хариуцлагыг олон нийтэд таниулж буй бөгөөд Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас зохион байгуулж буй үйл ажиллагаа, үйлчилгээгээ олон нийтэд нээлттэй хүргэлээ.
Тухайлбал, тээврийн хэрэгслийн гэрчилгээг шинэчлэх, шилжилт хөдөлгөөн хийх, бүртгэлийн мэдээлэл зөрүүтэй тээврийн хэрэгслийг бүртгэх, сүүлийн 5-6 жил татвар төлөөгүй, техникийн хяналтын үзлэгт ороогүй, хасагдах жагсаалтад орсон тээврийн хэрэгслийг хүсэлтийн дагуу үнэ төлбөргүй бүртгэлээс хасах, хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээг танилцуулах, мэргэшсэн жолоочийн шалгалтын талаарх мэдээлэл өгөх, шалгалт авах, авто үйлчилгээний ангилал тогтоох зэрэг үйлчилгээг нэг дор цогцоор нь үзүүлж байна.
Түүнчлэн автотээврийн нэгдсэн лавлах 1900-1234 дугаараас автотээврийн салбарын бүхий л мэдээллийг авах, хууль бус тээвэрлэлтийн талаар хяналтын байцаагч сэрэмжлүүлэг мэдээлэл өгөх, хөдөлгөөний удирдлагын төв буюу 24 цагийн GPS-ын хяналтын талаар танилцуулах, баруун талдаа хүрдтэй тээврийн хэрэгслийн гэрлийн бэлдэцийн талаар зөвлөгөө мэдээлэл өгөх, явуулын техникийн үзлэгийн талаар зөвлөгөө мэдээллийг цогцоор хүргэж байна.
Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас 2018 оныг "Үйлчилгээний чанарыг сайжруулах жил" болгон зарлаж, иргэдэд хүртээмжтэй түргэн шуурхай үйлчлэхийн тулд орон нутгийн Засаг дарга нартай гэрээ байгуулан, тав тухтай үйлчилгээг иргэдэд хүргэх, улс, хот хоорондын ачаа, зорчигч тээвэрлэлтийн үйлчилгээний чанарыг сайжруулахад анхаарч ажиллаж байгаа талаар тус үйлдвэрийн газрын дэд захирал Х.Баярхүү хэллээ.
Тус үйлдвэрийн газраас 2018 оны эхний улиралд дараах ажлуудыг хийж гүйцэтгээд байна. Үүнд:
- Зорчигчдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор ачаа тээшийг хянаж, хадгалах нэгдсэн зохион байгуулалтад оруулж, зорчигч тээврийн тасалбарыг онлайнаар захиалж, үйлчилгээний төрлийг нэмэгдүүллээ.
- Хот хоорондын нийтийн тээврийн 85 чиглэлд “Аялалын дугаар олгох” ажлыг зохион байгууллаа.
- Хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээний зорчих тасалбарыг НӨАТ-ын баримттай нэгтгэн тасалбарын загварт өөрчлөлт оруулав.
- Хууль бус зорчигч тээвэрлэлтийг бууруулах зорилгоор бүсчилсэн арга хэмжээнүүдийг зохион байгуулж байна.
- “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-аас тээвэрлэлтийн цагийн давтамж нэмэгдүүлэхтэй холбоотой хүсэлт ирүүлсэн аж ахуйн нэгж байгууллагуудын асуудлыг шийдвэрлэлээ.
- “Улс, хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээнд дэмжлэг үзүүлэх төсөл”-ийн хүрээнд нийлүүлэгдсэн 43 автобуснаас 32 автобусыг тээвэрлэгч аж ахуй нэгж байгууллага болон бусад байгууллагуудад хүлээлгэн өгөх ажлыг зохион байгуулсан.
- Авто үйлчилгээний мэдээллийн санг бий болгож, тус санд ангилал тогтоолгосон 122 авто үйлчилгээний байгууллагуудыг бүртгэж, тэдгээрт мэдээллийн санд нэвтрэх эрх олгоод байна.
- Техникийн хяналтын үзлэгийн төлбөрийг картаар төлөх боломжтой болсон.
- Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030 болон Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан “Аялал жуулчлалын маршрут, улсын чанартай болон орон нутгийн чанартай авто зам дагуух үйлчилгээний байгууламж барих цэгийн нарийвчилсан судалгаа” 49 чиглэлд хийж гүйцэтгэж, Хот хоорондын нийтийн зорчигч тээврийн замналын дагуух сум, суурин газар, даваа, гүвээ зэргийг хяналтын програмын газрын зурагт оруулсан.
- Буруу талдаа жолооны хүрдтэй автомашины их гэрлийн тусгалыг өөрчлөх бэлдэц суурилуулах ажлыг зохион байгуулж эхний улирлын байдлаар 2000 орчим тээврийн хэрэгслийн гэрлийг тохируулаад байна.
- Баянзүрх зорчигч тээврийн төвийг “Тэнгэр плаза” худалдааны төв рүү нүүлгэн шилжүүлж, иргэд ая тухтай үйлчлүүлэх нөхцлийг бүрдүүлсэн.
- Иргэд, аж ахуй нэгжүүдэд одоо болон өмнө эзэмшдэг байсан тээврийн хэрэгслийн өмчлөгчийн лавлагааг зөвхөн Тээврийн хэрэгслийн бүртгэлийн Архив, лавлагааны тасгаас авдаг байсан бол улсын хэмжээнд ашиглагдаж байгаа 108 ТҮЦ машинаас авдаг болголоо.
Мөн Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газартай байгуулсан Контрактын гэрээг эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшингийн гүйцэтгэл, Аудитаар баталгаажсан санхүүгийн тайлан, Аудитын тайлан, зөвлөмж, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын шийдвэрийн биелэлт, Худалдан авах ажиллагааны тухай хууль, Шилэн дансны хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн биелэлт, Хэрэглэгчийн болон ажиллагсдын санал асуулгын дүн, Харъяалах салбарын яам, төрийн захиргааны холбогдох байгууллагын үнэлгээ зэргийг үндэслэн урьдчилсан хамгаалалтаар 95 хувийн үнэлгээтэй дүгнэгдээд байгаа аж.
2018 оныг “Үйлчилгээний чанарыг сайжруулах жил” болгон зарласантай холбогдуулан иргэд, олон нийтэд үзүүлж буй үйлчилгээнд онцгой анхаарч, сахилга хариуцлагыг дээшлүүлэх, үйлчилгээний чанарыг сайжруулж үйл ажиллагаагаа төгөлдөржүүлэхэд анхаарч ажиллаж байна гэдгийг энэ үеэр хэллээ.
Үүний тулд Хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, тээврийн нэгдсэн систем, Лавлах үйлчилгээний програм болон тээврийн хэрэгслийн бүртгэлийн системүүдийг Хот хоорондын зорчигч үйлчилгээнд сум, суурин газраас хөдөлгөөнт төхөөрөмж ашиглан тийз бичих боломжтой болгох, Нийслэлийн техникийн хяналтын төвүүдийн үйл ажиллагаанд олон улсын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх, эрэлтэд нийцсэн эдийн засгийн, үр ашигтай ухаалаг тээврийн үйлчилгээ үзүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлж ажиллахаар төлөвлөж байна хэмээн Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас мэдээллээ.