Чингисийн өргөн чөлөө -11
1900-1234 info@transdep.mn
2018-05-09 03:20:23

Б.Гүрсоронзон: Тээврийн хэрэгслийн лавлагааг 108 ТҮЦ машинаас авах боломжтой

Тээврийн хэрэгслийн өмчлөгчийн лавлагааг иргэд аливаа хүндрэл, чирэгдэлгүйгээр ТҮЦ машинаас авах боломжтой болсон талаар  АТҮТ ТӨҮГ-ын Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн дарга Б.Гүрсоронзоноос тодрууллаа.

 -Иргэд өмнө нь эзэмшиж байсан болон одоо эзэмшиж байгаа автомашины лавлагааг ТҮЦ машинаас авах боломжтой болсон гэсэн. Энэ талаар та тодруулахгүй юу?

-Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас 2018 оныг “Үйлчилгээний чанарыг сайжруулах жил” болгож зарласан. Үүнтэй холбоотойгоор  иргэд, аж ахуй нэгжүүдэд үйлчилгээгээ түргэн шуурхай хүргэх үүднээс шат дараатай арга хэмжээнүүдийг зохион байгуулж байгаа юм. Энэ хүрээнд иргэд ямар нэг чирэгдэлгүй тээврийн хэрэгслийн лавлагаа авах боломж бүрдсэн. Өмнө нь иргэд болон аж ахуй нэгжүүд одоо эзэмшиж байгаа болон өмнө нь эзэмшиж байсан тээврийн хэрэгслийн өмчлөгчийн лавлагааг зөвхөн АТҮТ-ийн Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн Архив лавлагааны тасгаас авдаг байсан. Харин энэ үйлчилгээг нэвтрүүлснээр өөрт ойр байрлах ТҮЦ машинаас авах боломжтой болсон.

 -Ер нь улсын хэмжээнд хэчнээн ТҮЦ машинаас лавлагаа авах боломжтой вэ?

 -Улсын хэмжээнд 108 ТҮЦ машин ашиглагдаж байгаа. Тэдгээрээс лавлагаа авах боломжтой гэсэн үг. 

 -Тээврийн хэрэгслийн лавлагааг ямар тохиолдолд иргэнээс шаарддаг юм бэ?

 -Халамжийн үйлчилгээ, банк санхүүгийн байгууллагаас зээл авах, төрийн болон хууль хүчний байгууллагуудад тодорхойлолт бүрдүүлэх зэрэг тохиолдолд шаарддаг юм.

 -ТҮЦ машинаас хэдэн төгрөгөөр авах вэ?

 -1000 төгрөг. Өмнө нь хөдөө орон нутгийн иргэд тээврийн хэрэгслийн лавлагаа авахын тулд өөрийн биеэр их мөнгө зарцуулан нийслэлийг зорьдог байсан бол одоо ТҮЦ машинд 1000 төгрөг төлөөд л авах боломжтой.  Баян-Өлгий аймгийн иргэн байлаа гэхэд Улаанбаатарт ирэхийн тулд 1800 км зам туулж, хамгийн багадаа 100 гаруй мянган төгрөгийг замын зардалдаа зориулдаг байсан.  Харин одоо бол орон нутагтаа ашиглагдаж байгаа  ТҮЦ машинд очиход л хангалттай.

 -Та ачаалал буурсан гэж хэлсэн. ТҮЦ машинаас лавлагаа олгож эхэлснээс хойш танай хэлтсийн ачаалал хэр буурсан бэ?

 -Манай Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтэс өдөрт дунджаар 1000-1200 тээврийн хэрэгслийн бүртгэл, шилжилт хөдөлгөөн хийж, улсын дугаар олгох үйлчилгээ үзүүлдэг. Одоогийн байдлаар 1000 гаруй иргэн, аж ахуй нэгж байгууллага тээврийн хэрэгслийн өмчлөгчийн лавлагаагаа ТҮЦ машинаас авсан байна. Иргэдийн цаг, мөнгийг хэмнээд зогсохгүй үйлчилгээний ачаалал ч тодорхой хэмжээгээр буурсан.

 -Иргэд ямар нэг эвдрэл гэмтлээс шалтгаалан сүүлийн хэдэн жил ашиглаагүй тээврийн хэрэгслийнхээ улсын дугаараа хасуулаагүйн улмаас татварын өр, торгуульд унах тохиолдол гарч байгаа гэсэн. Энэ талаар та мэдээлэл өгөхгүй юу?

 -Улсын хэмжээнд нийт 90000 гаруй сүүлийн дөрвөн жилд авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар зэрэг татвар, хураамжаа төлөөгүй эзэмшигч байна гэсэн судалгаа гарсан.  Иргэд, аж ахуй нэгжүүд өөрсдийн өмчлөлд байгаа хасагдах жагсаалтад орсон тээврийн хэрэгслийн улсын дугаараа хасуулаагүйн улмаас өөрөө явагч хэрэгслийн албан татвар зэрэг татварын өр, хүү алданги, торгуульд унах эрсдэлтэй.

Тиймээс “https://www.transdep.mn/deductible_vehicles.php” гэсэн хаягаар нэвтэрч,  өөрийн өмчлөлд бүртгэлтэй хасагдах тээврийн хэрэгслийг харах боломжтой. Хэрэв хасагдах тээврийн хэрэгслийн жагсаалтад таны машин орсон бол улсын бүртгэлээс хасуулахын тулд улсын дугаарын тэмдэг, автотээврийн хэрэгслийн гэрчилгээгээ өмчлөгчийн хүсэлтийн хамт бүрдүүлж, АТҮТ-д хандах хэрэгтэй.

 -Жагсаалтад ороогүй ч цаашид ашиглах боломжгүй болсон тээврийн хэрэгслээ хэрхэн улсын бүртгэлээс хасуулах вэ?

 - Улсын бүртгэлээс хасуулах тухай өмчлөгчийн хүсэлт, Нийслэлийн татварын албаны тодорхойлолт, Автотээврийн хэрэгслийн гэрчилгээ, Улсын дугаарын тэмдгээ АТҮТ-д авчирч, хасалт хийлгэх боломжтой.

 

“Монголын мэдээ” сонин

 

 

 

Дуудлага худалдаа эхлэхийг та
мэдсэн үү?

УЕА шинэ серийн 387 онцлог дугаарын дуудлага худалдаа 4 сарын 18-наас 5 сарын 12 хүртэл ажлын 19 хоногийн турш үргэлжилнэ.