АТҮТ уурхайнуудтай хамтран нүүрс тээвэрлэлтийн зохион байгуулалтыг шинэчлэхээр боллоо
Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас “Эрдэнэс Тавантолгой” ХК болон “Энержи ресурс“ ХХК-иудтай Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Тавантолгой уурхайгаас Гашуунсухайт боомт, БНХАУ-ын Ганцмод боомтын чиглэлийн улс хоорондын байнгын ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагааг зохион байгуулах чиглэлээр хамтран ажиллах гэрээг байгууллаа.
Энэхүү хамтран ажиллах гэрээнд уурхай эзэмшигч нар өөрсдийн тээвэрлэлтийн эрэлт хэрэгцээнд тохируулан Монгол Улсад мөрдөгдөж буй хууль тогтоомжийн хүрээнд тээвэрлэгч аж ахуйн нэгжүүдтэй стандарт, дүрэм журмын дагуу тээвэрлэлт гүйцэтгэх “Тээвэрлэлтийн гэрээ” байгуулан ажиллах юм байна.
Харин Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас энэхүү “Тээвэрлэлтийн гэрээ”-г үндэслэн Монгол Улс болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын Автотээврийн хэлэлцээрт заасны дагуу батлагдсан маршрутын дагуу тээврийн хэрэгслүүдэд хил нэвтрэх зөвшөөрлийн бичиг олгож, хяналт тавьж ажиллахаар болжээ.
Өмнө нь уурхайнууд зөвхөн худалдан авагч талдаа тээвэрлэлтээ даатгаж орхисоноос зохицуулалт алдагдсан байсан. Харин энэхүү хамтран ажиллах гэрээг байгуулж, уурхайнууд тээвэрлэлтийн асуудалдаа анхаарах болсноор уурхайн хүчин чадал, боомтын болон авто замын нэвтрүүлэх хүчин чадалд нийцүүлэн зохицуулалт хийх боломж бүрдэж байна. Ингэснээр хэт олон автомашины төвлөрөл саарах, тээвэрлэгчдийн хариуцлага сайжрах, зам тээврийн осол буурах, жолооч нарын нийгмийн асуудал шийдэгдэх, жолооч нарын нийгмийн болон эрүүл мэндийн халамж үйлчилгээ авах зэрэг боломжууд бүрдэх юм.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн хавар Өмнөговь аймагт томилолтоор ажиллаж, уурхайн төлөөллүүдтэй уулзах үеэрээ уул уурхайн компаниуд эрэлт хэрэгцээнд тулгуурлан тээвэрлэлтээ уялдуулан, гэрээ байгуулсан компаниудынхаа жолооч нарыг хариуцах үүрэг чиглэл өгсөн. Энэ хүрээнд Зам, тээврийн хөгжлийн сайдаас өгсөн үүрэг чиглэлийнй дагуу уурхайнууд тээвэрлэлтийн асуудлаа өөрсдөө хариуцаж, жолооч нарын асуудлыг гэрээлэгч компаниуд хариуцах, хяналт тавих, стандарт, шаардлагын дагуу тээвэрлэлт гүйцэтгэтгэх тухай гэрээг ийнхүү үзэглэлээ.