Нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагаанд хамтарч хяналт тавина
Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын захирал П.Дэлгэрнаран Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомт, Ханбогд сумын “Сум дундын прокурорын газар” болон Цогтцэций салбарт өнгөрсөн амралтын өдрүүдэд албан томилолтоор ажиллав. Томилолтын хугацаанд Гашуунсухайт боомтоор нэвтэрч буй улс хоорондын ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагаатай танилцаж, тулгарч буй хүндрэл, бэрхшээл, зохих зарим асуудлуудыг шийдвэрлэсэн байна. Тус үйлдвэрийн газрын Цогтцэций салбараас улс хоорондын ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтынхаа талаар танилцуулсан бөгөөд мэргэшсэн жолоочийн үнэмлэхгүй жолооч, тээврийн хэрэгслийн арлын дугаар зөрүүтэй зөрчил, “C” зөвшөөрлийн бичиггүй тээврийн хэрэгслүүд тээвэрлэлтэд оролцож байгаа асуудал тулгамдаад байгаа талаар танилцуулав.
Тус үйлдвэрийн газрын захирал П.Дэлгэрнаран энэхүү асуудлын хүрээнд Гашуунсухайт боомтоор нэвтэрч буй тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгт зөвхөн Цогтцэций салбарын тамга хүчинтэй байх, “C” зөвшөөрлийн бичгийг ААН-үүдийн кемп дээр очиж тээврийн хэрэгсэл, жолоочтой нь тулгалт хийж олгох, 2-3 тээврийн хэрэгсэл дунд нэг бичиг баримт ашиглаж байгаа асуудлыг шалган илрүүлэхэд Замын цагдаагийн алба болон хууль хүчний байгууллагуудтай хамтран ажиллах үүрэг чиглэлийг өглөө.
Мөн энэ үеэр Өмнөговь аймгийн сум дундын прокурорын газрын прокуроруудтай уулзаж, тус чиглэлд тээвэрлэлт хийж байгаа автомашинууд техникийн бүрэн бүтэн байдлыг хангуулах тал дээр анхаарах, хуурамч бичиг баримт үйлдэгдэж байгаа асуудлуудад хамтарч ажиллах, Автотээврийн үндэсний төвтэй гэрээтэй ААН-үүдтэй уулзалт хийж дээрх асуудлуудын талаар анхааруулахаар боллоо. Цаашлаад уурхайнуудтай байгуулсан гэрээг цуцлах хүртэл арга хэмжээ авах, техникийн хяналтын үзлэгийн чанарт анхаарч ажиллах, хуурамч бичиг баримт үйлдэгдэж байгаа дээр хяналт шалгалтыг эрчимжүүлэх, прокурорын газраас зохион байгуулж буй сургалтанд идэвхитэй хамрагдах, Автотээврийн улсын хяналтын байцаагчийн зөрчил бүртгэх эрхийг нь нээж өгөх зэрэг арга хэмжээг авч, хамтран ажиллахаар тохиролцлоо.