Чингисийн өргөн чөлөө -11
1900-1234 info@transdep.mn
2018-06-13 08:29:25

Монгол, Латвийн тээврийн яамны төлөөллүүд уулзав

Монгол Улс өнөөдрийн байдлаар ОХУ, БНХАУ, Украйн, Беларусь, Турк, Казакстан, Латви, БНАСАУ, Кыргыз зэрэг 9 улстай “Олон улсын автотээврийн харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр” байгуулан, жилдээ 33 сая тонн ачаа, 190 мянга орчим зорчигч тээвэрлэж байгаа дүн мэдээ бий. 

Зам, тээврийн хөгжлийн яамны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Батболд тэргүүтэй албаныхан Латви Улсын Тээврийн яамны Автотээврийн газрын орлогч дарга Ания Новикова тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч, улс хоорондын ачаа, зорчигч тээвэрлэлтийн тоо хэмжээг нэмэгдүүлэх болон зөвшөөрлийн бичгийн ашиглалтын талаар санал солилцлоо. Энэхүү уулзалтаар Монгол, Латвийн хооронд 2019 онд тээвэрлэлт гүйцэтгэх зөвшөөрлийн бичгийн тоог тохирч, Азийн автозамын сүлжээгээр олон улсын тээвэрлэлт гүйцэтгэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын хүрээнд дамжин өнгөрөх тээврийг зохион байгуулах, зохицуулах чиглэлээр Латви улсаас туршлага судлах, холбогдох хүмүүсийг сургалтад хамруулах хүсэлтэй байгаагаа Монголын талаас илэрхийллээ.

Монгол, Латви улсууд худалдаа харилцааны хувьд 2016 онд 1619 мянган ам.долларын худалдааны эргэлттэй бөгөөд сүлжмэл хувцас, хувцасны сүлжмэл бэлэн эд анги, тоног хэрэглэл, орны бүтээлэг гэх мэт 32,8 мянган ам.долларын бараа бүтээгдэхүүний экспортложээ. Мөн 1586 мянган ам.долларын лаазалсан бүтээгдэхүүн, хөлдөөсөн ногоо, эм, азотын бордоо, утсан холбооны аппарат зэрэг бүтээгдэхүүн импортлосон мэдээлэл байна.

ЗТХЯ-ны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Батболд уулзалтын үеэр хэлэхдээ “Монгол, Латви хоёр улсын хооронд хийгдэж буй тээвэрлэлтийн хэмжээ бага байгаа ч Монгол талаас Герман, Польш, Литва, Чех, Словак, Унгар зэрэг улстай “Олон улсын автотээврийн харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр” байгуулахаар хэлэлцээрийн төслийг харилцан тохиролцож байна. Эдгээр улстай автотээврийн хэлэлцээр байгуулснаар хоёр улсын хооронд хийгдэх тээвэрлэлтийн хэмжээ тодорхой хувиар нэмэгдэнэ” хэмээн хэлэв. Тэрээр Монгол Улсын автотээврийн салбарын талаар танилцуулга хийж, автотээврийн салбар нийт ачаа тээврийн 58 орчим хувийг, зорчигч тээврийн 98 хувийг автотээврийн салбар гүйцэтгэдэг талаар танилцууллаа. Нийт автотээврээр улс хооронд тээвэрлэсэн ачааны 90 гаруй хувийг нүүрс, газрын тос, төмрийн хүдэр, зэс болон цайрын баяжмал буюу уул уурхай, ашигт малтмалын бүтээгдэхүүн эзэлдэг байна. Харин зорчигч тээврийн хувьд өнөөдрийн байдлаар ОХУ, БНХАУ, БНКазУ-тай 10 чиглэлд улс хоорондын байнгын зорчигч тээвэрлэлтийн үйлчилгээ үзүүлж байгаа аж.

Дуудлага худалдаа эхлэхийг та
мэдсэн үү?

УЕА шинэ серийн 387 онцлог дугаарын дуудлага худалдаа 4 сарын 18-наас 5 сарын 12 хүртэл ажлын 19 хоногийн турш үргэлжилнэ.