АВТОТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ ХАГАС ЖИЛИЙН АЖЛАА ДҮГНЭВ
Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас хагас жилийн тайлангийн хурлаа төвийн нийт ажилтан албан хаагчдынхаа дунд зохион байгууллаа. Тус хурлаар хагас жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлууд болон цаашид хийхээр төлөвлөж байгаа ажлуудаа тайлагнаж, алдаа оноо, амжилт бүтээлээ ийнхүү дүгнэлээ.
Эхний хагас жилд хийж хэрэгжүүлсэн ажлууд, үр дүнгийн талаар Дэд захирал Х.Баярхүү танилцууллаа. Тус танилцуулгад Монгол улсын Засгийн газраас тогтоогдсон хэрэгцээ, түүнд тавигдах шаардлага, техникийн зохицуулалтыг үндэслэн тусгай багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж, техникийн хяналтын үзлэгийн инженерийнмэргэжлийн ур чадвар, дадлага туршлагад тулгуурлан тохирлын үнэлгээний тодорхой үйл ажиллагааг техникийн хяналтын үзлэгийн суурин болон явуулын 51 төвөөр дамжуулан улсын хэмжээнд зохион байгуулж ажилласан талаар танилцуулав. 2018 оны 6 дугаар сарын 20-ны байдлаар нийт 388200 тээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийсэн байна. Үндэсний төвийн хэмжээнд 352266 тээврийн хэрэгсэлд үзлэг хийж, 70 хувьтай байгаа талаар мэдээллээ.
Тайлангийн хурлаар тус үйлдвэрийн газрын захирал П.Дэлгэрнаран “Манай байгууллагын ажлыг гүйцэтгэлээр нь үнэлэхэд сайн үзүүлэлттэй байгаа нь нийт ажилтан албан хаагчдын ажлын үр дүн юм. Үүнд улс орны эдийн засгийн өсөлт ихээхэн дэм болж байгаа. Үйлчилгээний хүртээмж нэмэгдэж, үйлчилгээ авч байгаа иргэдийн тоо нэмэгдэхийн хэрээр улс, хот хооронд ч ачаа, зорчигч тээвэр 2017 онд нийтдээ 33,2 сая тонныг тээвэрлэсэн бол өнөөдөр эхний хагас жилийн байдлаар 20 гаруй сая тонныг тээвэрлэсэн байна. Энэ жилийн хувьд гурван аймагт автовокзал ашиглалтад орно. Ирэх жил бид Баян-Өлгий, Увс, Завхан аймгуудад техникийн хяналтын төв, вокзалийн комплекс барилгуудыг ашиглалтад оруулна. Мөн хувь хүний хөгжил, ажилтан албан хаагчдаа сургах, инноваци, шинэ бүтээл, оновчтой санаануудыг дэмжих тал дээр идэвхитэй ажиллана” хэмээн онцлон хэллээ.
Улс хоорондын байнгын зорчигч тээвэрлэлтийг 3 улсын 9 чиглэлд 14 аж ахуйн нэгж байгууллагын 73тээврийн хэрэгсэл, 86 мэргэшсэн жолоочтойгоор тээвэрлэлт гүйцэтгэдэг юм байна. 2017 оны 06 сарын 20-ны байдлаар 95,3 мянган зорчигч тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 33%-иар өссөн үзүүлэлттэй байгаа аж.2018 оны эхний хагас жилд улсын хэмжээнд шинээр бүртгэгдсэн тээврийн хэрэгсэл 2017 оны мөн үеийнхээс 7737 тээврийн хэрэгсэл буюу 24%-иар, 2016 оны мөн үеийнхээс 16025 тээврийн хэрэгсэл буюу 69% -иар тус тус өссөн дүнтэй байгааг энэ үеэр тайлагнав.
Түүнчлэн тайлант хугацаанд байршил тогтоох төхөөрөмж суурилуулсан нийт 82232 /давхардсан тоогоор/ тээврийн хэрэгслээр 1180146 зорчигчдод үйлчилсэн дүн мэдээ байна. Улс, хот хооронд зорчигч тээвэрлэж буй аж ахуйн нэгж, байгууллагын тээврийн хэрэгслийн техникийн саатлын тоо өмнөх оны мөн үеэс 0,004 хувиар буурсан үзүүлэлттэй байгааг дуулгалаа.
Авто үйлчилгээний мэдээллийн санд давхардсан тоогоор 11100 орчим иргэд хандан мэдээлэл авсан бөгөөд ангилал тогтоолгосон 132 аж ахуйн нэгж иргэн бүртгэгдэж 1500 орчим тээврийн хэрэгслийн засвар үйлчилгээний мэдээллийн түүх үүсчээ.
Эдгээр ажлуудын үр дүнд 2018 онд нийт 18.878,6 сая төгрөгийн орлогын төлөвлөгөөтэй ажиллахаар төлөвлөсөн бөгөөд нийт 22.759,0 сая төгрөгийн орлогын гүйцэтгэлтэй ажиллаж үнийн дүнгээр 3.880,4 сая төгрөг буюу 121%-ийн биелэлттэй давуулан биелүүлсэн үзүүлэлттэй байгааг хэллээ.