МОНГОЛ УЛСАД АВТОТЭЭВРИЙН САЛБАР ҮҮСЧ ХӨГЖСӨНИЙ 93 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА
Монгол Улсад Автотээврийн салбар үүсч хөгжсөний 93 жилийн ой тохиож байна. “Улсын тээх нэвтрүүлэх газар” нэртэйгээр байгуулагдсан автотээврийн салбарын хамт олон эх орныхоо эдийн засгийн бүтцийн томоохон салбар, хөгжлийн нэгэн тулгуур болсоор 93 жилийг ардлаа орхижээ.
Өнгөрсөн хугацаанд манай Автотээврийн үндэсний төвөөс салбарын улс, хот хоорондын, орон нутгийн тээвэр зохицуулалт, тээврийн хэрэгслийн бүртгэлийн үйл ажиллагааг нэгдсэн нэг зохион байгуулалтад оруулж, тээвэрлэлтийн болон техникийн аюулгүй байдлыг хангуулан өөрсдийн үйл ажиллагааг улам өргөжүүлэн ажиллаж байна.
Үйлчлүүлэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэх, үргүй зардлыг багасгах, үйлчилгээний доголдлыг арилгах зорилгоор улс, хот хооронд нийтийн тээврээр зорчих зорчигчдын тийзийг цахим хэлбэрээр захиалж авах боломжийг бүрдүүлж тасалбар захиалах цахим системийг нэвтрүүллээ.
Улс, хот хоорондын нийтийн тээвэрт найдвартай, хөдөлгөөний аюулгүй байдлын шаардлагыг хангасан үйлчилгээ нэвтрүүлэх зорилгын хүрээнд тээвэрлэлт гүйцэтгэж буй тээврийн хэрэгслийг байршил тогтоох төхөөрөмжөөр тоноглон хөдөлгөөний хурд, байршил, цагийн хуваарийн мөрдөлтийг байнга хянаж тээвэрлэгч байгууллага, иргэдийг тогтмол мэдээллээр ханган ажиллаж байна.
Мөн Автотээврийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, бүс нутгийн тээврийн итеграцид нэгдэн орох замаар дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэх ажлын хүрээнд Азийн авто замын сүлжээгээр дамжин өнгөрөх тээврийн сүлжээг Европ болон Төв азийн улсууд руу өргөтгөх үндэс суурь тавигдаж, Европын холбооны зарим улсууд уруу шууд тээвэрлэлт хийх боломж бүрдлээ. Цаашид Европын холбооны улсууд хооронд худалдааны эргэлт нэмэгдэн, бараа бүтээгдэхүүний тээвэрлэлт өргөжин хөгжих, тээвэр худалдаа улам боловсронгуй болох нөхцөл бүрдсэн нь бидний хувьд томоохон онцлох ажил боллоо.
Мөн тасралтгүй өсөн нэмэгдэж буй нийгмийн эрэлт хэрэгцээг хангасан хүрээлэн байгаа орчинд ээлтэй тээврийн ухаалаг үйлчилгээг бий болгоход автотээврийн салбарын стандартчилал, баталгаажуулалтын үйл ажиллагааны ач холбогдол улам бүр нэмэгдэж байна.
Үүний хүрээнд Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас автотээврийн салбарт ажил үйлчилгээ үзүүлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын бүтээгдэхүүн, үйлчилгээ, үйл явц стандартын шаардлагад нийцсэн эсэхийг тогтоож, хөндлөнгийн баталгаажуулалтыг хэрэгжүүлэх Судалгаа, хөгжил, чанарын удирдлагын төвийг байгуулж MNS ISO/IEC 17065-2013 стандартын дагуу итгэмжлэлийн шаардлагыг ханган ажиллаж байна.
АВТОТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ