Чингисийн өргөн чөлөө -11
1900-1234 info@transdep.mn
2016-11-14 03:22:09

Цаг агаарын онцгой нөхцөлд шуурхай арга хэмжээ авч ажиллалаа

Автотээврийн үндэсний төвөөс Зам, тээврийн хөгжлийн сайдын 2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 82 дугаар “Авто зам, замын байгууламж түр хаах тухай” тушаалын хэрэгжилтийг хангуулж Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан их хэмжээний цас орж, зам даваа хаагдан хальтиргаа, гулгаа үүссэн тул иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх зорилгоор Улсын хэмжээний авто зам, замын байгууламжийг 2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 13 цагаас 11 дүгээр сарын 14-ний өдрийн 10:00 цаг хүртэл түр хааж, автотээврийн хөдөлгөөнийг зогсоосон.

Шийдвэрийн дагуу Замын цагдаагийн албатай хамтран Монгол улсын хэмжээнд улс, хот хоорондын нийтийн зорчигч тээврийн 30 тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлаж, нийт 947 зорчигчдыг хамгийн ойр байрлах төв суурин газруудад байршуулах, буудалд хоноглуулах, Дархан-Уул, Говьсүмбэр аймгуудаас зорчигчдыг галт тэргэнд шилжүүлэн суулгах зэрэг арга хэмжээг авч, болзошгүй эрсэдлээс урьдчилан сэргийлж ажилласан. Үүнд:

  1. Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан 2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 13 цагаас хойш улс, хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд тээвэрлэлт гүйцэтгэхээр төлөвлөгдсөн 79 чиглэлийн 328 тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоосон.
  2. Шийдвэр гарахаас өмнө тээвэрлэлт гүйцэтгэж байсан 25 чиглэлийн 27 том оврын автобус, 3 суудлын тээврийн хэрэгслийг 14 байршилд зогсоон, Дархан-Уул аймгийн Автотээврийн төв дээр 26 зорчигч, Төв аймгийн Лүн сумын сургуулийн зааланд 44 зорчигч, бусад 743 зорчигч зочид буудалд тус тус хоноглуулах арга хэмжээг авч ажилласан.
  3. Говьсүмбэр аймгаас 27 зорчигчийг Улаанбаатар хотруу, Дархан-Уул аймгаас 65 зорчигчийг Улаанбаатар хотруу, 42 зорчигчийг Орхон аймагруу тус тус нийт 134 зорчигчийг галт тэргэнд шилжүүлэн суулгасан.

            Цаг агаарын 2016.11.14-ны өдрийн мэдээлэл

2016.11.14-ны өдрийн 09:00 цагийн байдлаар Хөдөлгөөний удирдлага, хяналтын төвөөс бүх аймгуудтай холбогдон цаг агаарын мэдээ авахад цас орж шуурч байгаа газар байхгүй, хэвийн гэсэн мэдээлэл авсан.

Онцгой байдлын ерөнхий газраас авсан мэдээллээр 2016.11.14-ний өдөр Зүүн аймгуудийн нутгийн зүүн хэсгээр болон баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн цасан болон шороон шуургатай, салхины хурд 5-10 м/с хүрнэ.

Иймд эрхэм зорчигч та бүхнийг хөдөө орон нутагт зорчих зайлшгүй шаардлагатай тохиолдолд тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангуулж, анхаарал болгоомжтой зорчиж, Автотээврийн үндэсний төвтэй гэрээ байгуулсан, хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангасан тээврийн хэрэгслээр үйлчлүүлэхийг анхааруулж байна.

 

 

“АВТОТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ” ТӨҮГ

Дуудлага худалдаа эхлэхийг та
мэдсэн үү?

УЕА шинэ серийн 387 онцлог дугаарын дуудлага худалдаа 4 сарын 18-наас 5 сарын 12 хүртэл ажлын 19 хоногийн турш үргэлжилнэ.