Д.Эрдэнэмөнх: Ганц удаа машин угаалгах мөнгөөр бүтэн жилээ даах техникийн үзлэгт хамрагдах боломжтой
Тээврийн хэрэгслийн техник хяналтын үзлэгийн талаар Авто тээврийн үндэсний төвийн ахлах мэргэжилтэн Д.Эрдэнэмөнхтэй ярилцлаа.
-Ярилцлагынхаа эхэнд байгууллагынхаа чиг үүргийн талаар товч тодорхойлохгүй юу?
-Жилийн эцсээр оношлогоо үзлэгт хамрагдах машины тоо эрс багасдаг. 1999 онд батлагдсан, 2004 онд шинэчлэгдсэн Авто тээврийн хуулиар тээврийн хэрэгсэл жилд нэг удаа техникийн үзлэгт хамрагдах заалттай. Манай төв техникийн хяналтын үзлэг хийдэг төрийн хяналтыг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй. Техникийн хяналтад хамрагдсанаар тухайн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцох эрхтэй болно. Өөрөөр хэлбэл замын хөдөлгөөнд оролцох эрхийг манай байгууллага олгож байна гэсэн үг.
-Жолооч нарын дунд заасан хугацаанд нь автомашинаа техникийн үзлэгт хамруулахгүй хойрогшох тохиолдол цөөнгүй. Энэ тохиолдолд ямар хариуцлага ногдуулах вэ?
-Текникийн хяналтад ороогүй, мөн орсон ч стандарт хангаагүй тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцвол замын хөдөлгөөний аюулгүй байдлын улсын байцаагч, замын цагдаа нар торгох арга хэмжээ авна. Манай байгууллага замын хөдөлгөөний удирдлагын төвтэй хамтран ажиллах гэрээ байгуулсан. Ингэснээр үзлэгт ороогүй тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцвол теле камерын тусламжтайгаар илрүүлдэг. Торгуулийг гэрийн хаягаар нь хүргүүлж байгаа. Замын цагдаагийн байгууллага нь өдөр тутам замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгсэлүүдэд шалгалт хийдэг. Үзлэгт ороогүй тээврийн хэрэгслийн гэрчилгээг хураана мөн торгоно.
-Дээрх тохиолдолд торгуулийн хэмжээ нэлээн өндөр байдаг. Тэгвэл техникийн хяналтын үзлэгт хэдэн төгрөгөөр хамрагдах вэ?
-Текникийн хяналтад ороогүй мөн орсон боловч стандартын шаардлага хангаагүй тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцвол торгуулийн мөнгөн дүн өндөр байгаа. Нэг удаагийн торгуул 96 мянган төгрөг. Жолооч нарт нэг дутагдал ажиглагдаад байдаг. Энэ нь тээврийн хэрэгслээ долоо хоногт хоёр ч удаа угаалгаад хэвшчихсэн. Нэг угаахад дунджаар 15 мянган төгрөг. Тэгэхээр жилийн төсвөөр тооцвол машин угаалгад хэдэн төгрөг зарцуулж байгааг бодоод үзээрэй. Гэтэл тээврийн хэрэгслийн хяналтын үзлэг Засгийн газрын 2004 оны 55-р тогтоолт тогтоогдсон үнийн тарифаар үйлчилж байгаа. Тус тогтоолоор суудлын автомашин 11 мянган төгрөг /НӨАТ-тэй/, ачааны машин болон автобус 16500 төгрөг /НӨАТ-тэй/болдог юм. Өөрөөр хэлбэл ганц удаа машин угаалгах мөнгөөр жилд нэг удаа үзлэгт хамрагдаж байна. Техникийн үзлэгт хамрагдаж байгаа мөнгөн дүнгийн хэмжээ нь ашиг олох зорилготой биш. Манай байгууллага төрийн хяналтын чиг үүргийг хэрэгжүүлж байгаа гэж хэлсэн. Энэ төлбөрийн хэмжээ зөвхөн ажилчдын цалин, тоног төхөөрөмж болон байгууллагын дулаан, цахилгаанд зориулагддаг. Бидний зорилго ард иргэдийг замын хөдөлгөөнд оролцоход осол гэмтлээс урьдчилан сэргийлэх явдал юм.
-Улсын хэмжээнд хэчнээн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож байна вэ. Үзлэгт хамрагдалтын байдал ямар байна вэ?
-Манай улсад 700 мянга гаруй тээврийн хэрэгсэл бүртгэлтэй гэсэн судалгаа бий. Гэтэл энэ сарын 18-ны байдлаар 503 мянган тээврийн хэрэгсэл үзлэгт хамрагдсан. Үлдсэн 190 мянга гаруй тээврийн хэрэгсэл техникийн үзлэгт хамрагдаагүй байна.
-Заримдаа их хэмжээний хар утаа хаяж замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгсэл цөөнгүй таардаг. Ялангуяа, том оврын тээврийн хэрэгсэлд элбэг тохиолддог. Энэ нь юутай холбоотой вэ?
-Стандартад тэнцэхгүй хоёр төрлийн үзүүлэлт бий. Нүүрстөрөгчийн дутуу исэл, нүүрс устөрөгч гэсэн үзүүлэлтийг голчлон шалгаж байгаа. Дизель түлш хэрэглэдэг тээврийн хэрэгслийн жолооч нар хариуцлагагүй үйлдэл хийдэг. Зөвхөн техникийн үзлэгт тэнцэх гэж түлшээ багасгаад орж ирдэг тохиолдол бий. Үзлэгт ороод тортогжилтынх нь хэмжээг шалгахаар стандартын түвшинд байдаг. Техникийн үзлэгт тэнцээд гараад явахдаа механикаар түлшээ нэмээд хар утаа хаяад яваад байна. Иймээс үзлэгт орчихсон гэсэн хэрнээ хар утаа хаяад замын хөдөлгөөнд оролцоод байна гэж хүмүүс шүүмжлэлттэй ханддаг. Гэтэл энэ асуудал хариуцлагагүй жолоочоос гарч байгаа үйлдэл гэдгийг мэдэж аваасай. Дизель түлш хэрэглэдэг тээврийн хэрэгсэлд түлш “идэлт”-ийг тохируулах тохируулга бий. Бага гэснийг нь тохируулахаар тортогжилт бага гарна. Харин тээврийн хэрэгсэл хүч муутай болчихдог юм. Тэгтэл зарим жолооч түлшийг нь их хэмжээгээр хийж тээврийн хэрэгслээ хүчтэй болгоно гэж боддог. Гэвч энэ үйлдэл хар утааг ихээр гаргах нөхцлийг бүрдүүлж байгаа юм. Ийм сөрөг үйлдэл гардаг учраас манай байгууллага Замын цагдаагийн алба, Агаарын чанарын албатай хамтран жил бүр шугам замд хяналт шалгалт хийдэг. Энэ жил нийтдээ есөн мянга гаруй тээврийн хэрэгслийг шалгасан байна. Үүнээс 3000 гаруй тээврийн хэрэгсэл утаа хаялттай байсан.
-Гаалиар оруулж ирдэг шинэ тээврийн хэрэгсэл техникийн хяналт үзлэгт хамрагддаг уу?
-Шинэ тээврийн хэрэгсэл эхний хоёр жилдээ тээврийн хяналтын үзлэгт хамрагдахгүй байж болно. Учир нь шинэ тээврийн хэрэгсэлд үйлдвэрийн баталгаа гэж бий. Хүмүүс импортоор орж ирсэн тээврийн хэрэгсэл бүрийг шинэ гэж буруу ойлгодог. Тухайн улс оронд ашиглагдаж байгаад манай улсад шинээр импортлогдож орж ирдэг гээд ойлгох хэрэгтэй. Импортоор орж ирсэн тээврийн хэрэгсэл нэн даруй техникийн хяналтын үзлэгт орох шаардлагатай. Стандартын шаардлага хангасны дараа улсын дугаар, гэрчилгээгээ авах, замын хөдөлгөөнд оролцох асуудал яригдана.
-Ярилцлагынхаа төгсгөлд жолооч нарт хандаж юуг захимаар байна вэ?
-Ганцхан удаа машин угаалгах мөнгөөр нэг жилийн үзлэгт хамрагдаж байна. Өвлийн улирал эхэлсэн. Цастай халтиргаа гулгаа их болсон тул тээврийн хяналтын үзлэгт заавал хамрагдаарай. Оюутан, сурагчдын амралт эхлэх гэж байна. Үүнтэй холбоотойгоор бүрэн бус тээврийн хэрэгсэлтэйгээр замын хөдөлгөөнд оролцвол осол гаргах нөхцөл жирийн үетэй харьцуулахад нэмэгддэг. Тиймээс техникийн хяналтад хамрагдаарай гэж уриалмаар байна.
Оношлогоонд хамрагдах үйл явц: