Тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг хийж, зөвлөх үйлчилгээ үзүүлж байна
Манай улс 1956 оноос жилд нэг удаа орон даяар, нэгдсэн журмаар автотээврийн хэрэгслийн улсын үзлэг-тооллого хийж, энэ үеэр тээврийн хэрэгслийн ерөнхий байдлыг үзэж, тоо бүртгэлийг шинэчлэн хөтлөх,татвар хураамжаар замын сан бүрдүүлэх, даатгал хийх зэрэг ажлуудыг богино хугацаанд кампаничлах хэлбэрээр зохион байгуулж ирсэн.
Дэлхийн банк болон Нордикийн хөгжлийн сангийн урт хугацааны хөнгөлөлттэй зээлийн хүрээнд “Тээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг, оношилгоо хийх төвүүд байгуулах, бүртгэлийн нэгдсэн сүлжээ бий болгох” дэд төслийг 2001 оноос хэрэгжүүлж 2005 оноос техникийн хяналтын үзлэгийн төвүүд ажиллаж эхэлснээр техникийн хяналтын үзлэгийг тогтмол явуулах боломж бүрдсэн.
Автотээврийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-т “Автотээврийн хэрэгслийн хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд нөлөө үзүүлэх сөрөг хүчин зүйлсийн зөвшөөрөгдөх хэмжээний түвшин, тээвэрлэлтийн болон техник ашиглалтын шаардлагыг хангасан байдалд жилийн турш техникийн хяналт хийж гэрчилгээ олгоно” гэсэн нь бүх тээврийн хэрэгсэл техникийн хувьд бүрэн байдлыг хангаж замын хөдөлгөөнд оролцох ёстой болохыг хуульчилж өгсөн.
Сүүлийн жилүүдэд тээврийн хэрэгслийн тоо байнга өсөн нэмэгдэж байгаа бөгөөд 2016 оны жилийн эцсийн байдлаар Монгол Улсын тээврийн хэрэгслийн бүртгэл мэдээллийн санд 841.552 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагаас 535 744 тээврийн хэрэгсэл буюу 63.66 хувь нь техникийн хяналтын үзлэгт хамрагдсан байна.
– Мэргэжлийн хамт олон зөвлөх үйлчилгээ үзүүлж байна –
Автотээврийн хэрэгслийн хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд нөлөө үзүүлэх сөрөг хүчин зүйлсийн зөвшөөрөгдөх хэмжээний түвшин, тээвэрлэлтийн болон техник ашиглалтын шаардлагыг хангасан байдалд жилийн турш техникийн хяналтын үзлэг хийж гэрчилгээ олгоно. Автотээврийн үндэсний төв нь Улаанбаатар хот, 21 аймагт 29 суурин төв болон зөөврийн тоног төхөөрөмжөөр тоноглосон техникийн хяналтын үзлэгийн явуулын 5 төвөөр дамжуулан техникийн хяналтын үзлэгийг тогтмол хийж, мэргэшсэн инженер, зөвлөх инженерүүдээс бүрдсэн мэргэжлийн хамт олон зөвлөх үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна.
Техникийн хяналтын үзлэгээр:
- автотээврийн хэрэгслийн ерөнхий байдал;
- иж бүрдэл;
- хөдөлгүүр;
- хүч дамжуулах анги;
- тоормосны систем;
- жолооны механизм;
- гэрэл дохио;
- явах анги;
- экологи болон эргономикийн үзүүлэлтүүд стандартын шаардлага хангаж байгаа эсэх;
- Мөн автотээврийн хэрэгслээс ялгарч байгаа утаан дахь хорт бодис, тортогийн хэмжээ, урд, хойд болон зогсоолын тоормосны идэвхжил, урд тэнхлэгийн тохиргоо, урд гэрлийн чадал, тусгалын тохиргоог хүний хүчин зүйлийн оролцоогүйгээр тоног төхөөрөмжийн тусламжтайгаар тодорхойлдог.
– Уртасгасан цагийн хуваариар ажиллаж байна –
Улаанбаатар хотын техникийн хяналтын үзлэгийн төвүүд нь уртасгасан цагийн хуваариар буюу ажлын өдрүүдэд 08:30-20:30 цаг хүртэл, амралтын өдрүүдэд 09:00-19:00 цагийн хооронд тээврийн хэрэгслийн техник ашиглалтын байдалд хяналтын үзлэг хийн зөвлөгөө өгч байгаа ба өдөрт 1000-1500, жилд 350-500 мянган тээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийх хүчин чадалтай.
Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн мэдээ: 2016 оны эхний 11 сарын байдлаар улсын хэмжээнд 1697 гэмт хэрэг бүртгэгдэж 369 хүн амь насаа алдсан байна.
*Бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцсоноор осол гаргах нөхцөл жирийн үетэй харьцуулахад нэмэгддэг.
– Ганц удаа машин угаалгах мөнгөөр бүтэн жилээ даах техникийн үзлэгт хамрагдах боломжтой –
Тээврийн хэрэгслээ техникийн хяналтын үзлэгт хамруулж хэвших нь замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангасан, аюулгүй тээвэрлэлтийн үндэс.
Д/Д |
Тээврийн хэрэгслийн төрөл |
Техникийн хяналтын үзлэг хийлгэх давтамж /жилд/ |
Техникийн хяналтын үзлэг хийлгэх үнэ /нэг удаа/ |
Машин угаалгах давтамж /жилд/ |
Машин угаалгах үнэ /нэг удаа/ |
1 |
Суудлын автомашин |
1 |
22 000₮ /НӨАТ-тай/ |
12 |
15 000₮ /Жилд 180 000/ |
2 |
Автобус |
1 |
33 000₮ /НӨАТ-тай/ |
12 |
25 000₮ /Жилд 300 000₮/ |
*Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-т заасны дагуу текникийн хяналтын үзлэгт ороогүй мөн орсон боловч стандартын шаардлага хангаагүй тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцвол 120 000 төгрөгөөр торгуулах хуулийн заалттай.
АВТОТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ