Чингисийн өргөн чөлөө -11
1900-1234 info@transdep.mn
2017-01-26 08:34:44

Хөрөнгө оруулагчид авто зам, тээврийн салбарын төслүүдэд хамтран ажиллана


Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат энэ сарын 16-17-ны өдрүүдэд БНХАУ-ын Бээжин хотноо “Торгоны замын ач холбогдол” нэгдсэн форум болон “Монгол, Хятадын хөрөнгө оруулалтын уулзалт”-д Монголын талын төлөөлөгчдийг ахлан оролцсон талаараа өнөөдөр мэдээллээ. Тус ажлын айлчлалын бүрэлдэхүүнд Шадар сайдын ажлын алба, ГХЯ, ЗТХЯ, СЯ, ХХААХҮЯ, УУХҮЯ, МХЕГ-ын холбогдох удирдах ажилтнууд, төр болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжиүүдийн нийт 80 гаруй төлөөлөл оролцсон байна.

“Монгол, Хятадын хөрөнгө оруулалтын уулзалт”-д Монголын талын төлөөлөгчид яам, газрын чиглэл бүрээр танилцуулга хийж, санал солилцож, хоёр талын уулзалтууд хийсэн байна. Тус хуралдаанд оролцох үеэр сайд Д.Ганбат БНХАУ-ын “Торгоны зам сан”-гийн ерөнхий захирал Ван Яньжи, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны Хөрөнгө оруулалтын газрын ерөнхий захирал И Пан нартай хоёр талын уулзалт хийжээ. Ингэхдээ зам, тээврийн салбарт хэрэгжүүлж буй хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр санал солилцож, хэрэгжүүлэхээр төлөвлөж буй томоохон төсөл хөтөлбөрүүдийн талаар танилцуулсан байна. Тухайлбал, Хөөт-Бичигт, Тавантолгой-Гашуунсухайтын төмөр зам, Нарийнсухайт-Шивээхүрэнгийн төмөр зам болон авто замуудынхаа бүтээн байгуулалтын төсөл хөтөлбөрүүдийг танилцуулжээ.

Энэ хүрээнд Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг шинэчлэн өргөтгөж, 4 эгнээтэй, цемент бетон хучилттайгаар барьж байгуулах, Алтанбулаг-Замын-Үүд чиглэлийн Азийн авто замын сүлжээнд холбогдсон АН-3 чиглэлийн авто замыг барьж дуусгах зэрэг зорилтыг тавиад байгаа аж. Мөн 2020 он гэхэд нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбогдоогүй аймгуудаа холбох зорилт тавьсан талаараа тэрээр онцлов. Энэхүү дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл хөтөлбөрүүдээ бага хүүтэй, урт хугацаатай санхүүгийн эх үүсвэрээр урагшлуулах шаардлагатайг Сайд Д.Ганбат мэдээлэл хийх үеэрээ онцолсон юм.

Тэрээр “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 онд хэрэгжүүлэх Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зам, тээврийн салбарын томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банктай хамтарч ажиллах сонирхолтой байгаагаа уулзалтын үеэр илэрхийлсэн. Мөн “Торгоны зам сан”-тай хамтын ажиллагааг эрчимжүүлэх, боломжтой төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилгоор хоёр талын мэргэжилтнүүдийн уулзалтыг ойрын хугацаанд зохион байгуулахаар талууд харилцан тохиролцсон” хэмээн хэллээ.

“Торгоны зам сан”-гаас 40 тэрбум ам.долларыг далайн боомт, төмөр зам барих төсөл хөтөлбөрүүдэд санхүүжүүлж эхэлжээ

Монголчууд ч эртний торгоны замыг ашиглан худалдаа арилжаа хийж, малын түүхий эдээ борлуулж, оронд нь хэрэгцээт өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн авдаг байсан түүх бий. БНХАУ-ын Засгийн газар Төв болон Зүүн өмнөд Азийг бусад бүс нутгийн орнуудын өргөн хүрээг хамарсан дэд бүтцийн салбаруудад хөрөнгө оруулалт хийх, эрчим хүчний хөгжил, аж үйлдвэрийн хамтын ажиллагааг дэмжих зорилготой “Торгоны зам сан” байгуулсан байна. Одоогийн байдлаар “Торгоны зам сан”-гаас эхний ээлжинд 40 тэрбум ам.долларын санхүүжилтийг далайн боомт, төмөр зам болон бусад объектуудыг барих ажилд зориулахаар төлөвлөөд, эхний төсөл хөтөлбөрүүдээ санхүүжүүлж эхэлжээ.

Эдийн засгийн коридорыг байгуулах хөтөлбөрийн хүрээнд нийт 32 төслийг хэрэгжүүлэхээр тусгаснаас 13 нь дэд бүтцийн салбар, үүнээс 8 нь төмөр замтай холбоотой төсөл байгаа нь Монгол Улс хоёр хөршөө холбон бүс нутгийн интеграцид хамрагдах явдалд онцгой ач холбогдол өгч буйн тод жишээ юм.

Дуудлага худалдаа эхлэхийг та
мэдсэн үү?

УЕА шинэ серийн 387 онцлог дугаарын дуудлага худалдаа 4 сарын 18-наас 5 сарын 12 хүртэл ажлын 19 хоногийн турш үргэлжилнэ.