Чингисийн өргөн чөлөө -11
1900-1234 info@transdep.mn
2017-01-30 05:26:19

Д.ГАНБАТ: БИ САЛБАРТАА "ЭРС ШИНЭЧЛЭЛ ХИЙНЭ" ГЭЖ ХЭЛСЭН ҮГЭНДЭЭ ЭЗЭН БОЛНО

УИХ-ын өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах тухай тогтоолын төслийг хэлэлцсэн. Энэ үеэр УИХ-ын нэр бүхий гишүүд төмөр замын нарийн, өргөн царигийн талаар хөндөж, “Нарийн нь ашигтай гэчихээд яагаад өргөн төмөр зам барих гээд байгаа юм бэ” гэдэг асуултыг Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбатад тавьж байлаа. Мөн эдийн засгийн үр өгөөжөөс илүүтэй хувь улстөрчдийн эрх ашгаас үүдэлтэй төмөр замын маргаан нь эргээд Засгийн газрын хувь заяатай холбогдож яригддаг гэдгийг ч анхааруулж байсан. Иймд бидний ярилцлагын эхний сэдэв ч үүн рүү чиглэсэн юм.

-“Төмөр замын царигтай холбоотой таныг тун ойлгомжгүй байр суурь илэрхийллээ” гэх улстөрчид байсан. Иймд “Яагаад” гэдгийг лавлаж асууя?

-Төмөр замын бодлого дээр их нухацтай хандах хэрэгтэй. Орос, Хятад гэсэн хоёр хөрш орныхоо эрх ашиг, сонирхлыг анхаарах нь зүйн хэрэг. Тэр дундаа “Улаанбаатар төмөр зам”-ын хувь эзэмшлийн асуудал байна. Энэ нийгэмлэгийн үйл ажиллагааг дэмжиж бодлогоо тодорхойлох ёстой. Оросын талтай зөвхөн энэ онд гэхэд Монголын газар нутгаар гурван сая тонн бараа бүтээгдэхүүн дамжуулан тээвэрлэхээр тохирсон. Ойролцоогоор эндээс “Улаанбаатар төмөр зам” ХНН 40 сая ам.долларын орлого олно. Энэ мэт олон асуудал байгаа.

-Энэ тайлбартай уялдаад танд аль хэдийнэ “Женкогийн гар хөл” гэсэн “хоч” өгсөн байгаа харагдсан. Эмзэглэв үү?

-Үгүй ээ. Би хэзээ ч “Нарийн цариг барихаар Хятадаас танк ороод ирнэ” гэж ярихгүй. Тийм юм угаасаа байхгүй. Женкогийн гар хөл, хамсаатан гэж бичихийн тухайд айх, эмээх юм алга.  Аль нь бодит үр дүнтэй вэ гэдгийг бодож л шийдвэрээ гаргана. Би “Женко”-ийн хүн биш гэдгээ нотлохын тулд “Улаанбаатар төмөр зам” болон Монголын эрх ашгийг хохироож чадахгүй. Өөрийнхөө нэр хүндийг бодож Монголын эрх ашгийг хойш тавихгүй. Мэргэжлийн хүний хувьд  Монголын ирээдүйн төлөө л шийдвэрээ гаргана. Мэргэжлийн байна гэдэг өөрөө давуу тал.

-Тэгвэл улс тэр аяараа мөнгөний эрэлд гарч, эдийн засаг хүндэрсэн үед та Нарийн сухайт-Шивээхүрэн, Хөөт-Бичигт, Зүүнбаян-Ханги, Эрдэнэт-Овоотын уурхай гэсэн чиг­лэлийн төмөр зам барих санал оруулж ирсэн нь ямар учиртай юм бэ. Ямар мөнгөөрөө энэ олон төслийг санхүү­жүүлэх гээд байгаа юм бэ гэж гайхах хүн олон байсан?

-“Мөнгөгүй учраас төмөр зам барьж болохгүй” гэж үү.

-Олон хүнд л тийм сэтгэгдэл төрөх шиг болсон?

-Мөнгө байгаа, байхгүй гэж сүүлийн арван жил ярилаа. Энэ янзаараа үргэлжилбэл дахиад дөрвөн жил үр дүнгүй ярих болчихоод байна. Надад тэгж зүгээр суух эрх алга. Төрийн сайдын сандал дээр суучихаад мөнгөгүй гээд ажил хийхгүй байх юм бол төмөр замын бодлого цаашаа яаж явах юм. Мөнгө олохын төлөө ажиллана. Сайд болоод долоон сар боллоо. Бүх нөөц бололцоогоо дайчилж ажиллаж байна. Оргүй хоосноос мөнгө босгох гээд байгаа юм бидэнд байхгүй. Огт орлогогүй, хөрөнгийн баталгаагүй хүнд банк зээл өгөхгүй биз дээ. Харин Ланд 570-тай хүнд банкууд машиныг нь барьцаалаад уралдаад л зээл өгнө. Өөрөөр хэлбэл бидэнд баталгаа хөрөнгө нь байна. Энэ бол хөрөнгө босгох том баталгаа. Үүнийг ашиглана. Нэр дурьдсан төмөр замуудыг барьчихвал ирээдүйд олох орлогын хангалттай эх үүсвэртэй болж чадна. Гол нь өнгөрсөн арван жил асуудлыг шийдэхгүй тойрч ярьсан шиг цаг алдаж л болохгүй. Зөвхөн төмөр зам ч бус эрчим хүч, авто зам гэх мэт дэд бүтцийн төсөлд их хөрөнгө орох ч гэлээ эргээд ашиглалтын хугацаа, үр ашиг нь харьцуулашгүй их. Иймд сайдад нэр дэвшиж УИХ-аар орж байх үедээ “Бага хүүтэй урт хугацааны зээл олж, дэд бүтцийн төслүүдээ урагшлуулж орд газруудаа эдийн засгийн эргэлтэд оруулахын төлөө ажиллана” гэж хэлж байсандаа хүрэхийн төлөө ажиллаж байна. Гэтэл Чингис, Самурай бондоос нийтдээ 570 тэрбум төгрөг зээлж зам барьсан байх жишээний. Өндөр хүүтэй, богино хугацаатай зээл. Өнөөдөр бүр дуусаагүй зам ч байна. Ард түмэн харахдаа “Ардчилсан нам сайн ажилласан. Улаанбаатараас манай нутаг хүртэл зам тавьсан” гэж ярьж байна. Харамсалтай нь, богино хугацаатай энэ зээлийн эргэн төлөлтийн асуудал улсын төсөвт асар их дарамт болж байна, үүний цаана асар их эрсдэл, ноцтой асуудлууд байна. Би тэгж ажиллахгүй. Улс орны ирээдүйтэй холбоотой асуудлыг бодож байж шийдэх хэрэгтэй. Зам болон бусад дэд бүтцийн төслийг ер нь бол 20-30 жилийн хугацаатай, хоёроос ихгүй хувийн хүүтэй зээлээр л санхүүжүүлэх хэрэгтэй.

-Гол нь тэр мөнгө олдох уу?

-Олдоно, олох ч ёстой. Маш их уулзалтууд хийсэн. Алхам алхмаар урагшилж байна. Би яагаад ийм итгэлтэй хариулж байна гэхээр “Монголын төмөр зам” компанийг жил гаруйн хугацаанд удирдахдаа маш олон санхүүгийн байгууллага, тэдний төлөөлөлтэй уулзаж ярилцсан. Судалсан судалгаа маань бэлэн байгаа учраас итгэлтэйгээр хэлж байгаа юм.

-Жишээ нь, Зүүнбаян-Хангийн чиглэлд төмөр зам тавих саналыг тань төмрийн үйлдвэрүүдийн лоббинд орлоо гэх маягаар асууж байсан даа?

-Яг тодорхой жишээгээр асуудлыг тайлбарлахгүй бол зарим хүмүүс ойлгохгүй байх талтай. Тэр үүднээс төмрийн хүдэр тээвэрлэхэд үр ашигтай гэж танилцуулга дээр бичиж өгсөн. Түүн дээр дөрөөлөх нь дөрөөлсөн. Гэхдээ энэ чиглэлийн төмөр зам баригдлаа гэхэд зөвхөн Дарханы районы ойр хавийн орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулахад дэмжлэг болоод зогсохгүй олон улсын ачаа тээврийн дамжин өнгөрөх боломж ч нэмэгдэнэ. “Манайхан арчаагүй тулдаа Хятадын ачааг өөрийнхөө нутгаар явуулж чадаагүйгээс Лондон хүргэсэнгүй” гэж загнаж байна. Гэтэл Дарханаас шууд Улаанбаатар орох уу, Шарын голоор дайраад Улаанбаатар орох уу гэвэл дөтийн нь бодоод эхнийхийг нь л сонгоно биз дээ. Түүнтэй адил Бээжин Лондонгийн чиглэлийн галт тэрэг Улаанбаатараар явснаас Казахстанаар дайрах нь илүү дөт юм. Хятадууд Өрөмч хүртэл төмөр зам тавиад түүнийгээ Казахстантай холбосон учраас тэд өөрсдөд ашигтайгаа л сонгоно. ОХУ-ын хувьд өнгөрсөн зун Ташкентэд болсон гурван улсын Ерөнхийлөгч нарын уулзалтын үеэр В.Путин “Эдийн засгийн коридор байгуулснаар Монголын нутаг дэвсгэрээр 100 сая тонн ачаа тээвэр явуулна” гэж хэлсэн. Монголоор явах нь Орост ашигтай, яагаад гэвэл Оросын газар нутгаар олон мянган км явна. Тиймээс тээвэр бол зөвхөн ачих буулгах асуудал биш. Үүний цаана алхам тутамд мөнгө яригддаг. Иймд миний хувьд Замын-Үүдийн төмөр замын шилжүүлэн ачих үйл явцыг хурдасгах тал дээр нэлээн анхаарч ажиллаж байна. Монголын нутгаар ачаа дөрөв хоног бус гурав хоног явдаг болчихвол Хятадын талд ч ашигтай. Тэгэхлээр төмөр замын тээвэр гэдэг нь тарифийн уян хатан бодлогоор тээвэрлэх ачааны хэмжээгээ нэмэгдүүлэх тал дээр онцгой анхаарах хэрэгтэй.

-Төмөр замын асуудал босоод эхлэхээр засаг огцорч, салбар хариуцсан сайд нь ажлаа өгдөг бараг жишиг гэмээр үйл явц бий болсон байна л даа. УИХ-ын гишүүд ч энэ талаар анхаарч байсан.Тэр утгаар танд эмээх эсвэл тодорхой асуудлаар түдгэлзэх бодол төрж байна уу?

-Мэргэжлийн Засгийн газрын хувьд, тэр дундаа би энэ салбарын мэргэжлийн хүний хувьд болох болохгүй зүйлийг нь ялгаж салгаж, алдаатай зүйлийг нь өөрчлөхийн төлөө ажиллана. Өмнө нь олон талаас нь боддог, хардаг байсан. Одоо бол надад өөрчлөх боломж олдож байна. Манай салбарт төрийн бодлого удирдлагатай, чиг шугамтай юм шиг хэрнээ дандаа замхарч, алдагдаж ирсэн. Би их ч эсэргүүцэлтэй тулгарч байна. Гар утас руу заналхийлсэн, айлгасан, дарамталсан мессеж ч их ирж байна. Гэхдээ би харин тэр бүхнээс айхгүй.

-Мэдээж төмөр замын асуудал хараахан эхлээгүй байгаа учраас юу тэгтлээ тань руу мессеж бичихэд хүргээд байна вэ гэдэгт уншигчид гайхаж магадгүй юм?

-Олон асуудал байна. Автомашины улсын дугаар үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг манай яам олгодог л доо. Гэтэл энэ зөвшөөрлийг өнгөрсөн хугацаанд 35 компанид олгосон байна. Ийм байж болохгүй. Энэ олон компани эргээд зөв өрсөлдөж чадахгүй, хамтдаа дампуурахаар болсон байна. Тээвэр зуучийн үйлчилгээ байна. Энэ компаниуд ямар ч бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэггүй. Нэг аж ахуйн нэгжийн барааг нөгөөд хүргэж өгөх зуучлалын үйлчилгээ л үзүүлдэг. Тэгэхэд энэ тусгай зөвшөөрлийг 350 гаруй ком­па­нид олгосон, үүний 25 нь гадаадын компани байна, тэд маш идэвхтэй эрчимтэй ажиллаж байна. Монголчуудын ажиллах ёстой зах зээлийг эзэлчихсэн. Би Тяньжинд Далайн тээврийн төлөөлөгчөөр ажиллаж байхдаа гадны улс орнуудаас Монгол руу явуулж байгаа ачааг Хятадын тээвэр зуучийн компаниар бус төрийн өмчит Хятад-Монголын хамтарсан Далайн тээврийн компаниар тээвэр зуучийн үйлчилгээ хийлгэхийн тулд чамгүй удаан хөөцөлдсөн. Ёстой хөлийнхөө тавхайг эргэтэл гүйгээд зөвшөөрөл өгөөгүй. Сүүлдээ Монгол, Хятадын Засгийн газар хоорондын комисст хүсэлт гаргаж манай талаас дэмжин асуудлыг тавьсан ч Хятадын тал зөвшөөрөөгүй. Тээвэр зуучлалын үйлчилгээг ер нь тухайн улс орнууд өөрсдийн газар нутаг дээрээ зөвхөн өөрийн үндэсний компаниудаараа л хийлгэх бодлого барих ёстой. Тэгэхэд манайх ямарч бодлогогүй, гадны компаниудад замбараагүй эрх олгосон байх жишээний.

-Манайд бол тухайн орных нь Засгийн газар нь ч лобби хийх шаардлагагүй юу?

-Юу яасан Засгийн газрын дэмжлэг вэ, огт шаардлагагүй Зүгээр л хэн дуртай нь хүсэлтээ бариад ирэхээр нь зөвшөөрөл өгчихдөг байсан. Үүнээс болоод олон сая долларыг гадны компаниуд аваад гарчихаж байна. Ийм байж болохгүй. Дараагийн нэг асуудал нь замтай холбоотой. Зам барихад мөн манай яамнаас тусгай зөвшөөрөл авдаг. Зөвшөөрөл авсан компаниуд нь ядаж л техник хэрэгсэл, машин, механизм, мэргэжилтэй боловсон хүчинтэй байх ёстой. Тэрийгээ шалгуулж байж зөвшөөрөл авна. Гэтэл ямар ч техник тоног төхөөрөмж, мэргэжилтэн байхгүй хирнээ хуурамч бичиг баримт бүрдүүлээд өгдөг, тэрийг нь шалгадаггүй шууд бололтой зөвшөө­рөл өгчихдөг. Замын чиглэлийн тусгай зөвшөөрөл авсан 550 гаруй компани байна. Дийлэнхэд нь нэг цүнх, тамга, бүртгэлийн хуулбар л байх жишээний. Өөр ямар ч хөрөнгөгүй. Энэ гурваа бариад тендерт оролцдог. Хамгийн бага үнэ хэлж тендерт ялдаг. Хэрвээ ялахгүй бол бага үнэ хэлсэн гэдгээрээ бөөн зарга заалхай болно. Тэгж байж тендер авангуутаа бусдад зарна, авсан хүмүүс нь төсөв бага байна гэж яамаар гүйж байгаад төсвөө нэмүүлэх гэж зүтгэнэ. Танил талаараа яриулах гэх мэт. Би ийм завхарсан зүйлийг арилгана. Үүнийгээ ч хэлсэн. Би салбартаа “Эрс шинэчлэл хийнэ” гэж гарч ирсэн үгэндээ хүрнэ. Машин унаж, цалин авсан хирнээ хийж бүтээсэн зүйлгүй, хүнтэй муудалцахгүй, тал алдахгүй жирийн нэг сайд байхыг хүсэхгүй байна.

-Хэрэв Засгийн газрын хувь заяатай холбоотой асуудал дэгдвэл яах вэ. Төмөр зам дээр?

-Айвал бүү хий. Хийвэл бүү ай гэж. Хийнэ гэснээ хийнэ. Тэрний дараа ямар асуудал үүсэхийг мэдэхгүй. Хаа очиж манай Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат асуудлыг их зөв өнцгөөс хардаг, ямар нэг компанийн эрх ашиг гэхгүй улс орны эрх ашгийн үүднээс асуу­далд ханддаг юм байна лээ шүү.

-УИХ-ын гишүүн, Зам, тээврийн сайд асан Х.Бат­тулгын лоббидож бариулж эхэлсэн Тавантолгой-Гашуун­сухайт чиглэлийн төмөр замын асуудал байна. Таныг “Монголын төмөр зам” компанийн захирлын хувиар уг төслийг санхүүжүүлсэн 200 сая ам.долларт гар дүрэлцсэн гэж хардах нь бий?

-Бичих нэг хэрэг. Миний хувьд 2015 оны гуравдугаар сард “Монголын төмөр зам” компанийн ерөнхий захирлаар очсон. Харин 2013 оноос замын барилгын ажил эхлээд 2014 оны наймдугаар сард өөрийн тань асуусан 200 сая ам.долларын санхүүжилт хийгдээд, ажил нь зогссон байсан. Тэгэхээр надад тэр мөнгөний нэг цент ч хамаагүй байгаа биз дээ.

-Та тэгээд яагаад тайлбар хийдэггүй юм бэ?

-Цаг зав алга. Хоёрт тэр бүхнийг тайлбарлаж, өөрийгөө өмгөөлөх ямар ч шаардлага байхгүй. Нэгэнт надаас өмнө зарцуулагдаад дууссан мөнгөнд би тайлбар хийх нь утгагүй биз дээ. Үнэн юм үнэнээрээ л үлдэнэ. Өөрийгөө хамгаалах гэж хичээх ямар ч хэрэг байхгүй. Намайг өмгөөлөөрэй гэж гуйх ямар ч шаардлага байхгүй. Надад барьцаалагдах барьцаа байхгүй.

-Төмөр замд мөнгө нь орсон ороогүй. Овоолсон шороо мөн биш гэдэг дээр асуудал нэлээн яригдаж байна. Яг зарцуулалтынх нь учир начрыг шалгасан, нягталсан зүйл бий юу?

-208 км далан хийсэн нь одоо байгаа. Манай үндэсний 13 компанийн бүтээн байгуулалт, 198 сая доллар зарцуулсан гэдэг тооцоо бий. Гэрээнд нь энэ асуудал тодорхой байгаа. Би хууль хяналтын байгууллагаас өмнө буруу, зөрүүг нь хэлж мэдэхгүй. Манай хэвлэлээр харин 200 саяар шороо овоолсон гэж яриад байдаг. Тэгж хэлж бол бас болохгүй байх. Төмөр замын далан гэдэг өөрөө асар том бүтээн байгуулалт. Давхарга, нягтрал гээд олон зүйлийг ярих ёстой. Эргэлтийн хэм гээд байна. Тэр бүхнийг тооцоо судалгаан дээр үндэслэж хийдэг. Мэдээж хууль хяналтын байгууллага дүгнэлтээ гаргах үед бүх асуудал тодорхой болно байх гэсэн хүлээлт бусад хүмүүсийн адил надад ч байгаа.

-Та УИХ-ын гишүүн Х.Баттулгатай хэр ойр харилцаатай вэ?

-Ажлын дагуу нэг л удаа уулзаж байсан. Ямарч хувийн харилцаа, найз нөхдийн холбоо байхгүй.

-Та сая Монгол, Хятадын Хөрөнгө оруулалтын уулзалтанд оролцоод ирсэн. Энэ үеэрээ Торгоны зам дагасан бодит хөрөнгө оруулалт хийгдэх тухай онцолсон байсан. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ч Давост болсон уулзалтын үеэр энэ асуудлыг онцолсон. Гэтэл бодит байдал дээр Хятад, Орос хоёр Монголыг тойруулж хийн хоолой барьж, төмөр зам тавихаар бэлтгэж байгаа тухай мэдээлэл олонтаа гарах болж. Иймд яг ажил хэрэг талаасаа Торгоны замд монголчууд эрх ашгаа хамгаалж, нэгтгэж чадна гэдэгт итгэж болох уу?

-Ташикентад өнгөрсөн оны зургаадугаар сард болсон гурван улсын Ерөнхийлөгчийн уулзалтын үеэр Эдийн засгийн коридорын хэлэлцээрийг байгуулж энэ хүрээнд 32 төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр тусгасан. Түүний 13 нь дэд бүтцийн төсөл байна. Найм нь яг төмөр замтай холбоотой. Монголын нутаг дэвсгэрт төмөр замын сүлжээ үүсгэх асуудал. Зүүн, Баруун коридороор холбогдоно. Төв коридорыг шинэчилнэ гэдгээ түрүүн хэлсэн. Зүүн чиглэлд Хөөт-Бичигтийн төмөр замын ТЭЗҮ-г би “Монголын төмөр зам” компанийн захирал байхдаа төрөөс огт мөнгө гаргалгүй хийлгүүлсэн, бэлэн болсон. Одоо тэрийгээ ахиалууд Хөөт-Чойбалсан-Эрээнцав хүртэлх төмөр замын ТЭЗҮ-ээ хийлгэх шаардлагатай. Хэрэв ингээд зүүн чиглэлийн төмөр замын коридорыг битүүрүүлчих юм бол хамгийн багадаа энэ замаар Орос-Хятад, Хятад-Оросын чиглэлд жилдээ таван сая тонн ачаа дамжиж явах судалгаа байгаа. Монгол Улс хангалттай орлого олж чадна. Ийм ашигтай болохоор Хятадын компаниуд хөрөнгө оруулж барья гэдэг өрсөлдөөн нэмэгдсэн байгаа.

-Хятадын компаниар бариулсан тохиолдолд хувь эзэмшил яригдах уу?

-Монголд хамгийн ашигтай хувилбарыг л сонгоно. Хята­дууд Торгоны замын сан гэж байгуулаад 40 тэрбум ам.доллар байршуулчихсан байгаа. Хятад-Пакистаны эдийн зас­гийн коридорын төслийг санхүүжүүлээд эхэлчихсэн. Бид хурдтай ажиллах хэрэгтэй. Оросууд ч, Хятадууд ч удаан байгааг хэлж “Ярьсан хэлсэндээ байгаарай” гэдэг анхааруулга өгөөд байна. Иймд манай яам аль болох л хурдан ажиллах хэрэгтэй байгаа биз.

-Та өөрөө хэр шуурхай хүн бэ?

-Аль болох шуурхайлахыг хичээж байна. Гол нь надад айдас алга. Огцруулчих болов уу гэж эмээх эмээлт ч алга. Зоригтойгоор хийсэн шиг хийгээд явах зорилго л байна.

-Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын 49 хувьд “Шинхуа” компанийг оролцуулна гэж зарласан нь ямар учиртай юм бэ?

-Төмөр замын төслийг урагшлуулах асуудлыг хариуцсан Засгийн газрын ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байна. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийг Хятадын тал цогцоор нь хөгжүүлнэ гэж анхнаасаа л санал тавьж байсан. Энд нэг зүйл хэлэхэд хөрш орны харилцаа гэдэг дэд бүтцийн төсөл, цаашлаад төмөр замын хөгжилтэй холбогддог асуудал. Үүнийг Орос уу, Хятад уу гэдэг байдлаар харж шийдэж болохгүй.

-Таны ярианаас үүдээд бодоход Гадаад харилцааны яамыг эс тооцвол бүхий л яам дотоодын асуудлаа анхаардаг. Харин танай яамны хувьд хил дамнасан дэд бүтцийн сүлжээ, хил дамнасан тээвэрлэлт ярих хэрэгтэй гэдэг талаасаа гадаад харилцааны салбарт чамгүй үүрэг гүйцэтгэдэг болох нь ойлгогдож байна. Тийм үү?

-Улс төр, эдийн засаг, үзэл суртал гэсэн гурван том зүйлийн зангилаан дээр ажил явуулах хэрэгтэй болж байна. Манайхан доозыг нь тааруулах гэж ярьдаг яг тэгж явах хэрэгтэй. Найрлагыг нь тааруулахгүй бол асуудал шийдэгдэхгүй.

-Тэгвэл таны удирдаж байгаа салбарт Монголын эрх ашиг гэдгийг яаж тодорхойлох ёстой юм бэ?

-Авто зам, төмөр замаар хүний нутгаар чөлөөтэй явж, аль нэг боомтод очих тухай асуудал нь авто юм уу эсвэл төмөр замаар холбогдчихвол бүрэн шийдэгдэнэ гэж бодож болохгүй. Заавал хөршүүдтэйгээ хэлэлцээр байгуулж байж шийдэгдэнэ. Хэлэлцээртэй ч гэсэн тухайн чиглэлд зөвшөөрөл аваагүй бол агаараар ч дураараа нисч болдоггүй юм. Манайхан нүдэнд харагдаж байгаагаар нь төмөр замыг л яриад байдаг. Тиймээс газар зүйн байршлын хувьд хаана байгаагаа бодож, хоёр хөрштэйгээ маш зөв харилцах ёстой. Тэгэхгүй байгаа боло­хоор манай улс дандаа хохирч, асуудал шийдэгдэхгүй явж ирсэн. Маш ухаалаг шийдвэр гаргах хэрэгтэй. Тэгэхгүйгээр эргэж бусгаад эсвэл аль нэгэнд нь давуу тал олгоод явах юм бол бид нар эх орныхоо эрх ашгийг хамгаалж чадахгүй. Гэтэл манайхан энэ хоёр хөрш орноо бодолцохгүй шууд давж нисээд, давж төмөр замаар давхиад гуравдагч хөрш рүү нүүрсээ гаргах тухай яриад байна. Харамсалтай нь, бидэнд тийм боломж байхгүй. Ядаж эхний ээлжинд үүнийг ойлгож, ухаарчихаад бодлого ярих хэрэгтэй. Тэгэхгүй нарийн бол Хятад, өргөн бол Орос гэж хараад тэр дагуудаа дэмжиж эсвэл эсэргүүцэж ирснийх нь балгаар төмөр замын бодлого өнгөрсөн хугацаанд урагшаа явж чадаагүй. Бодит үнэн бол энэ.

-Таныг Хятадын талтай их сайн харилцаатай гэж учир мэдэх хүмүүс ярилцдаг. Үнэн үү?

-Би Хятадад есөн жил ажилласан. Далайн тээвэр дээр хоёр жил хагас, ГОК-ийн төлөөлөгчийн газрын даргаар зургаан жил хагас ажилласан. Энэ үедээ хоёр улсын хамтын ажиллагааг хөгжүүлэхийн тулд багагүй ажил хийсэн. Орос хэлний дээд сургуулийн хятад хэлний ангийг төгссөн. Энд нэг зүйл тодруулж хэлэхэд “Монголын төмөр зам”-ын ерөнхий захирлаар намайг томилохдоо “Хойшоо, урагшаа аль алинтай нь харилцаж чадах хүн” гэдгийг их гол үзүүлэлт болгосон гэж хэлж байсан. Тээврийн менежментийн чиг­лэлээр их сургуульд багшилж, докторын зэрэг хамгаалсан

-Та “Эрдэнэт” үйлдвэрийн орлогчоор ажиллаж байсан. Хэний үед билээ?

-2000 онд Х.Наранхүү ГОК-ийн захирал болж, 2004 оны сүүлээр намайг “Монголдоо ажилла” гэсэн. Бээжинд “Эрдэнэт”-ийн төлөөлөгчийн газрын даргаар ажиллаад нэлээн удсан байсан болохоор шууд л зөвшөөрсөн. Бээжинд ажиллах хугацаандаа Х.Наранхүү даргыг дэлхийн зэсийн үйлдвэрлэл, ирээдүйн чиг хандлага, бодлого, гадаад худалдаа гээд байнга хэрэгтэй гэсэн мэдээллээр хангадаг байсан учраас хажуудаа авчирч хамтарч ажиллах хэрэгтэй гэж үзсэн шиг байгаа юм. Тэгж худалдаа эрхэлсэн орлогч захирал болсон даруйдаа нэг тонныг нь 2200 ам.доллараар зардаг байсан зэсийг 8000 доллар болгож өсгөж чадсан юм.

-Яаж?

-Нэлээн судалсан байсан. Би очсон газраа заавал нэг шинэ юм хийх ёстой гэж боддог. Тэр үүднээсээ Тяньжинд ирсэн манай ачаа бараг сар болж байж Монгол руу ирдэг байсныг 11 хоногийн эргэлттэй болгож байсан. Гурав дахин хурдан байгаа биз. Их ч хөөцөлдлөгөө орсон. Ажилласны үр дүн ч гарсан. Зэсийн үнийн тухайд О.Чулуунбат агсантай холбоотой ажилладаг байсан. “Манайх зэсийн баяжмалаа эндээс шууд зарж байгаа, түүний оронд хэджинг хийе гэж ярьсан. Бирж дээр тоглолт хийдэг больё” гэхэд дэмжсэн. Х.Наранхүү захирал энэ саналыг шууд дэмжээгүй ч алсуур ажиглах маягаар хүлээ­сэн. Ухаантай хүн гэсэндээ их хүлээцтэй байдаг юм билээ. Шууд миний ажилд оролцдоггүй, хүнд итгэл үзүүлж ажилладаг арга барилтай. Чи­лийн “Коделко” компани болон Лондонгийн биржийн ажилтнуудтай хамтарч ажилласан.

-Тэгээд юунаас болоод ажлаа өгсөн юм бэ?

-Миний томилолтын дөрвөн жилийн хугацаа дуусан тул гэрээг сунгахгүй гэж Совет  шийдсэн. Харин тэр үед Оросын талаас намайг өөрчлөхгүй гэж хагас жил хамгаалсан, сүүлдээ би өөрөө өргөдлөө өгсөн. Надад Барилга, хот байгуулалтын яамны Тө­рийн нарийн бичгийн дарга бол гэсэн. “Миний мэдэх салбар биш ээ” гээд болоогүй. Дараа нь Москва дахь Монголын Элчин сайдын яаманд Худалдаа, эдийн засгийн зөвлөхөөр яв тэгэхэд бас л “Үгүй” гэчихсэн л хүн дээ, би.

-Яагаад. Дуун дээр явдаг газар биз дээ?

-Олон жил хилийн чанадад амьдраад эхлэхээр хүн сүүлдээ эх орноосоо явмааргүй санагддаг юм байна лээ. Хүүхдүүдээ ч бодсон тэр нь дээр гэж бодсон. Гэртээ ирсэн дээрээ суугаад авмаар санагддаг биз дээ, хүнд. Яг тийм бодолтой байсан болохоор гадагшаа явах сонирхол үнэхээр байгаагүй.

-Үүнийхээ дараа та Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга болсон уу?

-Тийм ээ, намайг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд даргаар томилогдож очиход Я.Содбаатар дарга нь байсан. Бид хоёр их гар нийлж ажилласан, тухайлбал, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийг УИХ-аар батлуулсан, Хятадын Засгийн газрын буцалтгүй тусламжаар барихаар тохирсон лабораторийн ажлыг гацаанаас гаргаж бариулсан. Барьж байх үед нь гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж ISO-ийн шаардлага хангасан лаборатори болгосон гэх мэт.Өнөөдөр энэ лаборитори монголчуудын маань аюулгүй байдалд томоохон хувь нэмрээ оруулж яваа. Үүнд бас их баяртай байдаг.

-Оросуудын хувьд зэсийн үнийг 8000 ам.долларт хүргэс­ний төлөө таныг хамгаалсан гэж ойлгож болох уу?

-Тэр яах аргагүй хамгийн том нөлөө үзүүлсэн байх гэж бодож байна. Одоогийн Монгол Улсад суугаа Оросын Элчин сайд И.К.Азизов тэр үед Эрдэнэт үйлдвэрийн Оросын талын Зөвлөлийн гишүүн байсан. Бид хоёр одоо ч их сайн харилцаатай. Харамсалтай нь, намайг ажлаа өгсний дараагаас дахиад зэсийн үнийг уруудуулсан. Зэсээ хэдээр зарах вэ гэдэг чинь өөрөө цэвэр менежмент, харилцаа байдаг. Даанч тэр үед тогтоосон жишгийг авч явж чадаагүй.

-Таныг Худалдаа хөгжлийн банканд “Эрдэнэт”-ийн 49 хувийг авахад мөнгө босгож өгсөн гэдэг мэдээлэл хэвлэлд гарсан байсан. Төмөртэйн ордоос Хандгайт өртөө хүртэлх төмөр замыг 112 сая ам.доллараар “Монголын төмөр зам”-д худалдаж авсан тухайд л даа?

-Намайг тэр төмөр замыг худалдаж авсан гэдгийг би сайн ойлгохгүй байгаа. Тэр шийдвэртэй холбож, хардаж, гүтгэсэн учраас тогтоолын төслийг нь бүүр цээжилчихсэн байдаг юм. 2015 оны хоёрдугаар сарын 1-ний өдрийн Засгийн газрын тогтоолд Төмөртэйн ордоос Хандгайт  өртөө хүртэлх замыг төрд ав. Төрд авах үүргийг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Сангийн сайд Б.Болор нарт даалгасугай гэсэн байдаг. Энэ тогтоолын дагуу манайд шилжүүлж өгсөн. Тэр үед Ардчилсан нам төрийн эрх барьж байсан. Надад төмөр зам улсад авах ямар ч эрх мэдэл байгаагүй. Духан дээрээ МАН гэсэн гурван том бичигтэй хүнийг тийм санал гаргаад явбал Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг дэмжих үү. Тийм юм байхгүй л байхгүй юу. Манайхан асуудлыг ойлго­хоосоо өмнө гүтгээд эхэлдэг нэг асуудал байна л даа. Тэр битгий хэл “Эрдэнэт”-ийн 49 хувийг авсныг би анх хүүхдээсээ сонсож байсан. Хүүхэд маань утасдаж “bloomberg.ru” дээр мэдээ нь гарсан байна. Та мэдсэн үү гэж хэлсэн. Тэр даруйд нь намын удирдлагууд руу хэлсэн. Тухайн үед миний үгэнд үнэмшээгүй. Харин дөрвөн цагийн дараа эргэж над руу утасдсан санагдаж байна. Тийм л юм болсон.

-Мөн Зам, тээврийн сайд асан Н.Төмөрхүүтэй хамтарч “Өндөрбуянт”-ыг байгуулж бизнес хийсэн хамтрагчид. Харин сайдын суудалтай холбоотойгоор зөрчилдсөн. Тэрбум төгрөгөөр сайдын суудлыг худалдаж авсан гэх мэт яриа гарсан байсан?

-Наад асуултад тань хоёр өөр хариулт хэрэгтэй учраас эхнийхэнд нь хариулъя. Би Н.Төмөрхүүтэй бизнесийн ямар нэгэн харилцаагүй. МАН-ын байр шатаж, Тусгаар тогтнолын ордныг баригдаж эхлэхтэй зэрэгцэж л танилцсан. Нэг ёсны Н.Төмөрхүү гүйцэтгэж, би хөрөнгө оруулалтын менежментэд нь бага зэрэг тусалсан. Тэрнээс хойш өнөөдрийг хүртэл харилцаа хэвийн. Худлаа гэвэл би чиний хажууд залгаад ярьсан ч болж байна. Харин сайд болсны тухайд надад хоёр дахь удаагаа санал тавьсан. Анх Ч.Сайханбилэгийн хамтарсан Засгийн газрыг байгуулахад МАН-аас энэ асуудлыг ярьж байсан. Удирдах зөвлөлийн шугамаар яригдсан яриа. Яг тэр үед намын залуус “Залуусаа дэмжих хэрэгтэй” гэдэг дээр тохиролцож бас нэлээн хүчтэй акц зохион байгуулснаар намын Удирдах зөвлөлд Н.Төмөрхүүгийн нэрийг оруулж дэмжсэн. Миний хувьд “Намд эв нэгдэл хэрэгтэй” гэж хэлсэн, Н.Төмөрхүүдээ амжилт хүссэн.

-Яг ингээд ярилцаад суухаар олон хүнд шинэ хүн танилцуулж байгаа мэт сэтгэгдэл төрөхийг үгүйсгэх аргагүй юм. Тэр дундаа өөрийг тань МАН-ын удирд­лагын төвшний цөөн хүнтэй ойр харилцаатай гэдгээс өөрөөр гишүүд таныг тэр бүр мэддэггүй юм шиг санагдсан. Тэр дундаа олон нийтийн тухайд бүр ч сайн мэдэхгүй. Ийм хүн гэнэт нэг өдөр Зам, тээврийн хөгжлийн сайд болоод гараад ирэхээр намынхан тань эргэлзсэн байх магадлалтай. Иймд ер нь яаж яваад сайд болов гэдэгт хариулт өгөөч?

-Харин УИХ-ын 2016 оны сонгуулийн дараа буюу долоодугаар сарын 14-ний өдөр АСЕМ-ийн үеэр намын даргатай уулзахад “Зам, тээврийн яамыг мэргэжлийн хүн удирдах хэрэгтэй байна. Чи ямар саналтай байна” гэж асуусан. “Би бодьё” гэж хэлээд Үндсэн хуулийн Цэцийн дарга Жанцан гуай дээр очсон. Миний их хүндэлж, санаа бодлоо ярилцаж асуудаг, зөвлөгөө авдаг хүн гэдэг утгаар өөр хэнтэй ч ярилцаагүй. Жанцан даргад энэ тухай хэлэхэд “Чи одоо шууд зөвшөөрснөө хэлж залга. Юу бодох гээд байгаа юм. Ажлаа хий” гэсэн. Гэхдээ бас ч яг тэр даруй залгаагүй. Наадам дуусч, шинэ Засгийн газар байгуулах шийдвэр гарахтай зэрэгцэж зөвшөөрснөө хэлсэн. Тухайн үед хэвлэлээр Зам, тээврийн сайд болох магадлалтай найман хүний нэр гарч байсан. Миний нэр тэр дунд байгаагүй. Энэ нь өөрийн тань асууснаар олны анхааралд байдаггүйтэй холбоотой байх. Мөн Н.Төмөрхүү бид хоёр хүмүүсийн яриад, бичээд байгаа шиг боодол, боодлоор нь мөнгө амлаж сайд болсон юм байхгүй. Би хийсэн ажилдаа эзэн байхыг хичээдэг. Тодорхой шинэчлэл хийж, үр дүнд хүрэхийг хичээдэг чанарыг минь үнэлсэн байхыг үгүйсгэх аргагүй. Өөрийгөө жаахан магтчих шиг л боллоо. Гэхдээ хаяа бас ярих хэрэгтэй л байдаг юм байна. Намайг ажлаа хүлээж авах гээд яаман дээрээ ирэхэд манай яамныхан гадаа үүдэнд зогсчихсон, намайг алга ташаад угтахад бас их баярласан.

-“Би салбараа мэднэ” гэдэг үгийг УИХ-ын чуулган дээр хэлсэн санагдаж байна. Одоо улам итгэлтэй болсон уу?

-Би чинь энэ тээврийн мэргэжил эзэмшсэн цагаасаа л тээврийн салбарт ажиллаж ирсэн. Тээвэр үйлчилгээний менежмент гэдэг миний зааж байсан хичээлд иргэний нисэхийн салбар ч хамаардаг. Судалгааны хэд хэдэн ажил хийсэн.  Далайн тээврээр дагнаж Хятадад ажилласан.

-Харин таны хувийн бизнес юу вэ. Н.Төмөрхүүгийн цаана байдаг нууц ноёнтон гэх яриа дээрх асуултаас тань харахад худлаа бололтой. Ямар ч байсан “Хужирт” рашаан сувилалд хувь эзэмшдгийг тань мэднэ?

-Эхнэр маань “Хужирт” рашаан сувиллын 30 хувийг эзэмшдэг. Эмч хүн учраас мэргэжлийнхээ дагуу Улаанбаатар дахь төвд нь ажиллаж байгаа. Зөгийн болон чацарганы аж ахуй бий. Бас адуу мал байнаа. Яг бизнес эхлэхийн тухайд Тяньжинд байхдаа нэг тайвань найзынхаа хүсэлтээр Украйнаас ашиглах хугацаа нь дууссан усан онгоцыг төмрийн хаягдалд авахад нь тусалж, зуучлалын үүрэг гүйцэтгэсэн. Тэндээс авсан хөлсөөр ерөнхийдөө хөл дээрээ тогтсон. 1996 оны үед гэхэд нэлээн их мөнгө байсан. Надаас тэгэхэд нэг ч төгрөг гараагүй. Энэ бол цэвэр хувь хүний л харилцаа. Хүн ер нь хэнтэй ч эв зүйтэй, зүй зохистой, гол нь шударга харилцаж сурах хэрэгтэй. Одоо бол надад хэрэглээний мөнгө болон гэр бүлийнхээ зардалд санаа зовоод байх юм байдаггүй. Ерөнхийдөө санхүүгийн хувьд тогтсон гэж хэлж болно.

-Бизнес, улс төрийнхөн бүгд л адуу сонирхож, тодорхой цаг хугацаа зориулах нь бараг бичигдээгүй хууль гэлтэй. Та бас тойроогүй бололтой?

-Ямар ажил хийж байгаагаас үл хамаараад өөрийнхөө сонирхол, хоббидоо хөтлөгдөөд сонирхдог олон зүйл бий, түүний нэгээхэн хэсэг нь гэж ойлгож болно. Надад хүний бэлэглэсэн болон өөрийн нэлээн олон адуу бий. Тэднийгээ нэг дор бөөгнөрүүлж, аймаг, сумын наадамд сойноо сойно. Гэхдээ надад адуугаа нэгдүгээрт тавиад гэр бүлээ мартдаг зан байхгүй ээ. Адуун дээрээ хаяа очиход бас их гоё хийморьтой санагдана шүү дээ.

-Хүүхдүүд тань сургуулиа төгсчихсөн үү?

-Манайх нэг охин, хоёр хүүтэй. Хүүхдүүд бүгд сургуу­лиа төгссөн. Том хүү маань Монголдоо ажиллаж байгаа. Хятад, Америкт сургууль төгссөн. АНУ-д дээд сургуулиа төгссөнийх нь дараа Саудын Арабт сарын 7000 ам.долларын цалинтай банкинд ажиллах урилга ирүүлэхэд нь би явуулаагүй. Хүүхдүүд маань бага байхад манайх гэр бүлээрээ гадаадад ажиллаж байсан болохоор монгол найз нөхөд их цөөнтэй, ядаж л Монголд сургууль төсөөгүй болохоор ангийн найз гэж монгол хүүхэд байхгүй. Тийм болохоор нь “Гадагшаа яваад хэрэггүй. Монгол найз охинтой болохоо бод” гээд үлдээчихсэн. Одоо сайхан гэр бүлтэй болсон. Охин маань төгсөөд Шанхай, Америкт ажиллаж байгаад эх орондоо ирсэн. Америкийн Корнелийн их сургуулийн мастерийг төгсөхөд нь “Рио Тинто” компани Австралийнхаа оффист ажиллах урилга өгсөн. Би мөн л зөвшөөрөөгүй. Эх орондоо ирж ажилла гэсэн дээ. Бага хүү маань АНУ-д сураад өнгөрсөн онд төгсөж ирсэн. Ёстой гэр бүлийнхээ ажлыг амжуулдаг ганц хүн байгаа юм. Сургуулиа төгсөхөөр нь дахиад л дуудаж ирүүлсэн.Ер нь Монголдоо л амьдралаа төвхнүүлж, сурсан мэдсэнээ эх орондоо зориулж ажиллах хэрэгтэй гэж байнга л захиж хэлдэг.

-Үгэнд тань орж байна уу. Хилийн чанадад сайн сургууль төгсөхийн хэрээр тэндээ суурьшихыг илүүд үзэх нь элбэг шүү дээ?

-Орно оо. Дэлхийн хаана ч ажилласан гологдохгүй, хаана ч нэрийн хуудас болохуйц сайн боловсрол эзэмшихэд нь эхнэр бид хоёр чадах чинээгээрээ дэмжсэн. Би харин ганц охиноо ярихаар шууд л магтчих гээд байдаг хүн. Хичээлийг бол ёстой уйгагүй хийдэг хүүхэд байсан. Хаяа “Мэдрэлийн өвчин тусчих вий” гэж айна. Тэгж явсаар “Жеральд металс”-ын урилгаар Шанхайн оффис, Нью-Йоркийнх нь төв оффист ажиллаж байсан. Бас л нааш нь дуудаад авчирсан. Англиас Хятад руу, Хятадаас Англи руу чөлөөтэй шууд орчуулга хийдэг хүн ховор. Охиноороо их бахархдаг. Ингээд л магтаад эхэлнэ. Найз нар маань андахгүй. Эхнэр бид хоёрын тухайд арван жилийн 24 дүгээр дунд сургуулийн нэгдүгээр ангиасаа хамт арав төгстлөө нэг ангид сурсан. Эмч хүн. Тэргүүлэх зэргийн эмч, тасгийн эрхлэгч хийж байгаад намайг дагаад Хятад явсан. Амьдрал өдий насанд их гоё тогтдог. Эхнэр бид хоёр яг л тийм амьд­ралыг хамтдаа босгосон хүмүүс. Хүүхдүүд сайхан том боллоо. Одоо үндсэндээ ид сайн ажиллах ёстой болж байна л даа.

"ҮНДЭСНИЙ ШУУДАН" СОНИН. Г.ОТГОНЖАРГАЛ

Дуудлага худалдаа эхлэхийг та
мэдсэн үү?

УЕА шинэ серийн 387 онцлог дугаарын дуудлага худалдаа 4 сарын 18-наас 5 сарын 12 хүртэл ажлын 19 хоногийн турш үргэлжилнэ.