ТЭЭВЭРЛЭГЧ АЖ АХУЙ НЭГЖҮҮД ӨВӨЛД БЭЛЭН БАЙНА
“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-аас улс, хот хоорондын нийтийн тээврийн аж ахуйн нэгж, байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцаж, “Өвөлд бид бэлэн” өдөрлөгийг өнөөдөр зохион байгууллаа.
Өдөрлөгт Зам, тээврийн хөгжлийн яамны АТБХЗГ-ын хэлтсийн дарга Г.Гантулга, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын захирал П.Дэлгэрнаран, “Хот хоорондын тээвэр эрхлэгчдийн холбоо” ТББ-ын тэргүүн Т.Хүрэлхүү, холбогдох газрын дарга мэргэжилтэн болон Улс, хот хоорондын нийтийн тээврийн тээвэрлэгч 60 гаруй байгууллага оролцов.
Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын захирал П.Дэлгэрнаран “Энэ жилийн “Өвөлд бид бэлэн” өдөрлөгийн онцлог нь тээвэрлэгч аж ахуй нэгжүүд хэрхэн бэхжиж байгаатай газар дээр нь танилцаж байна. Энэ удаагийн өдөрлөгөөр аж ахуй нэгжүүд хамтдаа хөгжин дэвших, ард иргэдийг аюулгүй тав тухтай зорчуулахад хэрхэн анхаарах талаараа харилцан туршлага солилцож буйгаараа онцлог болж байна. Дөрвөн зүг, найман зовхист тээвэрлэлт хийж буй эдгээр аж ахуй нэгжүүд өвөлд бэлэн байгааг энэхүү өдөрлөгөөс харж болохоор байна” хэмээн нээлтийн үеэр онцоллоо.
Улс, хот хоорондын 73 ААН-ын 970 гаруй тээврийн хэрэгслийн 1100 мэргэшсэн жолооч нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд ажиллаж байгаа бөгөөд зорчигч, үйлчлүүлэгч нарт тав тухтай аюулгүй тээврийн хэрэгсэл, дадлага туршлагатай жолооч нараар үйлчлэх, өөр өөрийн байгууллагад хэрэгжүүлж буй туршлагаа солилцон 2018-2019 оны өвлийн тээвэрлэлтэнд бэлэн болсноо ийнхүү харууллаа.
Улс, хот хооронд зорчигч тээвэрлэлт гүйцэтгэж буй 61 аж ахуйн нэгж, байгууллагын өвөлжилтийн бэлэн байдлыг шалгахад 90-ээс дээш хувьтай 26, 70-89 хувьтай дүгнэгдсэн 35 аж ахуйн нэгж, байгууллага байгааг энэ үеэр танилцуулсан юм.
Өдөрлөгт оролцогч аж ахуй нэгжийн төлөөллүүд “Нийтийн зорчигч тээврийн стандарт, гэрээнд заасан тодорхой заалтуудыг биелүүлж байгаа эсэхийг жил бүр өвөлд бэлэн эсэхийг шалгадаг. Тээврийн хэрэгсэл, техникийн бүрэн бүтэн байдал зэргийг хангуулахаас гадна осол саатал гарсан үед тухайн тээвэрлэлтийн явцад техникийн түргэн тусламжийг хэрхэн үзүүлэх, ямар тусламж үйлчилгээг цаг алдалгүйгээр хүргэх тал дээр бэлэн байдлыг хангуулахыг зорьдог. Үүний жишээ болгож тээврийн хэрэгслийн бүрэн тоноглосон түргэн тусламжийг авчирсан” хэмээн танилцуулж байв.
Мөн албан ёсны баталгаатай, тээврийн хэрэгсэл, мэргэшсэн жолоочтойгоор үйл ажиллагаа явуулдаг эдгээр аж ахуй нэгжүүд даатгалын компаниудтай хамтарч ажилладаг тул аливаа осол, саатал гарсан тохиолдолд иргэд, зорчигчдод хүндрэл, чирэгдэл үүсгэхгүйгээр зохион байгуулалтын арга хэмжээг авч ажилладаг талаар Автотээврийн үндэсний төвөөс мэдээллээ.