ОРОН НУТГИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ТӨВҮҮДИЙГ СТАНДАРТЫН ДАГУУ БАРЬЖ БАЙГУУЛНА
Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас 2018 оныг “Үйлчилгээний чанарыг сайжруулах жил” болгон зарласантай холбоотойгоор автобуудлын үйлчилгээний цогцолборын төлөв байдал, зорчигч тээврийн автобуудлын стандарт, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар холбогдох албан тушаалтнууд уулзаж ярилцлаа.
Уулзалтад тус үйлдвэрийн газрын удирдлагууд болон Архангай, Увс, Хэнтий, Баян-Өлгий, Төв Дорноговь аймгийн автотээврийн төвийн дарга нар болон Баянзүрх зорчигч тээврийн төв, Сонгинохайрхан зорчигч тээврийн төвийн дарга нар оролцлоо.
Тус уулзалтыг улс, хот хооронд орон нутгийн нийтийн тээврийн үйлчилгээний авто буудал, түүнийг төлөвлөх, үйлчлүүлэгчдийг ая тухтай байдлыг хангахад тавих MNS6300:2011 стандартын шаардлагыг тогтоох зорилготойгоор зохион байгуулжээ.
Уулзалтын үеэр зорчигч болон автобусны жолооч нарт иж бүрэн үйлчилгээ үзүүлэхэд зориулагдсан барилга байгууламж, зам талбай бүхий үйлчилгээний цогцолборыг бий болгоход хэрхэн анхаарч ажиллах талаар зөвлөлдлөө.
Зорчигч урсгалын өдрийн дундаж тоо 3000 хүнээс дээш бол 1-р зэрэглэл, 1000-3000 бол 2-р зэрэглэл, 1 цагт 50-200 зорчигч урсгалтай бол 3-р зэрэглэл, 1 цагт үйлчлэх хүний тоо 50-аас дээш бол 4-р зэрэглэлд хамаардаг байна. Мөн зорчигчдод зорчих тасалбар худалдах техник хэрэгсэл, хүлээлгийн өрөө, тээшний аюулгүйн үзлэгийн техник хэрэгсэл, галын аюулгүй байдлын тоног төхөөрөмж, цэвэрлэгээний техник хэрэгсэл, зарлал мэдээллийн техник хэрэгсэл, самбар, жолооч нарын амрах өрөө, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх үйлчилгээний хэрэгсэл гэх мэт шалгуур үзүүлэлтүүдийг хангасан байх шаардлагатай аж.
Одоогийн байдлаар Архангай, Увс аймгийн Автотээврийн төвийн барилга байгууламж ашиглалтад орж, иргэдэд ая тухтай үйлчлэх нөхцөл боломж бий болж, Дорноговь, Хэнтий аймгуудийн автобуудлын барилга байгууламжийг 10 сард ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа юм байна. Харин Баян-Өлгий, Төв аймгийн автобуудлын барилгын зураг төсөл хийлгэх, суурийн ажил явагдаж байгааг энэ үеэр мэдээллээ.
Тус үйлдвэрийн газрын захирал П.Дэлгэрнаран “Зорчигч тээврийн үйлчилгээний чанарыг сайжруулахад үйлчилгээний барилга, байгууламжийг технологийн дагуу буюу анх зураг төсөл хийгдэж эхлэхээс өмнө шат дараатайгаар шийдэх хэрэгтэй. Мөн деспетчерийн тогтолцоог бий болгож, зөв зохион байгуулах шаардлагатай байна” хэмээн хэлээд дээрх стандартын хэрэгжилтийг хангахад орон нутгийн нийт Автотээврийн төвийн дарга нар, зорчигч үйлчилгээний төвүүд онцгой анхаарч ажиллах үүргийг өглөө.