МОНГОЛ УЛСАД АНХ УДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАТАЛГААЖУУЛАЛТЫН БАЙГУУЛЛАГА ИТГЭМЖЛЭГДЛЭЭ
Тасралтгүй өсөн нэмэгдэж буй нийгмийн эрэлт хэрэгцээг хангасан хүрээлэн буй орчинд ээлтэй тээврийн ухаалаг үйлчилгээг бий болгоход авто тээврийн салбарын стандартчилал, тохирлын үнэлгээний үйл ажиллагааны ач холбогдол улам бүр нэмэгдэж байна.
Автотээврийн үндэсний төв /ТӨҮГ/ -аас “АВТОТЭЭВРИЙН САЛБАРТ ЧАНАРЫН ДЭД БҮТЦИЙГ БЭХЖҮҮЛЭХ” зорилтыг дэвшүүлж тодорхой ажлуудыг үе шаттай хэрэгжүүлж байна.
Үүний нэгэн илрэл нь автотээврийн салбарт ажил үйлчилгээ үзүүлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын бүтээгдэхүүн, үйлчилгээ, үйл явц нь стандартын шаардлагад нийцсэн эсэхийг тогтоох үйл ажиллагааг олон улсын тохирлын үнэлгээний зарчим, хэм хэмжээнд нийцүүлэн гүйцэтгэх замаар салбарын бүтээгдэхүүн, үйлчилгээний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, үйлчлүүлэгч, хэрэглэгчийг зөв сонголт хийхэд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий Судалгаа, хөгжил, чанарын удирдлагын төвийг байгуулсан явдал юм.
Монгол Улсын Засгийн Газрын тохируулагч агентлаг Стандарт, хэмжил зүйн газрын итгэмжлэлийн техникийн хорооны 2018 оны 10 дугаар сарын 25-ны хуралдаанаар тус үйлдвэрийн газрын Судалгаа, хөгжил, чанарын удирдлагын төвийг “MNS ISO/IEC 17065:2013 Тохирлын үнэлгээ — Бүтээгдэхүүн, үйл явц болон үйлчилгээг баталгаажуулах байгууллагад тавих шаардлага” олон улсын стандартыг бүрэн хангасан гэж үзэж итгэмжлэхээр шийдвэрлэсэн.
Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа баталгаажуулалтын байгууллагууд нь зөвхөн бүтээгдэхүүн баталгаажуулалтын төрлөөр итгэмжлэгдсэн байдаг бол ийнхүү Автотээврийн үндэсний төв /ТӨҮГ/-ийн Судалгаа, хөгжил, чанарын удирдлагын төв нь үйлчилгээний баталгаажуулалтын төрлөөр итгэмжлэгдсэн анхны байгууллага боллоо.