Чингисийн өргөн чөлөө -11
1900-1234 info@transdep.mn
2018-11-23 04:05:29

АВТОТЭЭВРИЙН ХАРИЛЦААНЫ ТУХАЙ ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ

Монгол-Унгарын Засгийн газар хоорондын комиссын ээлжит хурал энэ оны 11 дүгээр сарын 20-21-нд Унгар Улсын Будапешт хотод амжилттай зохион байгуулагджээ. Хуралдааныг монголын талаас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле, унгарын талаас Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Чаба Балог нар удирдав.
Энэхүү хуралдааны хүрээнд Автотээврээр олон улсын ачаа болон зорчигч тээвэрлэх тухай хэлэлцээрт талууд гарын үсэг зурж баталгаажуулжээ. 


Өнгөрсөн 6 дугаар сард Зам, тээврийн хөгжлийн яамнаас дээрх зорилтыг хэрэгжүүлэхээр ХБНГУ, Польш, Унгар, Словак, Литва, Гүрж зэрэг улсуудтай олон улсын автотээврийн харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулахаар ЗТХЯ-ны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Батболд, Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын захирал П.Дэлгэрнаран нараар ахлуулсан баг дээрх улсуудад ажиллаж, олон улсын автотээврийн харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хэлэлцэн тохирч, үзэглэсэн юм. 

Ийнхүү Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тээврийн салбарын олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлж, бүс нутгийн тээврийн итеграцид нэгдэн орох замаар дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэх тухай зорилт хэрэгжих нөхцөл бүрдлээ. 
Энэхүү баримт бичиг байгуулагдсанаар хоёр орны авто тээвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд харилцан тээврийн зөвшөөрөл олгох боломж нээгдэж, авто тээврийн зах зээл дэх өрсөлдөөн нэмэгдэх бөгөөд үнэ, ханшийн түвшинд эерэгээр нөлөөлөх боломж нэмэгдэнэ хэмээн Монгол Улсаас Унгар Улсад Суугаа Элчин сайдын яамнаас онцолжээ.

Дуудлага худалдаа эхлэхийг та
мэдсэн үү?

УЕА шинэ серийн 387 онцлог дугаарын дуудлага худалдаа 4 сарын 18-наас 5 сарын 12 хүртэл ажлын 19 хоногийн турш үргэлжилнэ.