ЭДИЙН ЗАСГИЙН КОРИДОР БАЙГУУЛАХ ХӨТӨЛБӨРИЙН ДЭД БҮТЦИЙН ТӨСӨЛ ХӨТӨЛБӨРҮҮД АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ БАЙНА
Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн хүрээнд гурван улсын хамтарсан ажлын хэсгийн шинжээчдийн түвшний 4-р хурал энэ оны 12 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотноо болж өнгөрлөө. Уг хуралдааны талаар Зам, тээврийн хөгжлийн яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Ж.Сэрээтэртэй ярилцлаа.
- “Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх 3 улсын ажлын хэсгийн шинжээчдийн түвшний дөрөвдүгээр хуралдаан болж өнгөрлөө. Энэ удаагийн хуралдаанаар Зам, тээврийн салбарын ямар асуудлыг хэлэлцэв?
-Монгол Улс бол Ази Европыг холбосон тээврийн коридорын гол хэсэг. Монгол Улс-ОХУ-БНХАУ-ын хоорондын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийг баталсан. Тус хөтөлбөрийн хүрээнд Монгол Улс 32 төслийг хэрэгжүүлнэ. Энэ удаад шинжээчдийн түвшний дөрөвдүгээр хурлыг Улаанбаатар хотноо хийж, голлох асуудлаа хэлэлцэн, харилцан тохиролцлоо. Тухайлбал: Төмөр зам болон авто замын төсөл, хөтөлбөрийн талаар хэлэлцлээ. Төмөр замын Төв коридорын шинэчлэлийг гурван улсын нутаг дэвсгэр дэх төмөр замын нийт уртын хэмжээнд ТЭЗҮ боловсруулахаар тохиролцоонд хүрээд байна. Мөн Төмөр замын хойд коридорын Эрдэнэт-Овоот чиглэлийн төслийн талаар харилцан санал солилцов.
-Эдийн засгийн коридорын хүрээнд 32 төсөл, хөтөлбөр хэрэгжихийн ихэнх зам, тээврийн салбарт хэрэгжих төсөл. Яамнаас энэ удаад ямар төслийг онцлов?
-Энэ хуралдаанаар Монголын тал төмөр замын болон авто замын Төв коридорын хүрээнд Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хэрэгжиж буй төсөл, тулгамдаж байгаа асуудал болон шаардагдах санхүүжилтийн талаар танилцуулга хийлээ. Мөн Хөтөлбөрийн нэг заалт болох хөрөнгө оруулалт, зураг төслийн хамтарсан төвийг Улаанбаатар хотноо байгуулах саналыг Монголын талаас дэвшүүлж, уг төвийн үзэл баримтлал, дүрэм болон үйл ажиллагааны талаар танилцуулга хийж, санал солилцлоо.
-Төмөр замын төв коридор нь хаанаас хаа хүрэх маршруттай вэ?
-Энэ бол маш том бүтээн байгуулалт болно. Хамгийн урт төмөр замын коридор байгуулагдана. Төмөр замын Төв коридор нь Улаан-Үд-Наушки-Сүхбаатар-Улаанбаатар-Замын-Үүд-Эрээн-Улаанцав-Жанчхүү-Бээжин-Тяньжин чиглэлийг хамарна. Үүнийг цогцоор нь авч үзэж техник эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/ боловсруулах ажлыг зохион байгуулах хамтарсан Ажлын хэсэг байгуулахаар боллоо.
-Эдийн засгийн коридорын хүрээнд хийгдэх нэг салбар бол авто замын салбар юм. Энэ хүрээнд Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн авто замын шинэчлэл, олон улсын стандартад нийцүүлэх ажил хийгдэж, туршилт хийж байсан удаатай. Энэ удаагийн уулзалтаар авто замын талаар юу яригдав уу?
-Азийн авто замын сүлжээний АН–3 чиглэлийг дамжин өнгөрөх тээвэрлэлтэд идэвхтэй ашиглах, тус чиглэлд хурдны авто зам барих техник эдийн засгийн үндэслэлийг судлах ажлын хүрээнд Монгол Улсын нутаг дэвсгэр дэх авто замын нэвтрүүлэх хүчин чадлыг дээшлүүлэх талаар ярилцсан. Ирэх оны 4-р сард Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын ажил эхэлнэ. Энэ нь Ази Европыг холбосон автозамын сүлжээний нэгэн том хэсэг болох учиртай. Мөн 2016 онд ОХУ-ын Москва хотноо НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын Тээврийн сайд нарын бага хурал болж Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Засгийн газрын “Азийн авто замын сүлжээгээр олон улсын авто тээвэр гүйцэтгэх тухай хэлэлцээр”-ийг баталсан. Энэ хүрээнд талуудын холбогдох эрх бүхий байгууллагууд хэрэгжилтийг урагшлуулахаар тохиролцлоо.
Түүнчлэн Улаанбаатар хотноо хөрөнгө оруулалт, зураг төслийн хамтарсан төвийг байгуулахад санал нэгдэж, Монголын талын төвийг хэрхэн зохион байгуулах саналыг Орос, Хятадын тал судалж өөрийн саналаа өгөхөөр болсон. Мөн талууд гурван талт хамтын ажиллагааны хүрээнд эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн дэд бүтцийн төсөл, хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж байгааг цохин тэмдэглэлээ.