Чингисийн өргөн чөлөө -11
1900-1234 info@transdep.mn
2018-12-27 02:59:06

ЖОЛООЧ ТА ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ

Хүйтний эрч чангарч буй энэ өдрүүдэд жолооч та өөрийн болон бусдын эд хөрөнгө, эрүүл мэнд, амь насыг болзошгүй эрсдлээс хамгаалж, ашиглалтын хугацаандаа автотээврийн хэрэгсэлд тавигдах шаардлагыг хангаж, замын хөдөлгөөнд оролцож байна уу?

Автотээврийн үндэсний төвийн Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн 3 төвд “Жолооч та өвөлд бэлэн үү” өдөрлөгийг зохион байгуулж, тээврийн хэрэгслүүдэд компьютер оношлогоо хийж, хөдөлгүүрийн тосны чанар, хөргөлтийн шингэний хөлдөх хэм, тоормосны шингэн дэх усны хувь зэргийг нэмэлтээр шалгаж, мэргэшсэн инженерүүд мэргэжлийн заавар зөвлөгөө өгч ажиллаж байна.

РЕФРАКТОМЕТР- Хөргөлтийн шингэний температур хэмжигч багаж

 Хөргөлтийн шингэн нь хөдөлгүүрийн хэт халсан эд ангийн дулааныг авах, хөрснийг халаах замаар түүний ажиллагааны хамгийн ашигтай дулааны горимыг барьж байх үүрэгтэй хөргөх системийн үндсэн хэсэг юм. Эрс тэс уур амьсгалтай манай орны нөхцөлд зарим тохиолдол -40 хэмээс дээш хүйтэрдэг. Энэ үед чанар муутай хөргөлтийн шингэн хийх, бусад төрлийн шингэнийг холих, удаан хугацаагаар ашиглах зэргээс шалтгаалж хөргөлтийн шингэн царцаж цаашлаад хөлдөх температур багасч таны автомашин асахгүй байх, эд ангийг гэмтээх зэрэг сөрөг үр дагавар бий болгодог. Иймээс дээрх багажаар хөргөлтийн шингэнийхээ царцах температурыг тодорхойлуулаарай.

Тоормосны шингэний тестер

Автомашин үйлдвэрлэгч нар тоормосны шингэнийг 40’000 км тутам сольж байхыг зөвлөдөг. Тоормосны шингэн ажиллагааны явцад маш ихээр конденсацлагдаг /халуунаас хүйтэн, хүйтнээс халуун/ учраас шингэн дотор усны нэгдэл, усны бөмбөлөг үүсдэг. Эдгээр усны нэгдэл нь тоормосны даралтыг бууруулах, тоормосны аппаратын эд ангийг зэврүүлэх, өвөл царцах, тоормос зууруулж түлш зарцуулалтыг нэмэгдүүлэх зарим тохиолдолд гацаах аюултай байдаг. Иймээс дээрх багажаар тоормосны шингэнд ус агуулагдаж байгаа эсэхийг шалгуулаарай.

 Хөдөлгүүрийн тосны чанарын тестер

Хөдөлгүүрийн тос нь тосолгооны системийн үндсэн чухал хэсэг юм. Хөдөлгүүрийн найдвартай асаалт болон удаан эдэлгээг хангахын тулд тухайн хөдөлгүүрийн бүтэц, зуурамтгай чанараараа орчны температурт тохирсон хөдөлгүүрийн тосыг хэрэглэх шаардлагатай байдаг. Иймд автомашиныг үйлдвэрлэгчээс гаргасан зааварт ямар төрлийн тос хэрэглэхийг зааж өгсөн байдаг. Хөдөлгүүрийн тосны чанар муудсанаар асалтыг удаашруулах, эд ангиудын элэгдлийг түргэсгэх цаашлаад эвдрэлд хүргэх зэрэг сөрөг үр дагавартай. Иймээс дээрх багажаар хөдөлгүүрийн тосны чанарыг шалгуулаарай.

 Чагнуур

Таны автомашины хөдөлгүүрт ямар нэгэн хэвийн биш дуу чимээ сонсогдож байна уу. Тэр дуу чимээ яг ямар эд ангиас гарч байгааг мэдэхэд хэцүү байна уу. Автомашины хөдөлгүүрийн эд ангиуд өөр хоорондоо бэхлэгдсэн байдаг учир аль нэг эд ангиас дугарч байгаа чимээ бүхэлдээ дамжиж мэдрэгддэг, мөн хөдөлгүүрийн дуу чимээ хамт сонсогдож байгаа учир ялгаж сонсоход бэрхшээлтэй байдаг. Иймээс дээрх багажаар эд анги тус бүрийг ялгаж сонсох боломжтой.

 

 

 

 

 

 

 

 

Дуудлага худалдаа эхлэхийг та
мэдсэн үү?

УЕА шинэ серийн 387 онцлог дугаарын дуудлага худалдаа 4 сарын 18-наас 5 сарын 12 хүртэл ажлын 19 хоногийн турш үргэлжилнэ.