Чингисийн өргөн чөлөө -11
1900-1234 info@transdep.mn
2018-12-28 05:37:00

МЭНДЧИЛГЭЭ

Автотээврийн салбарыг хөгжүүлэх их үйлсэд хувь нэмэрээ оруулан хөгжил дэвшил өөд хамтдаа тэмүүлж буй нийт тээвэрчид, инженер техникийн ажилтнууд, автотээврийн салбарын ажилтан, албан хаагчид та бүхэндээ шинэ оны мэндийг хүргэн мэндчилье.

Хэрэглэгчийн эрэлт, хэрэгцээнд нийцсэн, эдийн засгийн үр ашигтай, аюулгүй, ая тухтай, хүртээмжтэй, тээврийн үйлчилгээг зохион байгуулах зорилгоор 2018 оныг “Үйлчилгээний чанарыг сайжруулах жил” болгон зарлаж, амжилт бүтээлээр дүүрэн учран золгож буйдаа баяртай байна.

Улиран одож буй 2018 он манай байгууллагын хувьд амжилт, бүтээлээр арвин жил байлаа. Үйлдвэрийн газрын хэмжээнд энэ онд хэрэгжүүлэхээр 5 зорилтын хүрээнд нийт 162 ажил төлөвлөсөн бөгөөд эдгээр ажлуудыг амжилттай хийж гүйцэтгээд байна.

Тухайлбал, Автотээврийн салбарын хэмжээнд чанарын дэд бүтцийг бэхжүүлэх, техникийн сорилт, туршилт, баталгаажуулалтын нэгдсэн лаборатори байгуулах ажлын хүрээнд “Тохирлын үнэлгээ-Бүтээгдэхүүн, үйл явц болон үйлчилгээг баталгаажуулах байгууллагад тавих шаардлага” стандартыг нэвтрүүлж, үйл ажиллагааны чадавхийг нотлон харуулж, 2 жилийн хугацаатай итгэмжлүүлснээр олон улсад хүлээн зөвшөөрөгдлөө. Ийнхүү Судалгаа, хөгжил чанарын удирдлагын төв нь иж бүрэн тохирлын үнэлгээ хийх анхны мэргэжлийн байгууллагаар итгэмжлэгдэж, техникийн хяналтын гурван төв нь мэргэжлийн түвшинд стандартын дагуу, иж бүрэн үйлчилгээ үзүүлэх мэргэжлийн байгууллага болсноор олон улсын стандартын дагуу үйлчилгээ үзүүлэх боломжтой болсон юм.

Салбарын хэмжээнд бүтээн байгуулалтын ажлуудыг өрнүүлж, аймгийн автотээврийн төвүүдийг стандартын шаардлага хангасан байраар бүрэн хангах ажлыг үе шаттай зохион байгуулах ажлын хүрээнд Хэнтий, Дорноговь аймгийн автобуудлыг ашиглалтад орууллаа. Цаашид аймаг орон нутгийн автобуудал барих ажлыг зохион байгуулахаас гадна зам дагуух барилга байгууламжуудыг стандартын дагуу байгуулахад мэргэжил арга зүйгээр хангаж, төр хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих бодлогыг хэрэгжүүлэх чиглэлээр тодорхой ажлуудыг төлөвлөөд байна. Ингэснээр хэрэглэгчийн эрэлт, хэрэгцээнд нийцсэн, эдийн засгийн үр ашигтай, аюулгүй, ая тухтай, хүртээмжтэй, тээврийн үйлчилгээг зохион байгуулахад үр өгөөжөө өгөхүйц бүтээн байгуулалтууд сүндэрлэх нь дамжиггүй юм.

Монгол Улсын Өмнөговь аймгийн Ханбогд сумын Гашуунсухайт боомтоос БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганц модны боомт, Дорнод аймгийн Хэрлэн сумаас Хавирга-Архашаат боомтоор ӨМӨЗО-ны Манжуур хотын чиглэлийн зорчигчдын тогтмол тээвэрлэлтийг эхлүүлж, хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээний 13 чиглэлд тээвэрлэлтийн давтамж нэмэгдүүллээ. Улс, хот хооронд болон орон нутгийн зорчигч тээврийн үйлчилгээнд тээврийн ухаалаг системийг нэвтрүүлэх ажлыг өргөжүүлэх, үйлчилгээг хямд, хүртээмжтэй, тээврийн бусад төрөлтэй уялдуулан боловсронгуй болгох зорилгоор хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээний тасалбар борлуулах цахим машиныг үйлчилгээнд нэвтрүүлсэн нь ард иргэдэд хөнгөн шуурхай үйлчлэх алхам болсныг энд онцлон дурдахад таатай байна.

Үүнээс гадна “Улс, хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлийн аяллын дугаар”-ыг баталж, 60 аж ахуйн нэгж, байгууллагын том болон дунд оврын 843 тээврийн хэрэгслийн хаягийг шинэчилж аяллын дугаараар хаягжуулаад байна. Орон нутгийн салбаруудад зорчигчийн тээш, илгээмжийн ачааг бүртгэлжүүлэх ажлыг эхлүүлэх ажлын хүрээнд СХЗТТ-д зорчигчийн тээшний иж бүрэн үйлчилгээний хэсгийг зохион байгуулж туузан дамжуулгыг суурилуулсан нь үйлчилгээний чанарыг сайжруулах хүрээнд хийж буй ажлуудын маань нэг байлаа.

Тээврийн ухаалаг системийг хөгжүүлж, үүрэн холбоо болон хиймэл дагуулын сүлжээний тусламжтайгаар замналын дагуух тээвэрлэлтийн төлөв байдлыг 24 цагийн турш хяналт тавих замаар аюулгүй ая тухтай тээврийн үйлчилгээг зохион байгууллаа. Энэ хүрээнд Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах Тээврийн цагдаагийн албатай хамтарсан постыг өөрийн хөрөнгөөр мэргэжлийн тоног төхөөрөмжөөр 100 хувь хангаж, “Хяналтын програм”-д холболоо. 

Дамжин өнгөрөх тээврийн үйлчилгээг эдийн засгийн үр ашигтай, тогтвортой, аюулгүй, шуурхай зохион байгуулахтай холбоотой судалгаануудыг хийж, эрх зүйн орчинг боловсронгуй болгох, олон улсын конвенциудад нэгдэхтэй холбоотой арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Тухайлбал, Зам, тээврийн хөгжлийн яам болон Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас Европын холбооны улсуудтай “Авто замаар олон улсын ачаа, зорчигч тээвэрлэлт гүйцэтгэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр” байгуулахаар хэлэлцээрийн төслийг тохирч зарим орнуудтай нь хэлэлцээрийн төслийг үзэглэсэн нь монгол тээвэрчид Европын холбооны улсууд уруу шууд тээвэрлэлт хийх боломж бүрдсэн юм.

Түүнчлэн “Төрөөс автотээврийн салбарт баримтлах бодлого”-ын баримт бичиг болон Автотээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад саналаа тусгаж, Авто тээврийн салбарын тогтолцоог шинэчлэхэд хувь нэмэрээ орууллаа. Авто үйлчилгээний байгууллагуудыг ангилж стандартын шаардлага хангасан үйлчилгээ явуулахад нь мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх, үйл ажиллагаанд нь хяналт тавих ажлыг зохион байгуулж, 350 орчим иргэн, аж ахуй нэгжийг цахимаар бүртгэлжүүлж хамруулаад байна.

Мэргэшсэн жолоочийн шалгалтад хамрагдах жолоочийг хурууны хээгээр болон царайгаар бүртгэж баримтжуулан шалгалтад оруулдаг болсон нь олон улсын стандартын шаардлагад нийцсэн арга хэмжээ болсоноос гадна тээврийн хэрэгслийн өмчлөгчийн лавлагааг “Төрийн үйлчилгээний цахим машин”-аас авах боломжтой болгож, иргэдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн үйлчилгээг шинээр нэвтрүүлснээр иргэд өөрт хамгийн ойр цэгээс үйлчилгээ авах боломж бүрдэж, үйлчилгээг хөнгөвчилсөн үр дүнтэй ажил болсныг энд онцлон тэмдэглэе. Түүнчлэн тээврийн хэрэгслийн гэрчилгээний дугаар болон арлын дугаараар өмчлөгч, эзэмшигчийг шалгадаг болсон нь хуурамч бичиг баримт ашиглаж залилангийн гэмт хэрэг үйлдэгдэхээс сэргийлэх үр дүнтэй ажил боллоо.

Үйлдвэрийн газрын хүний нөөцийн манлайллыг хангах, хөгжлийн хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх хүрээнд ажилтнуудын нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийг хэрэгжүүлсэн нь нийт ажилтан албан хаагчдынхаа нийгмийн асуудалд анхаарсан ажил байлаа. Цаашид манай хамт олон хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, аюулгүй, тав тухтай, хүртээмжтэй, найдвартай үйлчилгээг хүргэх нэгэн зорилгоор итгэл дүүрэн ажиллах болно.

 

Улиран одож буй хуучин он танд ухаарал баяслыг хайрлаж,

Угтан ирж буй шинэ он танд урам зориг, амжилт бүтээлийн дээдийг бэлэглэх болтугай!

Амьдрал тань аз жаргалаар цалгиж,  ажил үйлс тань амжилт бүтээлээр ундран байхыг ерөөе.

 

АВТОТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛВЭРИЙН ГАЗРЫН

 ЗАХИРАЛ П.ДЭЛГЭРНАРАН

Дуудлага худалдаа эхлэхийг та
мэдсэн үү?

УЕА шинэ серийн 387 онцлог дугаарын дуудлага худалдаа 4 сарын 18-наас 5 сарын 12 хүртэл ажлын 19 хоногийн турш үргэлжилнэ.