Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас удирдах ажилтнуудын мэргэшил, ур чадварыг дээшлүүлэх, харилцан уялдаа холбоог сайжруулах, цаашид хийж хэрэгжүүлэх ажлынхаа талаар санал солилцох зорилгоор “Удирдах ажилтны зөвлөгөөн”-ийг энэ сарын 24-25-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Тус зөвлөгөөнд үйлдвэрийн газрын нийт удирдах албан тушаалтнууд, алба, тасаг, хэлтсийн дарга нар, ахлах мэргэжилтнүүд оролцож 2018 оны ажлаа дүгнэж буй бөгөөд Зам, тээврийн хөгжлийн яам, Сангийн яам, АТГ зэрэг холбогдох бусад байгууллагуудаас сургалт зохион байгуулж, цаашид хийж хэрэгжүүлэх ажлуудын талаар тодорхой үүрэг чиглэл өглөө.
АВТОТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ ТӨҮГ-ЫН ЗАХИРАЛ П.ДЭЛГЭРНАРАН:
“Автотээврийн салбарт 2018 онд хийж хэрэгжүүлсэн ажлуудаа дүгнэн, алдаа оноогоо хэлэлцэж цаашид уялдаа холбоогоо сайжруулах, тээврийн тогтолцоо, тээвэр зохион байгуулалтаа зөв зүйтэй зохион байгуулж, төгөлдөржүүлэх шаардлага бид бүхний өмнө чухлаар тавигдаж байна. Тиймээс энэхүү асуудлыг цогцоор нь буюу өргөн хүрээнд авч үзэн, томоохон шийдэл гаргаж, тогтолцоог өөрчилж, системтэйгээр хийж хэрэгжүүлэх, тодорхой үүрэг чиглэл өгөх нь энэхүү зөвлөгөөний гол зорилго юм. Автотээврийн үндэсний төвөөс 2019 онд тээврийн системийг ухаалагжуулах чиглэлийг гол болгон ажиллах шаардлага нэн чухал байна. Тиймээс улс, хот хоорондын ачаа болон зорчигч тээврийг ухаалагжуулах, иргэдэд хүргэх үйлчилгээг цахимжуулж, зөв зүйтэй төлөвлөх, хийж хэрэгжүүлэх, бодлого хэрэгжүүлэхэд удирдах ажилтнууд та бүхэн чухал үүрэг гүйцэтгэж, ирээдүйгээ харсан боловсронгуй үйлчилгээг бий болгоход хичээл зүтгэл гарган, хамтран ажиллана гэж найдаж байна”
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙД АСАН, ДОКТОР, ПРОФЕССОР /PH,D/ Д.ГАНБАТ: “Аливаа улс орны тээврийн салбар тухайн улс орны хөгжлийн түвшинтэй шууд холбоотой байдаг. Тээврийн салбаруудаас Автотээврийн салбар нь эдийн засагт онцгой ач холбогдолтой чухал салбар бөгөөд иргэдэд хамгийн ойр, хамгийн хүртээмжтэй, эрэлт хэрэгцээтэй энэ салбарыг хөгжүүлэх, тогтолцоог сайжруулах шаардлага чухал байна. Нийгмийг бүхэл бүтэн системээр нь хамардаг том салбар учраас макро түвшинд авч үзэж, нэгдсэн зохион байгуулалтад оруулах асуудал нэн чухал юм.
Гараас гарт-Хаалганаас хаалганд хүрдэг энэ үйлчилгээг ачаа тээврийн терминал байгуулан төвлөрүүлж, өмнө эхлүүлсэн ажлуудаа шуурхай зохион байгуулж автотээврийн салбарыг шинэ шатанд гаргах шаардлага чухлаар тавигдаж байна. Ингэснээр тээвэрлэлтийн зардлыг бууруулах, тээвэрлэлтийн дэвшилтэт арга технологийг нэвтрүүлэхэд томоохон алхам болох юм. Үйл ажиллагаа бол мэргэжилтэй боловсон хүчинээс шууд хамаардаг тул үр дүнд хүргэх энэхүү алхмыг Автотээврийн салбарын халуун цэг дээр ажиллаж, зохион байгуулж байгаа та бүхэн хийж хэрэгжүүлнэ гэж найдаж байна”
ЗТХЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА С.БАТБОЛД:
“Автотээврийн үндэсний төвөөс 2018 онд Хэнтий, Дорноговь аймгуудад Авто буудал байгуулж, хөрөнгө оруулалтын чиглэлээр томоохон ажил хийж гүйцэтгэж, цаашид зарим аймгуудад Авто буудал барихаар төлөвлөсөн нь бахархалтай, сайшаалтай ажлуудын нэг байлаа. Мөн статистик мэдээллээс үзэхэд Автотээврийн салбар 2018 онд 42 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оноос 20 гаруй хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Автотээврийн салбар 2019 онд томоохон ажлууд төлөвлөсөнөөс Авто тээврийн бодлогын баримт бичиг, эрх зүйн баримт бичгүүд боловсруулж батлуулах, Автотээврийн хуулийг өргөн барих, Тээврийн ухаалаг системийг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх, Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндэсний хөтөлбөр батлуулах зэрэг ажлуудыг төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлж байна. Мөн дамжин өнгөрөх тээвэрлэлтийг энэ онд эхлүүлэх зорилт тавьж гурван улс хэлэлцээрээ соёрхон батлуулах, дотоодын процедурын ажлуудаа хэрэгжүүлж, цаашид тээврийн хамтарсан хороог зохион байгуулж тээвэрлэлтийг эхлүүлэхээр төлөвлөөд байна.
2016-2020 оны Засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөөнд орсон ажлуудыг яаравчлах үүргийг Ерөнхий сайд Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанаар нийт яамдад чиглэл өгсөн. Энэ хүрээнд төрөөс иргэдэд үзүүлж буй үйлчилгээнүүдийг иргэдэд хүртээмжтэй, нээлттэй болгох, үүний дагуу “Иргэн төвтэй төрийн үйлчилгээ”-ний жил болгож, иргэдэд нээлттэй байлгах, түргэн шуурхай үйлчлэх, цахим болгох зэрэг үйлчилгээг үзүүлэхэд анхаарч ажиллах шаардлага та бидний өмнө байна”