АВТОТЭЭВРИЙН САЛБАРЫН АХМАДУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Урвуулагч хэмээх Шороон гахай жилийн сар шинийн баярыг тохиолдуулан Зам, тээврийн хөгжлийн яам болон Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Энэхүү арга хэмжээнд Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар, ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, АТБХЗГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Гантулга, Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын захирал П.Дэлгэрнаран болон яамны сайд, дэд сайд асан гавьяат тээвэрчид АТҮТ-ийн Ахмадын хороонд бүртгэлтэй 150 гаруй ахмадууд оролцлоо. ЗТХ-ийн сайд Я.Содбаатар нийт автотээврийн салбарт хийгдсэн ажлууд, цаашид хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн томоохон ажлуудаа танилцуулж, автотээврийн салбарыг бусад тээврийн салбаруудтай хэрхэн уялдуулах талаар мэдээлэл өглөө. Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яам бол Монгол улсын техник технологийн шийдэл гаргадаг чухал яам учраас салбарын эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэн, лаборатори байгуулж, мэргэжлийн боловсон хүчнүүдтэй мэргэжлийн түвшинд ажиллана гэдгээ илэрхийллээ. Мөн тэрээр ахмадууддаа хандан “Аливаа бодлогыг хэрэгжүүлэхэд уламжлалт, шинэчлэл хослуулснаар тухайн ажил үр дүнд хүрдэг тул ахмадууд та бүхний үнэтэй санал, зөвлөгөө бидэнд нэн чухал” хэмээн онцлоод тэгш дүүрэн байхын ерөөлийг дэвшүүллээ. Мөн ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд автотээврийн салбарт хийж гүйцэтгэсэн ололт, амжилтыг онцлоод Зам, тээврийн хөгжлийн яам болон Автотээврийн үндэсний төв, авто замчдын холбоо, АТҮТ-ийн Ахмадын хороо хамтран “Ахмадын амралт сувилал байгуулах төсөл” хэрэгжүүлэхээр төлөвлөсөн зураг төслийг танилцууллаа. Ингэснээр нийгмээс үзүүлж байгаа халамж, эрүүл мэндийн үйлчилгээ тусламжийг хүртэж, ахмадууд эрүүл аж төрөхөөс гадна цаашид хөдөлмөр эрхлэх зэрэг олон боломж бүрдэж байгааг хэллээ. Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын захирал П.Дэлгэрнаран хэлэхдээ АТҮТ-өөс Ахмадын холбоотойгоо хамтран жил бүр уламжлал болгон ахмадууддаа хүндэтгэл үзүүлдэг бөгөөд ахмад настанд тавих халамж, үзүүлэх үйлчилгээг хүртээмжтэй болгох чиглэлд бодлогын яамнаас хэрэгжүүлэхээр тусгасан дээрх ажилд идэвхи, хичээл зүтгэл гаргах болно гэдгээ илэрхийллээ.