Б.МӨНХЖАРГАЛ: ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН АШИГЛАЛТЫН БҮХИЙ Л МЭДЭЭЛЛИЙ НЭГ ДОРООС, ТҮРГЭН ШУУРХАЙ АВАХ БОЛОМЖТОЙ
Авто үйлчилгээний мэдээллийн сан ашиглалтад орсонтой холбогдуулан Автотээврийн үндэсний төвийн Авто үйлчилгээний хэлтсийн дарга Б.Мөнхжаргалтай ярилцлаа.
-Авто үйлчилгээний мэдээллийн нэгдсэн сан бий болсон байна. Санд ямар мэдээллүүд байршиж байгаа талаар ярилцлагаа эхэлье?
-Тус мэдээллийн сан ашиглалтад ороод нэг жил орчим болох гэж байна. Мэдээллийн санд тээврийн хэрэгслийн ашиглалттай холбогдон гарсан бүхий л мэдээлэл буюу тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг, бүртгэл, татвар, осол зөрчлийн мэдээллээс гадна нэгж тээврийн хэрэгсэл бүрийн засвар үйлчилгээний түүх багтсан байгаа. Цаашид бид мэдээллийн сангаа улам өргөжүүлэх үүднээс Онцгой байдлын мэдээллийн сан, албан журмын даатгалын мэдээллийн сантай холбохоор ажиллаж байна. Мөн иргэдэд илүү хүртээмжтэй хялбар болгохоор энэхүү мэдээллийн сангаа гар утасны аппликейшн хэлбэрт шилжүүлэхээр төлөвлөж байна.
-Энэхүү мэдээллийн сан нь улсын хэмжээнд ашиглагдана биздээ?
-Авто үйлчилгээний байгууллагад ангилал тогтоох ажил нь улсын хэмжээнд хэрэгжиж байгаа боловч ангилал тогтоох эрх бүхий байгууллага нь газарзүйн байршлаас хамааран 2 өөр байгууллага байгаа. Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй авто үйлчилгээ эрхлэгчид Нийслэлийн тээврийн газар, орон нутагт үйл ажиллагаа явуулж буй авто үйлчилгээ эрхлэгчид нь Автотээврийн үндэсний төв ангилал тогтоож байгаа. Мэдээллийн сан нь МУ-ын хэмжээнд нэг байх нь зөв. Манай байгууллагын зүгээс өөрсдийн нөөц боломжид тулгуурлан мэдээллийн санг ашиглалтад оруулсан байгаа. Интернэт орчин ашиглан хаанаас, хэдий ч, гар утас, таблет, компьютерийг ашиглан autobox.mn сайтад нэвтрэн тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тээврийн хэрэгслийн гэрчилгээний дугаарын хамт ашиглан хайлт хийн тухайн тээврийн хэрэгслийн ашиглалтын бүхий л мэдээллий нэг дороос, түргэн шуурхай авах боломжтой.
-Нэгж тээврийн хэрэгсэл бүрийн засварын түүх гэлээ. Үүнийг иргэд өөрсдөө оруулах уу эсвэл засварын газрууд оруулах ёстой юу?
-Тухайн тээврийн хэрэгсэлд засвар үйлчилгээ хийсэн авто үйлчилгээний байгууллага оруулах байгаа. Мэдээллээ оруулахын тулд авто үйлчилгээ эрхлэгчид манай байгууллагад хандан мэдээллийн санд нэвтрэх нэр, кодыг авснаар нэвтрэх боломжтой болно. Тээврийн хэрэгслийн засварын мэдээлэл оруулахаас гадна өөрсдийн байгууллагын хувийн хуудсыг хөгжүүлэн цахимаар захиалга авах, өөрсдийн байгууллагын мэдээллийг оруулах болон үйл ажиллагаагаа сурталчлах бүрэн боломжтой. Жолооч нар өөрийн тээврийн хэрэгсэлдээ хийгдсэн завсар үйлчилгээнийхээ мэдээллийг тухайн засварын газраар заавал оруулахыг шаардах бүрэн эрхтэй. Ингэснээр тээврийн хэрэгсэл бүрт засвар үйлчилгээний мэдээллийн түүх үүсээд явах юм.
-Бүс нутгийн байршил хамаарахгүйгээр мэдээллийн санд засварын мэдээлэл оруулах эрхийг танай байгууллагаас авч болох уу?
- Бүрэн боломжтой.
-Ямар бичиг баримт бүрдүүлэн хэрхэн хандаж эрхээ авах вэ?
-Энд нэг зүйлийг онцлон хэлэхэд иргэд та бүхэн эрх бүхий газраар ангиллаа тогтоолгосон стандартын шаардлагад үйл ажиллагаа нийцүүлэн авто үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлэх нь хамгийн зөв. Ангилал тогтоолгохыг хүсвэл autobox.mn сайтын ангилал тогтоолгох хүсэлт цэсрүү ороод холбогдох мэдээллийг бөглөн шаардлагатай материалуудыг хавсарган хүсэлтээ цахимаар илгээснээр ажлын 5 хоногт багтаан ангиллаа тогтоолгох боломжтой болох юм. Мэдээллийн санд нэвтрэх эрхийг манай байгууллагад хандан авна.
- Ярилцсанд баярлалаа.