Чингисийн өргөн чөлөө -11
1900-1234 info@transdep.mn
2019-03-13 05:54:48

МЭРГЭШСЭН ҮНЭМЛЭХТЭЙ ЖОЛООЧ НАР ОЛОН УЛСАД ТЭЭВЭРЛЭЛТ ХИЙХ ЭРХТЭЙ

“Автотээврийн Үндэсний төв” ТӨҮГ-ын Мэргэшсэн жолоочийн тасаг 2010 оноос “Автотээврийн хэрэгслийн мэргэшсэн жолоочийн шалгалт авах үнэмлэх олгох” журмыг хэрэгжүүлэн улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг аж. Мэргэшсэн жолооч  гэхээр зөвхөн том оврын буюу автобус, ачаа  тээврийн хэрэгсэл жолоодох эрх бүхий жолооч нарын  мэргэшил  дээшлүүлсэнийг хэлдэггүй. Жижиг тэрэг байсан ч такси үйлчилгээ эрхэлдэг бүхий л жолооч нар тус тасагт мэргэшсэн жолоочийн  шалгалт өгч,  үнэмлэх авах ёстой аж. Өөрөөр хэлбэл B болон С ангилалын дагуу бага оврын машин жолоодож, ашиг орлого олдог л бол мэргэшсэн байх шаардлагыг тавьдаг байна. Улсын хэмжээнд 50 орчим мянган хүн мэргэшсэн жолооч болсон талаар Мэргэшсэн жолоочийн тасгийн  дарга  Б.Баярмагнай хэллээ. 

“Нисдэг машин” худалдааны төвийн  гуравдугаар  давхарт үйл ажиллагаа явуулдаг “Автотээврийн Үндэсний төв”-ийн Мэргэшсэн жолоочийн тасагт очиход шалгалтад орох хүсэлтэй олон арван иргэдийн хөлд  дарагдсан байлаа. Өдөрт 100 орчим хүн шалгалт өгөхөд,  ердөө  40 орчим хувь нь л тэнцдэг гэлээ. Мэргэшсэн жолоочийн тасагт цахимаар шалгалтаа өгч буй хүмүүсийг  30 орчим минут ажигласнаа сийрүүллээ. 

Шалгуулагчид хэдэн онд мэргэшил дээшлүүлсэн эсэхээс хамаар ч хоёр янзын цахим шалгалт өгдөг юм байна.  Тодруулбал,  сургалтад суугаад анх удаа мэргэшсэн  жолоочийн  шалгалтад орж буй хүн 45 минутын  хугацаанд 40 асуулттай тестээр шалгалт өгнө. Харин 2008 оноос өмнө нь ангилал авсан хүн 20 асуулттай 25 минутын тестийн шалгалтыг өгөх юм. Тухайн хүн эхний шалгалтаа өгөөд тэнцээгүй тохиолдолд шалгалтын ху­раамж болох 9900 төгрөгөө төлөөд дахин шалгалт өгөх эрхтэй. Дахин унасан бол  дараагийн долоо хоногт нь шалгалтаа өгөх боломжтой аж. Шалгалтаа өгөхдөө  эрүүл  мэндийн хуудас, төлбөр  төлсөн хураамжаа авчирсан  байх шаардлагатай. Бүрдүүлэх  материалаа байцаагчид үзүү­лээд хурууны хээгээ уншуулна. Бүх  зүйл цахимжсан учир тухайн хүний мэдээлэл бүрэн гарч ирдэг байна. Тусгай кодын дагуу цахим шалгалтын тестээ нээж,  шалгалтаа өгнө. Улмаар  хурууны хээгээр баталгаажуулдаг тул хүний өмнөөс шалгалт өгнө гэх асуудал гарахгүй. Тэр дор нь  тэнцсэн тэнцээгүйгээ мэдэх боломжтой цахим  системийг нэвтрүүлжээ. 21 аймагт ч мэр­гэшсэн жолоочийн  үнэм­лэх авах, шалгагдах үйл явц адилхан. Шалгалтын материал сүлжээгээр ирж,  тэнцсэн иргэдийн  үнэм­лэхийг шуудангаар ил­гээ­дэг гэлээ. 

Мэргэшсэн жолоочийн тасагт шалгалт өгөөд  гарч буй  О.Хангайтай цахим шалгалтын талаарх сэтгэгдэлийг нь сонслоо. 

-Ямар  ангилалаар  шал­галт өгсөн бэ, тэнцсэн үү?
-Автобус барих учраас Д ангилалаар шалгалт өглөө. Тэнцэж чадсангүй. Их хэцүү юм байна.
-Юу нь хэцүү байна? 
-Нийт 40 асуултнаас 12 алдсан байна. Ном,  гарын авлагаа сайн уншиж амжаагүй болохоор мэдлэг дутсан байх. Хот хоорондын автобусны талаарх тестүүд ирсэн. 
-Дахин шалгалт өгөх үү?
-Тэнцэтлээ өгнө дөө. 

Жолооч нар өөрт ойрхон,  итгэмжлэгдсэн  авто сур­гуулиудад хандаж, сургал­тад 168 цаг буюу 21 өдөр хамрагдах боломжтой. Харин шалгалтаа тухайн тасагт ирж өгдөг.  Сургалтын  зардалын  тухайд  нэг  башгид  зориулсан цалин болоод ангилал дарахад 180 орчим мянган төгрөг болдог. 21 хоногоо хуваахад нэг хүнд 7000 орчим  төгрөг зарцуулсан байдаг гэв. Шалгалтын хураамж 9900 төгрөг төлнө. Улмаар  шалгалтандаа тэнцсэн тохиол­долд үнэмлэхний үнэ 12500 төгрөг, тэмдэгтийн хураамжид 1000 төгрөг төлнө. Ингээд нийтдээ 23400 төгрөг төлөх аж. Мэргэшсэн жолооч болсноор автотээврийн сал­барт мөрддөг 65:95 гэсэн стандартын шаардлагыг хан­гаж байна. Нөгөө талаас ажлын байраар бүрэн хангахаас гадна, ур чадвартай болдог. АНУ, Австрали, БНСУ-ууд бүгд л энэ  жишгээр сургалт явуулж, шалгалт авдаг тухай ярьж байлаа.  

Тестийн хувьд бүх ангил­лууд тусдаа учир шалгал­тандаа бэлтгэх, шалгалтаа өгөхөд тун ойлгомжтой байх аж. Шалгалтын хувьд  жолооч нарт нийцсэн байхаас гадна, тест,  гарын  авалга бэлтгэсэн байдаг. Шалгалтын тестед авто тээврийн салбарт мөрдөгдөж буй хууль, стандарт, дүрэм журам,  иргэний хууль, эрүүгийн хууль,  даатгалын хуулиуд багтдаг. Мэдээж эдгээрийг багцалсан гарын авалга,  тест,  гар утасны аппликейшнийг гаргажээ. Тиймээс жолооч нар шалгалтын  өмнө сайн  уншиж байж цахим тестээ өгөхийг тус тасгаас сануулсан юм. 

“Автотээврийн Үндэсний төв”-ийн Мэргэшсэн жолоо­чийн шалгалт хариуцсан мэргэжилтэн Ч.Болд хэлэх­дээ “Замын цагдаа, авто сургуулиуд машин барихад ямар чадвар эзэмшсэн  байх ёстойг зааж, лицензийн төв машин  жолоодох эрхийг  олгодог. Харин мэргэшсэн жолооч болсоноор илүү  нарийн зүйлүүдийг мэдэх ёстой. Шатахуун ачиж яваа жолооч машиндаа тамхи татахгүй байх, өвс ачиж яваа том оврын машин цахилгааны шугам доогуур гарахгүй байх,  олон  хүн  тээвэрлэж яваа автобус хүчтэй тормос гишгэхгүй байх зэрэг наад захын тээвэрлэлтийн горимоо чандлан  биелүүлдэг  байх чадварыг суулгах зорилготой юм. Нэг талаас энэ нь  чадвар боловч,  нөгөө талаас жолоочийн үүрэг хариуцлага давхар  яригдах ёстой. Мөн шалгалтаа өгөхөд жолооны үнэмлэх, иргэний үнэмлэхний үсэг тоо бүр ижилхэн байна. Тухайлбал нэг  үсэг зөрүүтэй бол  шалгалт өгөх боломжгүй. Хүмүүс үүнийг анзаардаггүй.  Замын цагдаагийн газарт очиж засуулаад, шалгалтандаа ордог. Засахгүй бол хурууны хээ танихгүй учир, программ нээгдэхгүй гэсэн үг” хэмээн ярилаа.  

Компютертэй ажиллаж чадахгүй иргэд байвал  тухайн  сургалтын төвүүдэд  анхан шатны мэдлэгтэй болох боломжтой аж. Улсын хэмжээнд 44 аж ахуй нэгж, авто сургуулиад мэргэшсэн жолооч бэлтгэх сургалт  явуулж байна. Үүнээс 10 гаруй нь нийслэлд  үйл ажиллагаа явуулдаг аж. “Жолооч нар цаг,  зав гаргаад үзэж судлах ёстой хичээлээ сайн судалвал шалгалтанд олон дахин унахгүй. Уг нь мэргэш­сэн жолоочийн сургалт эрчим­тэй явагдаж байгаа. Өөрсдөө л хичээх хэрэгтэй. Манайх онолын болон, дадлагажуулах  сургалтыг  тухайн  тухайн ангиллын  тээврийн хэрэгсэлд тулгуурлан  заадаг” гэдгийг “Дашийдэлэг” авто сургуулийн захирал Ц.Даваажав ярилаа. 

Сүүлийн үед цахим сүл­жээгээр “Мэргэшсэн жолооны үнэмлэх гаргаж өгнө” гэсэн мэдээлэл бүхий зар иргэдийн дунд тархаж байгаа нь мэргэшсэн жолоочийн шалгалт авах, үнэмлэх олгох журмаас гадуур хууль бус үйлдэл гэдгийг тэд хэлж байлаа.

Автотээврийн тухай хуулинд тээвэрлэлтийн ажил, үйл­чилгээг тухайн ангиллын тээврийн хэрэгслийн мэр­гэш­сэн жолооч гүйцэт­гэх ёстойг заасан байдаг бө­гөөд “Автотээврийн үн­дэс­ний төв” ТӨҮГ-ын Мэр­гэш­сэн жолоочийн тасаг энэхүү хэрэгжилтийг хан­ган тээврийн хэрэгслийн мэргэшсэн жолоочийн үнэм­лэхийг журмын дагуу олгодог. Мэргэшсэн жолоо­чийн сургалтыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас олгосон тусгай зөвшөөрөлтэй сургалтын байгууллагууд эрхлэн зохион байгуулдаг тул иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд энэ төрлийн залилангийн гэмт хэрэгт өртөж, хохирогч болохоос сэрэмжлүүллээ. 

Хууль бусаар үнэмлэх гаргах талаар мэдээлэл гаргагч, зар тараасан этгээдүүд Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын нэр хүндэд халдаж байгаа учир холбогдох хууль, хяналтын байгууллагаар зохих арга хэмжээг авахуулахаар хандсан байна. 

Мэргэшсэн жолооч нь хөдөл­мөрийн гэрээгээрээ тохирч цалингийн 10 хувийн нэмэгдэл авдаг. Гадаад хэл болон эрүүл мэндийн мэдлэгийг сургал­таар танхимын хичээлээр  өгөх шаардлагатай юм. Эдгээр мэдлэгийг заавал  эзэмшсэн байх ёстой хэмээн шалгуур үзүүлэлтэд  тусгажээ.  Мэр­гэшсэн  жолоочийн үнэмлэхгүй мөртлөө хүн тээвэрлэвэл замын цагдаа болон авто тээврийн улсын байцаагч нар эрх үүргийн  дагуу  зөрчилд арга хэмжээ авдаг. Замын цагдаагийн газраас оноо хасч,  бичиг  баримтын  бүртэл  дутуу гэдэг журмаар  арга хэмжээ авна. Автотээврийн  хяналтын улсын байцаагч нар автотээврийн  тухай хуулиар иргэн 30 мянга, Аж ахуй нэгжэд 250 мянган төгрөгийн торгууль ногдуулдаг гэв. 

Дуудлага худалдаа эхлэхийг та
мэдсэн үү?

УЕА шинэ серийн 387 онцлог дугаарын дуудлага худалдаа 4 сарын 18-наас 5 сарын 12 хүртэл ажлын 19 хоногийн турш үргэлжилнэ.