“ХЯНАЛТЫН ТӨВ”-ИЙН НЭГ ӨДӨР
Хот хоорондын зорчигч тээврээр үйлчүүлж буй иргэд жилээс жилд нэмэгдэж байгаа гэх тоон мэдээлэл бий. Иргэд баталгаатай, тав тухтай тээврийн хэрэгслээр үйлчлүүлэх хүсэлтэй байдаг. Хөдөө орон нутгийг зорих иргэд тасалбар авах гэж урт цуваа үүсгэдэг байсан. Үүнийг цахим хэлбэрт шилжүүлсэнээр интернэттэй үед хаанаас ч, хэзээ ч тухайн зорчих чиглэлийнхээ тасалбарыг захиалах боломжтойгоос гадна зорчигчид даатгалд хамрагддаг болсон билээ. Хот хоорондын зорчигч тээврийн аж ахуйн нэгж компаниуд “Авто тээврийн үндэсний төв”-тэй хамтарч ажилладаг. Энэхүү төв нь хот хоорондын зорчигчдын аюулгүй байдал, тав тух зэргийг нэн тэргүүнд хангаж ажиллахаар зорьж ажилладаг.
Бид “Авто тээврийн үндэсний төв”-ийн нэг өдрийн үйл ажиллагааг сурвалжлахаар тус газрыг зорилоо. Авто тээврийн үндэсний төв нь үндсэн хэд хэдэн үйл ажиллагаа явуулдаг. Үүний нэгээхэн чухал хэсэг болох улс, хот хоорондын зорчигч тээврийн үйл ажиллагааг хянан ажилладаг “Хяналтын төв” юм. Хяналтын төвийн өрөөний нэг хананд тэр чигтээ том дэлгэц байрлуулжээ. Тэрхүү том дэлгэцийн зүүн талд цаг агаарын мэдээ, 21 аймгаар зорчиж буй тээврийн хэрэгслүүдийн дугаар, марк, хаана, хэдэн км/цаг хурдтай явж байгааг цаг, минут, секундээр хэмжиж байгааг харуулж байв. Харин нөгөө хэсэгт нь Авто тээврийн үндэсний төвийн салбар байгууллагуудын үйл ажиллагаа нэвт шувт харагдаж байна. Уг төвийн гурван салбарт байрлах тасалбар түгээгчийн ард камер байршуулсан нь тухайн ажилтан ажил дээрээ интернэт, фэйсбүүк үзээд суух боломжгүйг илтгэж байв. Иргэдийн дунд Төрийн албаныхан ажлын цагаараа интернэт ухаад ажлаа хийдэггүй гэх шүүмжлэл байдаг. Тэгвэл энэ талаарх яриаг Авто тээврийн үндэсний төв бүрэн шийдсэн нь олзуурхууштай санагдаж байлаа. Хажууханд байн байн утас дугарах нь Авто тээврийн үндэсний төвийн лавлах энд ажилладаг юм байна. Гурван оператор завсар чөлөөгүй утсаар хүмүүст мэдээлэл өгч байлаа. Сонсоод байх нь ээ, ихэнх хүмүүс машинаа гаргах гэсэн боловч тээврийн хэрэгсэл таглаад зогсчихсон, утасны дугаар нь байдаггүй. Холбогдоод өгөөч гэж байв. Лавлахын операторууд хувь хүний нууцтай холбоотой мэдээллийг өгөхгүйгээр, тухайн автомашины марк, дугаараар хайн өөрсдөө холбогдож асуудлыг шийдэж өгдөг аж. Бүр билет бичүүлэх гэсэн юм. Дараалал хэр байгааг ч асууж байх жишээтэй. Тэд камераа хараад л хэдхэн секундын дотор хариулт өгч байв. Хамгийн их ирдэг дуудлага нь машин таглаж зогссон дуудлага байдгийг тэд хэлж байв. Энэ төвийн операторууд ажлын өдрүүдэд 07-22 цаг хүртэл, амралтын өдрүүдэд 08-20 цагийн хооронд ажилладаг байна. Өдөрт 1300-1500 дуудлага авдаг. Авто тээвэртэй холбоотой бүх мэдээллийг олгодог. Дэлгэц дээр байрлах өнгүүд өөр өөр утгыг илтгэх ажээ. Сүлжээгүй болж байгааг шар өнгөөр, авто вокзалаас хөдлөх гэж байгааг ногоон өнгөөр 70-80 км хурдтай явж байвал ягаан өнгөөр, 90 км-ээс дээш хурдтай явж байвал дэлгэцийн өмнө цонх үүсч улаан өнгөөр тэмдэглэгдэн гарч ирдэг байна.
Тээврийн хэрэгсэл сүлжээгүй 3-4 цаг тасарсан ч өөрийнхөө мэдээллийг хадгалж, сүлжээ ороход нөхөн мэдээлдэг аж.
Б.Мөнхчулуун: АВТОЗАМ ДАГУУХЦАГ АГААРЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫГ ТОДОРХОЙ ХАРУУЛДАГ
"Манай төв 2014 оноос эхлэн 24 цагийн турш үйл ажиллагаа явуулан ажиллаж байгаа юм. Дунджаар давхарлагдсан тоогоор 300-400 тээврийн хэрэгсэл хот хооронд үйлчилгээ үзүүлдэг. Үүнээс 30-40 гаруй нь тээврийн хэрэгсэл шөнийн цагаар дамнаж зорчдог холын тээвэр болох Баянхонгор, Увс, Ховд, Баян-Өлгий зэрэг аймгуудыг хянадаг. Манайхаас хоёр мэргэжилтэн 24 цагийн турш ажиллаж, аливаа асуудал үүсэхээс урьдчилан сэргийлж байнгын сонор сэрэмжтэй харилцаа холбоотой ажилладаг. Мөн тухайн тээврийн хэрэгсэл хурд хэтрүүлэх, зогсоолын бус газар удаан зогсох, мэдээлэл дамжуулахгүй удах зэрэг нь хяналтын программ дээр шууд мэдээлэгддэг. Тухайн тээврийн хэрэгслийн талаарх бүхий л мэдээ мэдээллийг энэ дэлгэцээс харчихдаг. Ямар нэг асуудал үүсэхэд цаг тухайд нь аж ахуйн нэгж байгууллагууд, зам дундын пост, орон нутгийн авто тээрийн төвүүдтэй холбогдон шаардлагатай арга хэмжээг авдаг. Өвөл, зуны үед цаг агаарын хүндрэлтэй нөхцөл байдал үүсдэг. Гэлээ гэхэд манай шуурхай бүлэг цаг алдалгүй арга хэмжээ авч ажилласаар ирсэн. Тухайн тээврийн хэрэгслүүд цаашаа явах боломжгүй болоход түүнтэй ойр орших хот суурин газарт зорчигчдыг байршуулах, воган руу шилжүүлэх зэрэг арга хэмжээ авдаг. Хөдөө орон нутгийн цаг агаарын мэдээллийг ЦУОШГ-тай гэрээ хийн зөвхөн авто зам дагуух цаг агаарын нөхцөл байдлын талаар мэдээлэл авдаг. Ингэснээр тухайн чиглэлд гарах тээврийн хэрэгслийн аж ахуйн нэгж байгууллагад урьдчилан мэдэгддэг" гэж тус төвийн ахлах мэргэжилтэн Б.Мөнхчулуун ярилаа.
Биднийг ийн төвтэй танилцаж байх хооронд цаг агаарын байдлаас шалтгаалж Өвөрхангай аймагт цасан шуургатай, үзэгдэх орчин хязгаарлагдмал, тээврийн хэрэгсэл удаашралтай оролцож байв. Гэхдээ тухайн цэгт зорчигч тээврийн хэрэгслээс зорчиж байгаа хэрэгсэл байхгүй хэмээн мэдээлэл ирснийг нэг ажилтан дуулгалаа. Зорчигч тээврийн хэрэгсэл тэр нутгаар зорчоогүй байсан ч энэ албаныхан бүхий л мэдээ мэдээллийг цаг алдалгүй хоорондоо болон даргадаа уламжилж байв. Цаг агаарын мэдээллийг маш түргэн шуурхай хүлээн авч, нарийн төлөвлөгөө, харилцаа холбоо, нягт уялдаатай ажиллаж байлаа. Авто тээврийн үндэсний төв 21 аймагт салбар төвтэй. Цаг алдалгүй мэдээллийг авч холбогдох газруудад дамжуулж, шаардлагатай арга хэмжээг тухай бүрт нь авч ажилладаг юм байна. Энэ төвийн том хянах самбараас гадна хамтран ажилладаг 60 гаруй аж ахуйн нэгж, дамжин өнгөрөх аймаг сумдын хяналтын төвүүд иргэдийн аюулгүй байдал, зорчигч тээврийн хэрэгслийн талаар мэдээллийг гурван давхар хянадаг байна.
АТҮТ-ийн Хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга К.Айдостой ярилцлаа.
-“Авто тээврийн үндэсний төв’-ийн "Хяналтын төв"-ийн үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш олон шинэ үйлчилгээ нэвтэрсэн. Орон нутгаас гадна улс хоорондын тээвэр үйлчилгээ байдаг уу?
-Манай хэлтэс гурван чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Улаан-Үүд, Эрээн Астана, Манжуур зэрэг улс хооронд тээвэрлэлт гүйцэтгэж байна. Мөн хот хооронд 76 чиглэлийн 63 аж ахуйн нэгж байгууллагын мэргэжлийн байгууллагатай гэрээ байгуулж, тээвэрлэлт хийдэг. Өдөрт доод тал нь 3500-5000 зорчигч улс, хот хооронд зорчдог. Баяр ёслолын үеэр энэ тоо 10000-15000 хүрэх тохиолдол бий. Энэ үеэр нэмэлт тээврийн хэрэгслүүд гаргадаг. Хамгийн түрүүнд зорчигчдыг тав тухтай, шуурхай хүргэхэд анхаарч ажилладаг. Замын хөдөлгөөний дүрэмд хүн тээвэрлэж яваа тээвэр орон нутгийн замд 70 км, хот дотор 50 км хурдтай явж байх ёстой. Зөвхөн машины хурдаас гадна байршил, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх шуурхай удирдлагын төв ажиллан мэдээлэл дамжуулдаг. Цаг агаарын нөхцөл байдал хүндэрч зорчигч тээвэрт ямар нэгэн асуудал гарч болзошгүй тохиолдолд урьдчилан мэдээ дамжуулан тээвэрлэлтэд анхаарах, бэлэн байдалд шилжих зөвлөмж хүргүүлдэг. Ямар нэгэн байдлаар тээврийн хэрэгсэлд гэмтэл гарвал шуурхай арга хэмжээ авдаг. Тухайн зорчигчдыг өөр тээврийн хэрэгсэл рүү шилжүүлэх суулгах арга хэмжээ авдаг. Шилжүүлэх боломжгүй гэж үзвэл тухайн аж ахуйн нэгжүүд гэрээнийхээ дагуу тухайн зорчигчдыг зочид буудалд байршуулах зардлыг гаргана. Энэ төлбөрийг даатгалын байгууллагаас буцаад авах боломжтой.
-Зорчигчид хувийн машинаар явах тохиолдлууд их байдаг. Энэ нь хууль ёсны тээвэрлэлт эрхэлж байгаагаас юугаараа ялгаатай вэ?
-Тэдгээр хувийн машин тэрэг гэрээний бус, хууль бус тээвэрлэлт юм. Зорчигчид тасалбар худалдаж авч байна гэдэг хууль ёсны байгууллагаар үйлчлүүлж байна гэж ойлгох хэрэгтэй. Албан ёсны үйл ажиллагаа эрхэлж байгаа тээврийн хэрэгслээр зорчиж байгаа үед даатгалд хамрагддаг нь том давуу тал болдог. Даатгалын төлбөр зайнаасаа хамаарч 100-1000 төгрөгийн хооронд байдаг.
-Сүүлийн үед тээврийн хэрэгслээр зорчих тоо нэмэгдэж байгаа. Танай төв энэ жилийн хувьд ямар ажлууд хийхээр төлөвлөж байна вэ?
-Сүүлийн гурван жилийн хугацаанд хот хоорондын зорчигчид 9-14 хувийн өсөлттэй гарсан. Энэ нь жил бүр гэрээтэй тээврийн хэрэгслээр зорчих хандлага өсч байна гэсэн үг. Өнгөрсөн жил авто тээврийг менежмэнттэй жил болгохоор зарласан. Энэ ажлын хүрээнд менежмэнтийг сайжруулах, зорчигчдод үйлчлэх үйлчилгээг сайжруулах гэсэн хоёр үндсэн тулгуур дээр анхаарч ажилласан. Нэгдүгээрт, цахим тасалбар захиалах үйл ажиллагааг идэвхжүүллээ. Иргэдийн хамгийн их үйлчилгээ авдаг бүсүүдэд ТҮЦ машинууд байршууллаа. Заавал хол газраас тасалбар бичүүлэх шаардлагагүй болсон. Сумдад гар утасны апп-аар тасалбар бичих боломжтой болгосон. Саяхнаас төрийн байгууллагын хяналтаас гадна иргэдийн өөрсдийн хяналтыг сайжруулах үүднээс тээврийн хэрэгслүүдэд санамж байрлуулсан. Мөн утас ажиллуулан мессэж хүлээж авах юм. Тухайн тээврийн үйлчилгээтэй санал, гомдлыг шуурхай мэдээллэх боломжтой. Өөрөөр хэлбэл, иргэдийн хяналтыг давхар бий болгож байгаа юм. Иргэд өөрсдийн тав тух, аюулгүй байдлыг хянадаг байя гэх үүднээс 24 цагаар санал гомдол хүлээн авч байна. 2019 оныг авто тээврийн ухаалаг систем хөгжүүлэх, нэвтрүүлэхэд түлхүү анхаарч ажиллах зорилттой. Зорчигч тээврээс гадна техник хяналтын үзлэг, тээврийн хэрэгслийн бүртгэл авто үйлчилгээний байгууллагуудын ангилал тогтоох зэрэгт иргэдэд илүү ойр ухаалаг байдлаар ажлуудаа өрнүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Дотор хяналтын скайнер буюу жолоочийн ядралтыг тодорхойлдог багаж байршуулах, техник нэвтрүүлэх талаар судалж байна.
Олон улсын стандартын шаардлага хангасан техникүүдийг нэвтрүүлэх, хөрөнгө оруулалтыг авах талаар судалж байна. Жолоочийн нүд анилдахад тээврийн хэрэгсэл дохио өгдөг байх жишээтэй. Улам ухаалаг, зорчигчдын аюулгүй байдлыг хангах тал дээр анхаарч ажиллаж байна. Бидний хувьд үйлчлүүлэгч, зорчигчдын амь наснаас илүү чухал зүйл байхгүй шүү дээ. Мөн аж ахуйн нэгжүүдийн зүгээс VIP үйлчилгээ үзүүлэх сонирхолтой байдаг. Үнийн хувьд зөрүүтэй байж болно. Энэ нь зорчигчдод илүү тав тухтай орчинг бүрдүүлэх юм.
Энэ тал дээр үйлчилгээ нэвтрүүлэхээр ажиллаж байна. Манайх жуулчдыг давхар хариуцаж аялалыг зохицуулдаг. Тодорхой ажлын маршрут гаргаад жуулчин тээвэрлэлтийн үйл ажиллагааг хянаж, зохицуулдаг тоо. Жуулчдад үйлчилж байгаа жолоочдод нэгдсэн сургалт зохион байгуулсан.
-Танай зүгээс хяналтыг маш өндөр түвшинд явуулдаг юм байна. Авто тээвэр мэргэжлийн хяналтын газрын байцаагчид зөрчилтэй холбоотой арга хэмжээ авч, зөрчлийг илрүүлдэг. Энэ тал дээр хүмүүсийн дийлэнх нь торгодог гэж ойлгодог талтай?
-Хамгийн түрүүнд урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд анхаардаг. 24 цагийн турш эндээс хараад хурд хэтэрсэн үед тухайн постууд руу мэдээлэл дамжуулдаг. Анхааруулах сануулах үйл ажиллагааг зохион байгуулдаг гэсэн үг. Бид торгуулийг нэгдүгээрт чухалчилж үздэггүй. Торгосноор тухайн жолоочийн ухамсарт суух уу, үгүй юу гэдэг асуудал байна шүү дээ.
"ӨДРИЙН СОНИН"