АВТО ТЭЭВРИЙН БҮРТГЭЛ, УЛСЫН ДУГААР ОЛГОХ ЖУРМЫГ ШИНЭЧЛЭХ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ
“Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-аас өнөөдөр Авто тээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журмын хэрэгжилт, шинэчлэх үндэслэл хийгээд албан хаагчдын авилгын эрсдэлийг бууруулах чиглэлээр хэлэлцүүлгийг энэ сарын 05-ны өдөр зохион байгууллаа.
Тус хэлэлцүүлгийг Зам, тээврийн хөгжлийн яам, Авилгатай тэмцэх газар хамтран зохион байгуулсан бөгөөд Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Тээврийн цагдаагийн газар, Улсын дугаар үйлдвэрлэгчдийн холбоо ГҮТББ, Албан журмын даатгалын холбоо тэргүүтэй төрийн болон төрийн бус байгууллагуудын албан хаагчид, иргэдийн төлөөлөл оролцсон юм. Энэ удаагийн хэлэлцүүлгээр иргэдэд авто тээврийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох үйлчилгээ үзүүлэхэд гарч буй хүндрэл бэрхшээл болон энэхүү үйлчилгээг чирэгдэлгүй хүргэхэд одоо хэрэгжиж буй журмын заалтуудад ямар зохицуулалт хийж болох талаар хэлэлцсэн юм. Мөн азын дугаар авах иргэдийн хүсэл сонирхлоос үүдэн гарч болох албан хаагчдын авилгын эрсдэлийг хэрхэн бууруулах талаар Авилгатай тэмцэх газраас мэдээлэл хийсэн юм.