Чингисийн өргөн чөлөө -11
1900-1234 info@transdep.mn
2019-05-06 02:32:24

ЗАВХАН АЙМАГ ШИНЭ АВТОБУУДАЛ, ОНОШЛОГООНЫ ТӨВТЭЙ БОЛНО

 

Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас иргэдийн тав тухтай байдлыг хангахуйц АВТОТЭЭВРИЙН ТӨВ-үүдийг Архангай, Хэнтий, Дорноговь зэрэг аймгуудад ашиглалтад оруулж, стандартын шаардлага хангасан орчинд зорчигч тээврийн үйл ажиллагаа явуулж байгаа билээ. Тэгвэл өнгөрсөн амралтын өдрүүдэд АТҮТ-ийн захирал П.Дэлгэрнаран, аймгийн Засаг дарга Д.Батсайхан болон албаны бусад хүмүүс Завхан аймагт шинээр баригдах Авто вокзал, оношлогооны төвийн барилгын шавыг тавьлаа. Тус аймагт сүүлийн 2-3 жилд нийтийн тээврийн салбар эрчимтэй өргөжиж байгаа бөгөөд хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээг төвлөрсөн, нэгдсэн зогсоол, авто вокзал, оношлогооны нэгдсэн төвөөр иргэдэд тав тухтай үйлчилгээ үзүүлэх шаардлага зайлшгүй тулгамдаж байжээ.

АТҮТ-ийн захирал П.Дэлгэрнаран арга хэмжээний үеэр “Завхан аймаг авто тээврийн үйлчилгээний барилгагүй байсан бөгөөд орон нутгийн удирдлагуудын дэмжлэгтэйгээр, иргэдийн тав тухтай байдлыг хангахыг төлөө автомашины оношлогооны төв, авто тээврийн вокзал, захиргааны хэсэгтэйгээр хамтад нь төлөвлөн 1.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барихаар шав тавьж байна. Энэ барилга ашиглалтад оруулснаар орон нутгийн иргэдийн ая тухтай, аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлж, зорчигч тээврийн үйлчилгээг сайжруулах, цагийн хуваарын дагуу явуулах зэргээр стандартад нийцсэн үйлчилгээг үзүүлнэ. Цаашид өргөтгөл хийх, авто зогсоолыг нэмж барих ажлыг шат дараатайгаар үргэлжүүлэн хийнэ” гэлээ.

Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхан “Энэ барилга баригдсанаар манай үе үеийн тээвэрчид очих газартай, уулзах цэгтэй болж буйгаараа давхар ач холбогдолтой. Орон нутгийн зүгээс хамгийн тохиромжтой, хамгийн байршил сайтай газрыг сонгож авто вокзал, оношлогооны төв бариулахаар олгосон” гээд аймгийн иргэдийн ая тухтай зорчих байдлыг хангахын төлөө хөрөнгө оруулалт хийж байгаа АТҮТ-ийн хамт олон, удирдлагуудад талархаж байгаагаа илэрхийлэв.

Авто вокзал, оношлогооны төвийн барилгыг “Хөх хайрхан трейд” компани барихаар шалгарсан бөгөөд ирэх аравдугаар сарын 01 гэхэд ашиглалтад оруулах юм. Тус барилга нь 337.3м2 талбайтай, гадна талбай  1000 м2, гадна зам талбайн тохижилт, гадна гэрэлтүүлэг, авто зогсоол, ногоон байгууламж, гадна хашаа, автобусны зогсоолын саравч барьж байгуулах зэрэг ажлууд тусгагджээ. Оношлогооны заал, хүлээлгийн танхим, Касс, Диспетчер, кафе, эх хүүхдийн өрөө, эмчийн өрөө, ажилчид, үйлчлүүлэгчдийн ариун цэврийн өрөө зэргийг багтаасан МУ-ын MNS 50:44 2010, MNS 63:00 2011 автовокзалын стандартыг хангасан байхаар төлөвлөгджээ. Завхан аймгийн автотээврийн төв нь өөрийн автовокзал, техникийн хяналтын үзлэгийн төвийн барилгагүй бөгөөд одоогоор түрээсийн байранд үйл ажиллагаа явуулдаг. Жилд дунджаар 35.4 мянган зорчигчид үйлчлэх автовокзал, 9.7 мянган тээврийн хэрэгсэлд үзлэг хийх төв байгуулагдах аж.

Дуудлага худалдаа эхлэхийг та
мэдсэн үү?

УЕА шинэ серийн 387 онцлог дугаарын дуудлага худалдаа 4 сарын 18-наас 5 сарын 12 хүртэл ажлын 19 хоногийн турш үргэлжилнэ.