УЛСЫН ХЭМЖЭЭНД 350 ГАРУЙ МЯНГАН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ТЕХНИКИЙН ХЯНАЛТЫН ҮЗЛЭГТ ХАМРАГДЛАА
Автотээврийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-т “Автотээврийн хэрэгслийн хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд нөлөө үзүүлэх сөрөг хүчин зүйлсийн зөвшөөрөгдөх хэмжээний түвшин, тээвэрлэлтийн болон техник ашиглалтын шаардлагыг хангасан байдалд жилийн турш техникийн хяналт хийж гэрчилгээ олгоно” гэсэн нь бүх тээврийн хэрэгсэл техникийн хувьд бүрэн байдлыг хангаж замын хөдөлгөөнд оролцох ёстой болохыг хуульчилж өгсөн байдаг. “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-т 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд 358,430 тээврийн хэрэгсэл техникийн хяналтын үзлэгт хамрагдсанаас 13,511 тээврийн хэрэгсэл тэнцээгүй байна. Үүнээс:
- Өнгө үзэмж, ерөнхий байдлын үзүүлэлтээр - 8,258
- Жолооны механизмаар - 3,666
- Гэрэлтүүлэх хэрэгслийн зөрчилтэй - 3,438
- Тоормосны системээр - 2,628
- Экологийн үзүүлэлтээр – 1,113 тээврийн хэрэгсэл тус тус давхардсан тоогоор тэнцээгүй байна.
Эдгээр тээврийн хэрэгслүүдэд 1 сар хүртлэх хугацаанд гэмтэл, эвдрэлээ засварлаж дахин техникийн хяналтын үзлэгт орох, гэмтэл, эвдрэлээ засварлах хугацаанд замын хөдөлгөөнд оролцохгүй байх зөвлөмж өгч ажиллалаа.
Тээврийн хэрэгслүүдийн техникийн хяналтын үзлэгт орох хугацаандаа ороогүй, орсон боловч стандартын шаардлага хангаагүй бол хөдөлгөөнд оролцуулахгүй байх арга хэмжээ авч ажиллаж байна. Стандартын шаардлага хангаагүй бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцвол Автотээврийн хяналтын улсын байцаагч, Замын хөдөлгөөний удирдлагын төв болон Тээврийн цагдаагийн албанаас Зөрчлийн тухай хуулийн дагуу торгууль ногдуулна.
Эрхэм жолооч та бүхэн техник хэрэгслийн бүрэн бүтэн байдлаа хангаж, хөдөлгөөндөө аюулгүй оролцоно уу!