“Авто замаар олон улсын ачаа, зорчигч тээвэрлэх тухай” Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Литва Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт 2 тал гарын үсэг зурлаа
Монгол Улс 1993 оноос эхлэн “Олон улсын автотээврийн харилцааны тухай” Засгийн газар хоорондын хэлэлцээрийг ОХУ, БНХАУ, Казахстан, Украйн, БНАСАУ, Турк, Кыргиз, Беларус улсуудтай, 2014 онд Латви улстай, 2019 оны 1 дүгээр сард Унгар Улстай тус тус байгуулаад байна.
Тус яамны зүгээс олон улсын хэмжээнд автотээврийн салбарын үйл ажиллагааг хөгжүүлэх, худалдаа тээврийг хөнгөвчлөх, хил, гаалийн хяналтын үйл ажиллагааг хялбаршуулах, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр ихээхэн анхаарал хандуулан ажиллаж байна.
Энэ ажлын хүрээнд 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Литва Улсын Вильнюс хотноо “Авто замаар олон улсын ачаа, зорчигч тээвэрлэх тухай” Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Литва Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт хоёр тал гарын үсэг зурлаа.
Монголын талаас уг хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Монгол Улсын Ерөнхий сайдын 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 66 дугаар захирамжаар Зам тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболдод олгосон болно.
Хэлэлцээрт гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд Монголын талаас Монгол Улсаас Польш Улсад суугаа элчин сайдын яамны албаны хүмүүс болон Зам тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, газрын дарга Г.Гантулга, ахлах мэргэжилтэн Б.Нямдаваа нар оролцлоо.
Литвийн талаас тус улсын Тээврийн аюулгүй байдлын удирдах газрын дэд захирал Justas Rašomavičius болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.
“Авто замаар олон улсын ачаа, зорчигч тээвэрлэх тухай” Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Литва Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн үндсэн зарчим нь хөрш зэргэлдээ болон Европын орнуудын худалдаа, тээвэр, эдийн засгийн харилцааг хөгжүүлэх, худалдаа тээврийг хөнгөвчлөх, тээврийн төрлүүдийн харилцан уялдааг хангах, автотээврийн салбарын хамтын ажиллагааг дэмжих, автотээврийн салбарын үйл ажиллагаанд хамааралтай олон улсын байгууллагын стандарт, зөвлөмжийг хоёр тал нэгдсэн зохицуулалттай хэрэгжүүлэх эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлэх явдал юм.