Б.ГҮРСОРОНЗОН: УЛС ХООРОНДЫН АЧАА ТЭЭВЭРЛЭГЧИД АЖ АХУЙН СИСТЕМЭЭР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА
Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын удирдлагууд хилийн боомтуудад улс хоорондын ачаа тээвэрлэлт гүйцэтгэж буй 250 гаруй аж ахуй нэгжийн төлөөллүүдтэй уулзалт хийлээ. Тус уулзалтын үеэр Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтод нүүрс тээвэрлэж буй тээврийн хэрэгслүүдэд техникийн хяналтын үзлэг, улсын дугаарын давхардал, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, арлын дугаар зэрэгт хяналт шалгалт хийсэн тайлан мэдээг танилцуулав. Мөн тус шалгалтаар шугам замын шалгалт хийж, тээврийн хэрэгслийн эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилтэй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх арга хэмжээг холбогдох багууллагуудтай хамтран хэрэгжүүлсэн талаараа танилцуулж, үүрэг чиглэл өглөө.
Мөн энэхүү уулзалтын хүрээнд улс хоорондын ачаа тээвэрлэгч мэргэшсэн жолоочид тавигдах шаардлага, үнэмлэх олгох үйл ажиллагааны талаар танилцуулав.
Түүнчлэн Монгол Улсын хэмжээнд улс хооронд, хот хооронд, орон нутгийн зорчигч болон ачаа тээврийн үйл ажиллагааг зохицуулан зохион байгуулах, төлөвлөх, тээвэрлэгч байгууллагуудын бүртгэл хөтлөх, улс хооронд зорчих зөвшөөрлийн бичиг олгох, тээвэрлэлтийн статистик мэдээллийг нэгтгэх зорилгоор “Тээврийн нэгдсэн систем” болон зөвшөөрлийн бичиг олгох журмын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
Уулзалтын үеэр үйлдвэрийн газрын захирал Б.Гүрсоронзон “Хилийн боомтуудад жолооч нарын болон тээврийн хэрэгслийн кэмпүүд хангалтгүй байна. Тиймээс аж ахуй нэгжүүд жолоочийн ажил амралтын дэглэмийг чанд мөрдүүлж, амрах байр болон тээврийн хэрэгслийн засвар үйлчилгээний байр барихад хөрөнгө оруулалтаа хийхэд анхаарах хэрэгтэй байна. Мөн Зам тээврийн хөгжлийн сайдын 153-р тушаалаар батласан Автотээврийн ажил үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгж, байгууллагын инженер, техникийн ажилтны орон тооны жишиг нормативыг тооцох аргачлалын хүрээнд мэргэжлийн боловсон хүчний хэрэгцээгээ тодорхойлж, аж ахуйн системээр үйл ажиллагаа явуулах шаардлагатай” хэмээн онцоллоо.